
Америк хэв маягийн амьдралын тэргүүлэх мэргэжилтэн, бизнес эрхлэгч, эдүгээ 84 настай эмэгтэй Марта Стюарт наснаасаа залуу харагдах нууцынхаа талаар дэлгэжээ. Шим тэжээлтэй, эрүүл хоол хийх, цэцэг ногоо, зүлэг тарьж арчлах болон интерьер дизайны чиг хандлагын тэргүүлэгч байсаар ирсэн тэрбээр 80 настайдаа нүүр будаггүй зургаараа “Vogue” сэтгүүлд гарч байсан юм. Саяхан тэрбээр зөв өтлөх долоон зарчмынхаа талаар хүмүүст ийн зөвлөсөн байна.
Өөрийгөө хянаж, сэтгэлээ зөв жолоодох нь арьс арчилгаанаас илүү чухал
"Нас бол тоо" гэсэн үгийг онцлон анхаарч өөрийгөө “хөгширч яваа хүн”, “хөгшин хүн” гэсэн ангилалд оруулахгүй байх хэрэгтэй. Нас өтлөх нь гандаж хагдарч яваа хэрэг биш, харин тасралтгүй шинээр суралцаж, өсөж хөгжих үйл явц юм.
Биеэ дотроос нь, бас гаднаас нь арчил
Арьс арчилгааны философийн зарчим нэг бол хүн дотроосоо гадагш гэрэлтэх явдал юм. Гаднаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү ямар хоол идэх, ходоодоо юугаар дүүргэж байгаадаа анхаар. Эрүүл зөв хооллож, эерэг сэтгэлгээтэй байхад хүн гаднаасаа гэрэлтээд ирдэг. Хүнсний ногоо, жимс жимсгэнээр баялаг хоол ид. Мөн ус зэрэг шингэн зүйлийг ихээр хэрэглэж, биеийн жингээ хянахаас илүү эрч хүчээ хадгалах, хоол боловсруулах эрхтний ачааллыг бууруулахад чиглэсэн хоолны дэглэм барих хэрэгтэй.
Сахилга баттай байж хөгшрөлтөөс сэргийлэх
Хөгшрөлт бол урьдчилан сэргийлэх биш, сайтар зохицуулах ёстой сахилга бат юм. Би насан туршдаа өглөө бүр нүүрээ угаасны дараа арьсаа тайвшруулахын тулд бүлээн, нойтон алчуурыг нүүрэндээ нэг минут орчим тавиад, дараа нь 20 орчим секунд хүйтэн алчуураар жин тавьдаг. Энэ нь унтаж амрах явцад удааширсан цусны эргэлтийг сайжруулна. Энэ сахилга батыг сайн барих нь өөрийгөө хянаж, эрч хүчээ хадгалах үндэс болдог.
Шинийг сорих
Улиг болсон хуучин зүйлсээсээ аль болох татгалзаж, шинэ техник, арга барил, чиг хандлагыг байнга сурч байх нь сэтгэл зүйн хөгшрөлтөөс сэргийлдэг. Сониуч зан бол залуу насны хөдөлгөгч хүч юм.
Дасгал хөдөлгөөн хамгаас чухал
Дасгал хөдөлгөөн бол сонголт биш, харин зайлшгүй шаардлага юм. Би йогийн дасгал хийх, морь унах зэргээр байнга хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг. Биеийн хөдөлгөөн нь оюун ухааныг хөгжүүлж, улмаар амьдралд итгэх итгэлийг бий болгодог.
Өөрийгөө үнэлж, стандартаа дээшлүүл
Өөрийгөө хөгшин хүний ангилалд оруулаад гадаад төрх байдал, биеийн арчилгаагаа орхих нь жинхэнэ хөгшрөлт юм. Нүүр будалтгүй байсан ч үсний засалт, хувцаслалтдаа анхаарч байх ёстой. Өөрийгөө ямагт өндрөөр үнэлж, "Би хөгширсөн болохоор зүгээр л тайван байж, өдөр хоногийг өнгөрөөнө" гэсэн сэтгэлгээнээсээ салж, өөртөө өндөр стандарт тавих нь онцгой чухал.
Тэсвэр тэвчээртэй бай
Амьдралын элдэв бэрхшээлийн өмнө тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Бэрхшээл, сорилтын өмнө сөхрөхгүй урагшилж, тууштай байх нь эрүүл, залуу байх гол үндэс юм. Би нэг хэвийн, уйтгартай зүйлд дургүй. Гэрийн тавилгаас эхлээд нүүр царайгаа байнга гялгар байлгахын хүсдэг. Миний гадаад төрх зүгээр нэг гоо сайхны бүтээгдэхүүнээр бий болсон зүйл биш, тэсвэр тэвчээртэй, эерэг зөв хандлагатай байж, өөртөө хатуу шаардлага тавьж ирсний үр дүн юм.

Сэтгэгдэл бичих