
Өчигдөр Нью-Йорк хотод болсон “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар Мин улсын сүүл буюу 17 дугаар зууны үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ. 108 см өндөр, 76 см өргөн энэ сандлыг зандан модоор хийсэн бөгөөд яг энэ өдрүүдэд "Sotheby's”-ын зохион байгуулж буй Азийн урлагийн бүтээл, эд өлгийн зүйлсийн дуудлага худалдаанд орсон 14 ховор сандлын нэг юм. Хувийн цуглуулгад, дараа нь Калифорнийн Хятадын сонгодог тавилгын музейд байсан уг сандлыг хамгийн сүүлд 1990 онд “Christie's”-ийн дуудлага худалдаагаар худалдсан байна. Хятадаар жяои гэдэг ийм эвхдэг сандал Хятадын Зүүн Хан улсын (НТ 25-220) үеэс хаад ноёд, язгууртнууд эрхэмлэн хэрэглэж ирсэн, эрх мэдэл, сүр хүчний нэг бэлгэдэл ажээ. Тухайлбал, Манж Чин улсын хаадыг нэг газраас нөгөөд хүргэхэд энэ сандлыг хэрэглэж байсан бөгөөд Энх Амгалан хаан аялан явахдаа хэрэглэдэг байсныг тухайн үеийн зурагт харуулсан байдаг. Мөн Хятадын сонгодог роман “Хүйтэн уулын бичиг”-ийн 108 баатар эр тус бүр ийм сандалтай байдаг тухай уг зохиолд гардаг байна.

"Энх Амгалан хаан Өмнөдийг байцаан явсан нь" гэдэг зураг. XVII зууны үе.

Сэтгэгдэл бичих