Аль ч салбарт “Чи одоохондоо залуу байна. Чамд туршлага хэрэгтэй” гэх муйхарлал чадварлаг, мэргэшсэн залууст тэгш боломж олгож байгаагүй. Мөн яагаад ч юм, залуу хүний энгэрт алдрын од гялалзахад нийтээр нэг л дургүй. Ийм л хандлагаас үүдсэн үү, залууст халгаатай хааны алба хэмээн төрийн албыг “томъёолдог”. Ийм ойлголт дэврэх тусам мэдлэгтэй залуу үе төрийн жинхэнэ албан хаагч болохоосоо зүрхшээх, улмаар мэргэжлийн бус, сайн дурынхан энэ тойрог руу ар, өврийн хаалгаар гулсаад орсон байх нь бий. Ийм завхралаас болж төрийн алба төрлийнх болж, бүтэц нь данхайдаг. Тиймээс энэ удаад салбараа мэддэг залуу удирдагчдийн төлөөлөл болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэвийн ажлын өрөөнд өнжлөө. Ашигт малтмал, газрын тосны салбар нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч томоохон агентлаг төдийгүй, Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас нэг “гал тогоо”-той болсон. Асуудал, хамрах хүрээ, үйл ажиллагааны уялдаа нь тэлсэн энэ газрын бодлогын “жор”-ыг тааруулдаг гол албыг хашиж суугаа залуу даргын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа.
10:00 цаг
Гартаа зузаан зузаан цаас, хавтас барьсан иргэдийн хөлд дараатай өнждөг Ашигт малтмалын газар энэ удаад хүний хөл сийрэгхэн байв. “Төрийн байгууллагын үйлчилгээ түргэн шуурхай байхаас гадна иргэндээ чирэгдэлгүй байх ёстой” гэх зорилт үйлчилгээний байгууллагуудад нийтлэг мөрдөгдөх ёстой зарчим. Тиймээс бид иргэд төрийн үйлчилгээ хүртэхийн тулд ямар явдал чирэгдэлтэй нүүр тулдаг, хэдэн даргын өрөөг манаж суудаг эсэхэд хариулт хайв. Бидний энэ эрэлд Б.Дашпүрэв дарга хариулт өглөө. Тэрбээр “Бид чадахуйн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хэн ч бай ажлаа богино хугацаанд амжуулахыг л хүсдэг. Тиймээс мэргэжилтнүүддээ нэг л чиглэл өгдөг. Боломж байгаа л бол иргэнийг хүлээлгэх, нааш цааш явуулахгүйгээр асуудлыг нь шийд гэдэг үүднээс цахим системийг бий болгосон. Тухайн бичиг баримт хэзээ ирсэн, хэзээ явсан, ямар алдаа байв, түүн дээр нь хэн гэдэг мэргэжилтэн заавар зөвлөгөө өгөв, хэдэн минутад, хэчнээн аж ахуйн нэгж, компанийн тайлан, хүсэлт үзэв гэдэг нь нээлттэй харагддаг болсон. Энэ нь хүнд суртал, авлига, хээл хахууль авсан, өгсөн гэх таагүй яриаг үгүй болгож байгаа юм. Мөн Кадастрын нэгдсэн систем нээлттэй болголоо. Ингэснээр Кадастрын нэгдсэн бүртгэлд танил талаа ашиглаж нэвтэрдэг байдлыг таслан зогсоолоо. Төрийн байгууллагын ажлын уялдаа ингэж цахимжиж, нээлттэй болох тусам олон нийтийн хардалт, авлига, хүнд суртал цэгцэрнэ гэж зорьж байгаа. Бид уулын болон хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг 100 хувь онлайнаар шийдэж байна. Мөн манай кадастрын бүртгэлийн систем гэж бий. Иргэд эндээс бас их зүйл лавладаг. Тэгэхээр энэ системд Монгол Улсын лицензийн тоо хэмжээ, хайгуул хамгаалалт, тусгай хамгаалалттай газар нутаг, ямар нэртэй талбайг ямар аж ахуйн нэгж эзэмшдэг гэх мэт бүх төрлийн мэдээлэл бий. Энэ нээлттэй мэдээллийг авахын тулд иргэдийг хүлээлгэх, хэн нэгэн даргын хаалга онголзуулах, урт дараалал үүсгэх шаардлагагүй учраас цахим үйлчилгээг нэвтрүүллээ” гэв.
Энэ бол сайн жишээ. Хэдийгээр төрийн алба бүх шатандаа авлигажсан гэх ойлголт хүн бүрт бий ч энэ мэт сайн жишиг тогтвол төрд итгэх иргэдийн итгэл сэргэх нь дамжиггүй. Дайны хажуугаар дажин гэгчээр төрийн алба хаагчдын хүнд суртлын хажуугаар ёс зүй, хандлагын асуудал сөхөгддөг. Байсхийгээд л чих халууцуулдаг алба хаагчийн ёс зүй, ажилдаа хандаж буй эерэг, сөрөг хандлага олныг талцуулдаг. Иргэдийн нэг хэсэг нь хүн бүхэнтэй нийцэж, олны аяг аашинд тохируулж харилцах хэцүү гэдэг бол нөгөө хэсэг нь “Хэрэглэгч хаан” гэлцдэг. Тэгэхээр төрийн ажил, үйлчилгээ цахимжихийн хэрээр алба хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, санал хумигдах нь гарцаагүй. Энэ тухайд Б.Дашпүрэв даргын саналыг сонслоо. Тэрбээр “Төрийн албаны ёс зүйн дүрэм шинэчлэгдсэн. Үүнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ алдаа дутагдал гаргахгүй байхыг заахаас гадна сахилга, хариуцлагын асуудлыг гүнзгий тусгасан байдаг. Миний хувьд “Чи тодорхой хүмүүсийг удирдан манлайлж байгаа л бол ёс зүйтэй, зөв, эерэг хандлага, дулаан уур амьсгал бүрдүүлэгч байх ёстойг баг, хамт олондоо сануулдаг. Өөрөө ч энэ зарчмаа барьдаг.
Тухайн газартаа ёс зүйтэй харилцаа, хамтын манлайллыг төлөвшүүлэхийг зорьдог. Сүүлийн үед сошиал хөгжиж байгаатай холбоотой нэг алба хаагчийн авиргүй үйлдлээс болж бусад нь нэр холбогдох үзэгдэл анзаарагдаад байгаа. Ер нь иргэн, төрийн алба хаагч хоёрын дундах таагүй харилцаа юунаас үүсээд байгааг анзаарвал, аливаа хөөцөлдөж буй ажил нь хугацаандаа шийдэгдэхгүй байгаагаас, шат шатандаа иргэний асуудлыг гацаадгаас болж үл ойлголцол, ёс зүйгүй байдал гараад байна. Миний хувьд өөрийн харьяалж буй газартаа хариуцлага, ёс зүйн соёл тогтоохыг эрмэлздэг. Ийм соёл тогтоогүй газрын алба хаагчийн ажлын ачаалал хэрээс хэтэрсэн, авлигажсан, олон нийтийн цөхрөл, бухимдалтай тулчихсан байдаг. Энэ муу жишээг газар авахуулахгүйн тулд миний хувьд баг, хамт олондоо төрийн алба хаагчид алдаа гаргаж болохгүй. Алдахгүйн тулд хуулиа судал, мэд. Цаг хугацаанд нь ажлаа хий, чанартай гүйцэтгэ, алдаа гаргавал хариуцлагаа үүр гэдэг шаардлага тавьдаг. Ер нь дан ганц төрийн албанд бус хаа хаанаа үйл ажиллагаа нь ийм тодорхой байвал ёс зүй жинхэнэ утгаараа тогтоно. Би ингэж л боддог” хэмээн даруухан өгүүлэв. Ам нээх бүртээ хариуцлага, чадамжийн асуудлыг сөхөх энэ эрхмийн яриа хэт албархуу юм. Зарим хүнд уйтгартай санагдаж болох ч түүний энэ хэв маяг, илэрхийлэл, илүү дутуугүй яриаг сонсон суухуйд “Удирдагч хүн төрдөг юм байна. Хүн удирдах зангараг, мэдлэг, арга ухаан, сэтгэл гэдэг байгалиас өгөгддөг төрмөл чанар юм байна” гэх бодол сэтгэлд үүсээд байв. Тиймээс Б.Дашпүрэв гэж залуу дарга хаана, ямар сургууль төгссөн, ямар шатаар алхсаар Ашигт малтмалын газар гэх их айлын “Хар ажил”-ыг гүйцэтгэж суугааг сонирхлоо.
12:00 цаг
Тэрбээр МУИС-ийн Физик электроникийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг төгсчээ. Ингээд оюутан байхаасаа мэргэжлээрээ “өвчилж” Сангийн яамнаас хэрэгжүүлж байсан нэгэн төсөл дээр оператороор ажиллаж, өөрийн юу хийж чадахаа үзжээ. Ингээд ажилдаа дадаж инженер болж дэвшсэн нь түүнийг салбартаа танигдах сайхан боломж олгосон гэнэ. Дөнгөж л сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчин төд удалгүй Ерөнхий инженер болон гялалзаж, сурсан мэдсэнээ ажлын бүтээмжээрээ нотолж өөрийгөө таниулсан байна. Ингээд Сангийн яамнаас Төрийн өмчит үйлдвэрийн газарт хэрэгжүүлж байсан төслөө амжилттай дуусгаад 2009 оноос тус газрынхаа захирлаар томилогдсон байна. Ингэж л аливаа алба, ажилд өөрөө өөрийгөө бэлтгэж, өдгөө 16 дахь жилдээ газрын тосны салбарт удирдах албан тушаал хашжээ. Түүний намтрыг тоймловол ийм л мэдээлэл бүрдэж байна. Энэ тухай нь “Залуу хүн төрийн өндөр албанд томилогдохыг нийгмийн олонх таашаадаггүй. Хэн нэгэн даргын хүүхэд, үгүй хэл ихээхэн авлига өгч дарга болсон” гэх хандлага, яриа амнаас ам дамждаг. Таныг энэ мэт яриа дагасан байх. Энэ үзэлд та яаж ханддаг вэ” гэсэн сахилгагүй асуултад тэрбээр огтхон ч эргэлзэхгүйгээр хариулсан юм.
“Газрын тосны газар, Ашигт малтмалын газар хоёр тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж байгаад нийлсэн. Тус тусдаа агентлаг байхад нь би Газрын тосны газарт удирдах албан тушаал хашиж байсан. Тиймээс газрын тосны салбарынхан намайг сайн мэддэг. Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байсан учраас Б.Дашпүрэв гэж хэн бэ гэдгийг сайн мэднэ. Харин ашигт малтмалын салбарт тэр бүр намайг сайн мэдэхгүй, танихгүй байж магадгүй. Гэхдээ л өнөөдрийн ажлаа хүлээж авахад хэл ам, хов жив дагаагүй. Энэ нь миний ажлын арга барил, нэр хүнд, хийсэн ажлын үр дүнтэй холбоотой гэж боддог” хэмээн инээмсэглэв. Тэрбээр өөрийнхөө намтар түүхийг дэлгэхээсээ илүүтэй салбарынхаа тухай, хууль эрх зүйн онцлог, төрийн албан хаагчийн хууль, эрх зүйг ярих нь танай сонины уншигчдад хэрэгтэй гэдгийг онцоллоо.
14:00 цаг
2019 онд Ашигт малтмал, газрын тосны газраас ямар хэмжээний га талбайд лиценз олгох нээлттэй сонгон шалгаруулалт хийх, улсын төсөвт хэчнээн төгрөг бүрдүүлэх тухайг нь лавлав.
Энэ оны хувьд Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрөгч нэгдүгээр сарын 7-ны өдрөөс нийт арван багцаар 914.448 га бүхий 104 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласнаас уг арван удаагийн сонгон шалгаруулалтад 152 аж ахуйн нэгж оролцсон байна. Ингэхдээ 377.638 га бүхий талбайд 54 аж ахуйн нэгж шалгарч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшжээ. Ингэснээр улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэнэ. Харин өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2754 хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэв. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1080 байгаа бол ашиглалтынх 1674 байна.
Энэ тухай тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулиар өргөдөл болон сонгон шалгаруулалтаар лиценз олгодог үйл явц байсныг хуулиар нь өөрчилсөн. Ингэснээр өргөдлөөр ашигт малтмалын лиценз олгох үйл явц байхгүй болсон. Тэгэхээр одоо зөвхөн сонгон шалгаруулалтаар лиценз олгож байгаа. Энэ нь яадаг юм гэхээр тусгай дүрэм, журамтай, ийм ийм материал бүрдүүлж авч ир гээд заагаад өгчихсөн. Үүнд тендерт оролцогчид боловсон хүчний байдал, техник технологийн чадамж, байгаль экологийн хамгаалалт, нөхөн сэргээлт хийх арга аргачлалын асуудал зэргээ тодорхой болгохоос гадна энэ талбайг ямар үнээр худалдаж авах үнийн саналаа ирүүлэх юм. Энэ бүхнийг нь ажиллах хүч, техникт нь харьцуулж үзээд, үнийн саналыг нь голчлох байдлаар лиценз олгож байгаа. Үүний ач холбогдол нь юу юм гэхээр, лицензийн наймаа гэдэг ойлголт үгүй болж байгаа юм. Урд нь ажиллах хүн хүчгүй, туршлагагүй, хайгуулаа хийх гэхээр техникийн бааз суургүй, мөнгөгүй, судалгаагүй байж лиценз авчихдаг. Эцэстээ бусдад зардаг, борлуулдаг гажуудал байсан.
Одоо энэ асуудал хумигдсан. Тэгэхээр татварын болон тэмдэгтийн хураамжаараа Монгол Улсад 1-2 сая төгрөгийн татвар өгчихөөд амьдраад байсан аж ахуйн нэгжийг энэ шалгуураар хязгаарлаж байгаа юм. Мөн манайхаас лиценз олгох боломжтой, эрдэс баялаг бүхий талбайгаа ялгаад Засгийн газарт оруулж, батлуулж байгаа юм. Энэ батлагдсан талбайгаасаа дахин сонгон шалгаруулалтад оролцуулах талбайгаа эцсийн байдлаар гаргаад эхний удаад арван талбайгаа тендерт оруулаад явж байгаа. Үүн дээр компаниуд чадамжаараа өрсөлдөөд хайгуулаа хийх нь эргээд Монгол Улсын төсөвт орлого бүрдүүлэхэд ихээхэн сайн нөлөө үзүүлж байна. Ингэж чадамж, бололцоогоороо өрсөлдөж авсан талбайдаа хөрөнгө оруулалт хийнэ, цаашлаад орд болгоод аваад явах боломжтой. Хуучин шиг зуу зуугаар нь лиценз олгохгүй байгаа ч олгож байгаа цөөн талбайгаас Улсын төсөвт чанартай орлого төвлөрч байна. Энэ ажил эдийн засагт бодит үр өгөөжөө өгнө. Нөгөө талдаа сул тал нь юу вэ гэхээр, геологийн ажил ихээр хийгдэхгүй байна. 1000 лицензээс нэг нь үр өгөөжтэй байна гэсэн няцаалт байдаг. Гэхдээ өнөөдрийн лиценз олгож байгаа энэ бодлого бодит амьдралтай уялдсан, компанийг хохиролгүй болгох, байгалийг дэмий ухахгүй, сэндийчихгүй байхад чиглэсэн сайн хувилбар” гэлээ. Энэхүү бодлогыг шүүмжлэх, аль нэг талд нь гарч магтана гэхээсээ илүүтэй салбарынханд өдгөө АМГ-аас ямар журмаар хайгуулын болон ашиглалтын лиценз олгож байгааг мэдээлэхийг чухалчиллаа.
16:00 цаг
Бидний яриа 16:30 цагт дуусав. Ам нээх бүртээ “Аливаа яам, тамгын газарт ажлын уялдаа холбоо сайжрах нь чухал” гэдгийг онцлох түүний хариуцсан алба, хэлтэстээ “нутагшуулах”-ыг зорьдог эрмэлзэл нь нэгдсэн бодлого гэсэн. Тухайлбал, ашигт малтмалтай холбоотой шийдвэр гаргахдаа газрын тосны газартай холбогдох эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүний дараа мэдээллээ нэгтгэснээр бодит үр дүн гарах юм. Учир нь энэ хоёр салбар зарим талаараа зайлшгүй мэдээлэл солилцон, нэгтгэх шаардлага үүсдэг. Магадгүй, өмнө нь газрын тос болон ашигт малтмалын газар тусдаа удирдлагатай байх хугацаандаа мэдээллийг солилцоогүйгээс иргэдийг ийш тийш олон дахин явуулах, шийдвэр давхардуулах тохиолдол гаргаж байсныг үгүйсгэхгүй.
Ер нь энэ мэт алдаа, завхрал уялдаагүй байдал хүнээс шууд хамааралтай. Энгийнээр хэлбэл, гэр бүлийн хоёр нэг зүйлийг өөр өөрийнхөөрөө бодож байгаагаа хэн нэгэнд хэлэх нь үл ойлголцол үүсгэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг нь бүтэх юм шиг, нөгөөх нь бүтэхгүй мэтээр тайлбарлах нь цаад талдаа шийдвэр гаргахад хүнд байдал үүсгэхээс гадна итгэл, үнэмшил төрүүлэхгүй. Мэдээж төрийн алба хашиж байгаа учраас ямар мэдээллийг нэгтгэж хэлэх вэ, юуг нь хэлэхгүй өнгөрөөх вэ гэдэг сонголт зайлшгүй тулгардаг. Төрийн ажил нь нэг байр суурьтай, нэгдмэл эрх ашгийн дор явах учраас тухайн харилцан хамааралтай албан тушаал хашиж байгаа хүмүүс нь мэдээллээ нээлттэйгээр солилцох хэрэгтэй юм. Ингэснээр тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах вэ гэх мэт асуудлыг шийдсэнээр төрийн үйлчилгээ түргэн шуурхай, бодитой болж ирнэ” хэмээсэн юм. Түүний дээрх үгийг төрийн байгууллагын харилцаа, хамааралтай газар нэгжүүд анхаарахад илүүдэхгүй санагдсан. Төрийн ажилд эрдэм, мэдлэгтэй, салбартаа үнэлэгдсэн залуус хүч түрэн орох ёстой. Ингэж байж буглаа, идээ бээрээ шахахаас гадна залуу хүний мэдлэг, шинэ санаачилга энэ цагт Монголд эрэлттэй байгааг нуумааргүй.
Сэтгэгдэл бичих