
MBA-ийн хөгжөөн дэмжигчдийн ахлагч, Siren project-ийн үүсгэн байгуулагч бүжигчин, бүжиг дэглээч Н.Номинзаяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. MBA-ийн хөгжөөн дэмжигчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэмцээний дундуур үзэгчдийг шуугиулсан үзүүлбэр үзүүлэх ямар байдаг вэ?-Үндэсний дээд лигт ажиллаад хоёр жил болж байна. Тэмцээний дундуур үзүүлбэр үзүүлэхэд анх их эвгүй санагддаг байлаа. Одоо бол талбайдаа дасчихсан, илүү их энерги гаргаж чаддаг болсон. Талбай дээр гарахаараа яг л гэртээ байгаа юм шиг тухай мэдрэмж авдаг болсон байна.

-Хөгжөөн дэмжигчдийн ахлагч шүү дээ. Ахлагчийн хувиар хийх ажил их байдаг байх. Ямар ахлагч байхыг хичээдэг вэ?
-Ахлагч гэхээр зарим хүнд хийж байгаа зүйл нь бага харагддаг байж магадгүй. Миний хувьд бүжгээ дэглэнэ, тохирох аяа сонгоно, заримдаа сэтгэл хүртлээ аяа өөрөө засаж янзлах үе бий. Тухайн бүжиглэх тайзаа бүрэн ажиглаж, ямар үед хаашаа харж, ямар сэтгэл хөдлөлтэйгөөр бүжиглэх вэ гэдгээ хүртэл тооцоолдог. Хамтлагийнхнаа халамжилж, сайн ахлагч, сонсогч нь байхыг хичээдэг. Төгс хүн байж чадахгүй ч хамгийн сайнаараа байж, олон сайхан дурсамж бүтээлцэхийг хүсдэг.
-Үзүүлбэрүүдээ хэр хугацаанд бэлддэг вэ ?
-Үзүүлбэрүүд маань хэр урт хугацаатай бүжиг вэ гэдгээс шалтгаалж бэлдэх хугацаа нь өөр өөр байдаг. Бидний хувьд аль болох трендээс хоцрохгүй байхыг хичээдэг. Нэг үзүүлбэрийг 1-3 хоногт бэлдэж, тайзан дээр гарахад бэлэн болгодог. Гэхдээ зарим тохиолдолд бүжгийн дэглэлт сэтгэлд хүрэхгүй ганцхан минутын бүжгийг долоо хоног бэлдэх үе бий. Дэглэлт бэлэн тохиолдолд бол бүжигчид маань тун хурдан сурдаг, чадварлаг охид шүү.
-Сагсан бөмбөг Монголд хөгжиж байгаатай адил сүүлийн жилүүдэд л хөгжөөн дэмжигчдийг ойлгож хүлээж авдаг болсон санагдсан. Анх эхэлж байх үед одоо үе хоёрыг харьцуулбал ялгаа их үү?
-Тийм ээ, тун өөр болсон шүү. Хүмүүсийн харилцах харилцаа, танилын хүрээ ч өөрчлөгдсөн. Анх биднийг дээрээс нь доош нь хараад л, эвэртэй туулай үзсэн юм шиг л байдаг байлаа. Үзүүлбэрийн дараа алга ч ташдаггүй байж. Одоо бол биднийг таньдаг, хүндэлдэг, үзүүлбэрийн дараа алга ташдаг хүн олон болжээ. Биднийг хүндэлдэг хүмүүс олон болсон болохоор тэднийхээ хүндэтгэлийг алдахгүй байхыг хичээнэ.
ROKITBAY-ЫН ТОГЛОЛТ ДЭЭР ХАМТЛАГААРАА ДАХИН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭХ МӨЧ ГАЙХАЛТАЙ БАЙСАН
-Таны хувьд хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Aimar продакшнд байснаар нь хүмүүс таних байх. Тус продакшны талаар ярихгүй юу, олон зүйл сурсан цаг хугацаа байх?-Би долоо настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Бүжгийн суурь маань монгол бүжиг, дараа нь Монголын сурагчдын холбооны New dance латин бүжгийн хамтлагт 3-4 жил бүжиглэсэн. Дараа нь бүжгийнхээ жанрыг сольж, Aimar продакшнд орсон. Продакшндаа ороод олон зүйл сурч, бүжгийн талаарх мэдлэгээ тэлсэн. Миний амьдрал хэр хэрэгтэй, цаашид энэ чиглэлээрээ ажиллаж, амьдралаа авч явж чадах уу гэдгээ ойлгосон. Хэрэв продакшндаа ороогүй байсан бол өнөөдрийн би байхгүй байх байлаа. Миний анхны том тэмцээн, тайз бүр продакшнтай минь холбоотой.
-Siren project-ийн талаар ярихгүй юу. Таны хувьд үүсгэн байгуулагчдынх нь нэг үү. Анх ямар зорилго, мөрөөдөлтэй нээж байсан бэ?
-Siren project-ийг үүсгэн байгуулаад жил болж байна. Бидний зорилго бүжгийн урлагийг илүү олон хүнд таниулж, бүжигт дуртай хүн бүрийг мөрөөдлөөрөө орлого олж, жаргалтай байлгах боломжийг нь нээж өгөх. Цаашид студитэй болж, хүмүүст сургалт ордог болохыг хүсдэг.
.jpg)
- Siren project-ийн бусад бүжгийн хамтлагаас ялгарах онцлог нь юу вэ?
-Монгол 10 гаруй бүжгийн хамтлаг студи бий. Манай хамтлагийн хувьд нэг урсгалд баригдалгүй олон төрлийн бүжгээр бүжиглэдэг нь онцлог. Үргэлж чадвараа хөгжүүлэхийг хичээдэг.
-Таны хувьд олон уран бүтээлчдийн уран бүтээлийг амилуулж хамт тайзан дээр гарч бүжиглэдэг шүү дээ. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн, онцгой тайз бий юү?
-Авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр Rokitbay ахын дуун дээр бүтэн сар үзүүлбэр бэлдээд үзүүлсэн мөч санаанаас өгт гардаггүй. Үзүүлбэрийн дараа яагаад ч юм зөндөө уйлсан. Rokitbay ахын тоглолт дээр хамтлагаараа дахин үзүүлбэр үзүүлэх мөч гайхалтай байсан.
-Та яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ, юу нөлөөлөв?
-Багаасаа бүжгийн дугуйланд их явдаг хүүхэд байлаа. Бүжигт дуртай учраас байнга бүжиглээд л байсан юм. Бүжиг надаас нэг ч удаа холдоогүй учраас нэг л мэдэхэд бүжигчин, бүжиг дэглээч болсон даа.
-Бүжгийн урлагийг өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд хөгжим, аяыг биеэрээ илэрхийлэх урлагийг би бүжиг гэж тодорхойлох юм байна.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Siren project-ийг илүү олон гишүүнтэй болгож, олон улсын тэмцээнүүдэд хөгжөөн дэмжигчидтэйгээ оролцохыг мөрөөдөж, зорьж байна.

Сэтгэгдэл бичих