» » Японд тохиолдсон байгалийн гамшиг бэйсболын алдарт тамирчны амьдралыг өөрчилсөн нь

Японд тохиолдсон байгалийн гамшиг бэйсболын алдарт тамирчны амьдралыг өөрчилсөн нь


2011 оны гуравдугаар сарын 11-нд тохиолдсон Тоохокүгийн газар хөдлөлтийн 15 жилийн ойг Япон даяараа тэмдэглэн эмгэнэж байна. Энэ явдлыг тохиолдуулан “Japan Times” сонин тухайн үед энэ гамшгийг биеэр туулсан, өнөө цагийн бэйсболын алдарт тамирчин Шохэй Отанийн тухай нийтлэл, түүнтэй хийсэн ярилцлага нийтэлснийг толилуулъя.  
   Дэлхийн бэйсболын хамгийн сүпер тамирчин болохоосоо өмнө Шохэй Отани Японы орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн гамшгийг биеэр туулсан нэгэн болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. 2011 оны гуравдугаар сарын 11-нд 22 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон Зүүн Японы их газар хөдлөлт болоход тэрээр Иватэ мужийн "Ханамаки Хигаши" ахлах сургуулийн нэгдүгээр курсийн сурагч, 16-хан настай байв. 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цүнами Иватэ мужийн Камаиши, Офүнато, Рикүзэнтаката зэрэг эргийн хотуудыг хамж одсон төдийгүй эх газрын гүн дэх суурингуудад ч ихээхэн хохирол учруулсан юм.
Өдгөө 15 жилийн дараа, 31 настай Отанигийн амьдрал эгэл даруухан эхлэлээсээ хальж, дэлхийн хэмжээний од болжээ. MLB-ийн дөрвөн удаагийн үнэ цэнэтэй тоглогч, Дэлхийн бэйсболын классик (WBC) тэмцээний аварга тэрбээр энэ жил үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж "Los Angeles Dodgers" багт хоёр талын (шидэгч ба цохигч) амжилтаа бататгахаар зүтгэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбээр гэрлэж, эцэг болсон. Түүний тоглолт бүрийг дэлхий нийтээрээ анхааран харж, нэр нь зөвхөн Япон төдийгүй дэлхийн өнцөг бүрт цуурайтаж буй билээ. Гэвч гуравдугаар сарын 11-ний өдөр түүний хэн болохыг илтгэх онцгой чухал өдөр хэвээр байна.
   Отанигийн суралцаж байсан сургууль цүнамид нэрвэгдсэн Иватэ мужийн эргийн бүсээс хоёр цаг орчим явах зайд, эх газрын гүн рүү байдаг. Тэр баасан гарагийн үдээс хойш газар анх хүчтэй хөдлөх үед бэйсболын багийн дотуур байрны тог тасарч, сургуулийн барилгын хана цуурч байв. Зааланд бэлтгэл хийж байсан Отани болон түүний багийнхан тэр даруй гадагш гарцгаажээ. Ханамаки хот цүнамид шууд өртөөгүй ч багийн олон тоглогч эргийн бүсийн суурингуудаас ирсэн байв. Отани газар хөдлөлтийн дараахан гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадсан бол бусад нь тийм азтай байсангүй.
Ахлах сургуулийнхаа танхимд. Гамшиг болсны дараа жил буюу 2012 оны 9 дүгээр сар. ©Toru Sasaku   
   Дараагийн долоо хоногуудад амьдрал орвонгоороо өөрчлөгдлөө. Зарим тоглогчийн хувьд бэйсболтой манатай байсан нь аргагүй ч тэднээс нэг нь ч багаа хаяж яваагүй юм. Тэр зун асар их бэрхшээлийг үл харгалзан "Ханамаки Хигаши" сургуулийнхан "Кошиэн" стадионд болсон Ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд шалгарч чадсан нь тэдний ур чадвараас гадна дотоод сэтгэлийн хатыг харуулсан билээ.
   Дотуур байранд хамтдаа байж тэр хүнд цаг үеийг туулсан нь тамирчдыг улам ойр дотно болгосон юм. Отани хожим өгсөн ярилцлагадаа, гамшгаас өмнө голдуу зөвхөн өөртөө анхаардаг байсан бол гамшгийн дараа эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө санаа тавихыг хичээх болсон тухайгаа дурдсан байдаг.
   Мэргэжлийн тамирчны замнал нь түүнийг Иватэгаас Японы дээд лиг, улмаар MLB рүү хөтөлсөн ч тэрбээр энэ бодлоо огт гээгээгүй. Түүнийг дагадаг хүмүүс Отанигийн авьяас чадвараас гадна түүний сэтгэл зүйн тогтвортой байдал, багийг өөрийнхөө ашиг сонирхлоос дээгүүрт тавьдаг чанарыг нь үргэлж биширдэг гэдэг.

Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн бэйсболын классик (WBC) тэмцээнд Японы шигшээ багийг ахлан орж буй нь. © Joshua Mellin 
   2021 онд гамшгийн 10 жилийн ойгоор Отани "Цаг хугацаа өнгөрөхөд олон зүйл бүдгэрдэг ч бидний хэзээ ч мартаж болохгүй, мартаж зүрхлэхгүй зүйлс гэж бий" хэмээн мэдэгдэж байв. Отани гуравдугаар сарын 11-ний тухай олон нийтэд дэлгэрэнгүй ярих нь ховорГамшгаас хойш 15 жилийн дараа тэрбээр "The Japan Times" сонинд бичгээр өгсөн ярилцлагадаа юуг санаж байгаа болон юуг мартаж болохгүй гэж үзэж буйгаа өөрийн үгээр ийнхүү хуваалцлаа.
Та сургуулийнхаа нэгдүгээр дамжааны оюутан байхдаа бэлтгэлийн үеэр газар хөдлөлттэй нүүр тулсанТэр өдрийн болон түүний дараах өдрүүдийн юуг хамгийн тод санадаг вэ?
Өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй тийм хүчтэй газар хөдлөлт байсан. Сургуулийн шат яг л мушгиралдаж, тахийж байгаа мэт харагдсан нь санаанаас гардаггүй юмХажуугийн барилгын талбай дээр хүмүүс хашхиралдаж, техник хэрэгслүүд нурж унахыг харахад үнэхээр аймаар байсан.
Таны багийн зарим нөхөд гэр орноо алдсан. Энэ явдал таны бэйсболыг харах өнцгийг өөрчилсөн үү?
Тухайн үед тэдэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардаж байлаа. Гэр бүлтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа найзуудаа яаж тайвшруулахаа мэдэхгүй байх нь маш хэцүү байсан. Дотуур байранд хамт суудаг байсан болохоор тэр гурван жилийн хугацаанд тэд зөвхөн багийн нөхөд биш, миний амьдралын хамгийн нандин хүмүүс болж үлдсэн дээ.
- Гамшгаас хойш 15 жил өнгөрчээ. 10 жилийн ойгоор та "Мартаж болохгүй юм гэж амьдралд байдаг" гэж хэлж байсан. Энэ удаа юу гэж хэлэх вэ?  
- Тухайн үед ийм их хохирол амсана гэж хэн ч бодоогүй. Ийм гамшиг дахин битгий болоосой гэж, хохирлыг биеэр амссан хүний хувьд залбирдаг. Үүний зэрэгцээ, дараагийн аюул хэзээ ч ирж болох учраас “Энэ бол бусдын асуудал” гэж хандалгүй, сэтгэл зүйгээ үргэлж бэлдэж, сонор сэрэмжтэй байх нь хамгийн чухал.
- Та Иватэ нутгаараа үргэлж бахархдаг. Нутгийн тань ямар үнэт зүйл таны сэтгэлээс гардаггүй вэ?
- Өнөөдөр намайг дэмждэг хүн маш олон байгаа ч төрсөн нутгийнхны минь надад хайрладаг урам зориг зүрх сэтгэлд үнэнхээрийн онцгой байр эзэлдэг. Өнөөдрийн миний суурь хүмүүжил, үнэт зүйлийг төлөвшүүлж өгсөн нутгийнхандаа үргэлж талархаж явдаг даа.

Гуравдугаар сарын 7-нд Дэлхийн бэйсболын классик тэмцээнд Өмнөд Солонгосын багтай тоглохын өмнө. © Joshua Mellin 
- Тухайн үед өсвөрийн тамирчин байсан бол одоо та олон хүнд тусалж чадах нөлөө бүхий хүн болжээ. Өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
- Тэр үеийг эргэн санаад, одоо хүмүүст өчүүхэн ч гэсэн тус болж чадаж байгаагаа бодохоор амьдралд талархаж байна. Тусламж хэр их, хэр хүчтэй байх нь гол биш, харин бид бүгд нэг нэгэнтэйгээ холбоотой байж, бие биенээ дэмжиж байдаг тэр сэтгэл л хамгийн чухал юм.
- Дэлхий нийтийн анхаарал гамшиг болсон бүс нутгаас холдох үед тэндээ үлдэж байгаа хүмүүст та юу гэж хэлэх вэ?
- Гамшгийг биеэр туулаагүй шинэ үеийнхэн өсөж өндийнө гэдэг нь цаг хугацааны эрхээр дурсамж, сургамж бүдгэрнэ гэсэн үг. Гэхдээ олж авсан туршлагаа хуваалцаж, дахин ийм зүйл болохоос сэргийлэх нь ирээдүй хойч үеийнхээ өмнө бидний хүлээсэн чухал хариуцлага мөн.  
- Та одоо эцэг хүн. Гуравдугаар сарын 11-ний гамшгийн талаар хүүхдэдээ хожим юу ярих бол?
- Бидний туулсан шиг ийм хүнд зүйлээс болж хагацал амссан гэр бүл, найз нөхөд дахин битгий гараасай. Бид гашуун туршлагаа бусадтай хуваалцахдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө л хийж байгаа юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулахыг хүснэ. Тэд ч бас энэ сургамжийг дараа дараагийн үедээ дамжуулаасай.
“Japan Times” сонин. Май Ёшикава. 2026.03.11
 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ДЭМБ: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо найм

Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех,

СҮХБААТАР АЙМАГТ 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

Мацаг барих нь эрүүл мэндэд ямар ач тустай талаар шинэ

Акихито хааны үед Япон улс хэрхэн өөрчлөгдөв?

Улаанбаатарт газар хөдлөлт нүүрлэх эрсдэл өндөр байна

Сэтгэгдэл бичих