
АНУ-ын хотын агаарын тээврийн (UAM) “Joby Aviation” компанийн агаарын такси үйлчилгээний eVTOL онгоц Сан Франциско хотын дээгүүр нисэж, анхны туршилтаа амжилттай хийсэн байна. Уг онгоц Оклендын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд Сан Франциско хотын дээгүүр ойролцоогоор 160 км/цагийн хурдтайгаар нисжээ. Туршилтын нислэгийг биечлэн үзэж сонирхсон тус компанийн гүйцэтгэх захирал Жовен Виберт онгоцны дуу чимээний талаар "Нисдэг тэрэгний ердийн дуунаас нам, модны навчсыг илбэх салхины чимээ мэт" гэж тодорхойлсон байна. Улмаар агаарын таксиг арилжааны зориулалтаар ашиглавал зорчигчид замын түгжрэлд орохгүйгээр хотыг бүрэн тойрох, эсвэл хормын дотор бейсболын цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой гэдгийг онцолжээ. Агаарын такси нь 14 метр өргөн, 7.5 метр урттай бөгөөд дөрвөн зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-аас арилжааны гэрчилгээ авсан ажээ. “Joby Aviation” компани ирэх жил гэхэд Калифорни, Охайо муж дахь үйлдвэртээ нэг сард дөрвөн ширхэг онгоц үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.

Сэтгэгдэл бичих