
Байцайтны овгийн хүнсний ногоог тогтмол хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг болохыг олон улсын эрдэмтдийг судалгаагаар тогтоожээ. BMC Gastroenterology сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс үзвэл зөвхөн 2022 онд дэлхий даяар 900 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан бөгөөд жил бүр шинээр 1.9 сая тохиолдол бүртгэгддэг байна. Тэгвэл энэ төрлийн ногоог байнга хэрэглэдэг хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх нь иддэггүй хүмүүсээс 20 хувиар бага байгааг дээрх судалгаагаар тогтоожээ. Байцайтны овгийн ногооноос худалдаанд түгээмэл байдаг цэцэгт байцай, бөөрөнхий байцай, өнгөт байцай, брюссель байцай нь флавоноид, хүнсний эслэг, витамин С, каротиноидуудыг ихээр агуулдаг. Эдгээр бодис нь хүний ходоодонд ороод био идэвхт нэгдлүүд болон задарч, хорт хавдрын эсийг идэвхжүүлдэг ферментүүдээс хамгаалахаас гадна хавдрын голомтод дарангуйлах нөлөө үзүүлдэг байна. Эрдэмтэд 600 мянган хүн оролцсон 17 судалгааны дүнг шинжилсэн бөгөөд дээрх ногоонуудыг өдөрт 20-40 грамм тогтмол идвэл хамгаалалтын үр нөлөө хамгийн өндөр байна гэж үзжээ. Харин 40 граммаас илүүг хэрэглэснээр энэ үзүүлэлт нэмэгдэж буй зүйл ажиглагдаагүй байна. Мөн хамгаалалтын үр нөлөө Хойд Америк, Азийн орнуудын оршин суугчдад өндөр байгаа бол Европ, Австралийн иргэдийн хувьд доогуур үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл бичих