
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-офф тун сонирхолтой өрнөж байна. Өнөөдөр/2026.03.15/ BCH Knights, Хаан Шонхорууд багуудын цувралын зургаа дахь тоглолт болов. Цувралыг 2-0 гэж тэргүүлж эхэлсэн ч дараалан гурав хожигдсон BCH Knights өнөөдөр хожигдвол хасагдах байлаа. Нөгөө талд Хаан Шонхорууд баг гурав дараалан хожиж, "MVP" О.Эрдэнэцогт тэргүүтэй аваргын төлөөх өрсөлдөөнд явсан фаворит багийг нуман тулгуурт оруулсан.
Тоглолтын эхнээс BCH Knights баг онооны тэргүүллийг авч, хожих ёстой баг нь гэдгээ харуулсан. Гэвч гуравдугаар үеэс тоглолтын хэмнэл Хаан Шонхорууд баг руу шилжив. Байрон Уэсли, А.Батхуяг, Б.Батмандах зэрэг тамирчдын хамгаалалт, довтолгооны санаачлагатай байдал багаа тоглолтод амьд үлдээсэн.
BCH Knights баг хариуг нь барьж, зургаан онооны тэргүүллийг авах үед А.Батхуяг хоёр дараалан алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж, зээлээр явуулсан багаа шийтгэв. Өнөөдөр Knights-аас Давион Уорреныг зогсооход хэцүү байсан боловч багийн нөхөд нь түүнд тус болж чадсангүй. Ялангуяа MVP О.Эрдэнэцогт харагдсангүй.
"Оны шилдэг залуу тоглогч"-ийн шагналыг хүртсэн О.Өсөхбаяр эгзэгтэй мөчид, агаар ус мэт хэрэгтэй оноонуудыг багтаа авчирсан.Тоглолтын эцсийн мөчид А.Базаргүрт онооны зөрүүг гурав болгож, багийнхаа тэргүүллийг баталгаажуулах боломж байсан ч сүүлийн чөлөөт шидэлтээ алдсанаар Шонхоруудад боломж олгосон. Улмаар Байрон Уэсли алдаатай довтолгоог амжилттай болгон Шонхорууд нэг онооны илүү гарав.
BCH Knights-ийн алдсан сул довтолгоо, чөлөөт шидэлтүүдийн өмнөөс нь фэнүүд нь харамсаж байгаа нь гарцаагүй.Тоглолтын сүүлийн довтолгоог Knights гүйцэтгэж, цаг дуусахтай зэрэгцэн Б.Энх-Амгалангийн нэмж шидсэн бөмбөг цагирагт орсон ч удаашруулсан бичлэгээр 0.1 доль дутаж, оноог тооцсонгүй.
О.Эрдэнэцогт MVP шагнал хүртсэн өдрөөс хойш баг нь хожил байгуулсангүй, дөрөв дараалан хожигдож, хасагдлаа.Ийнхүү дээд лигт анхны улирлаа өнгөрүүлж буй Хаан Шонхорууд баг дараагийн шатанд Хасын Хүлэгүүд багтай тоглохоор болж байна. Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг магтах нь зүйтэй. Залуу, туршлага багатай бүрэлдэхүүнийг эвлүүлэн тоглуулж, Knights-ийн гайхалтай улирлыг өндөрлүүллээ.
BCH Knights багаас "Оны шилдэг дасгалжуулагч", "Улирлын үнэ цэнтэй тоглогч", "Оны шилдэг гадаад тоглогч" тодорсон ч тэд эхний шатандаа Шонхоруудыг давж, чадсангүй.

Сэтгэгдэл бичих