
Улстөрчид урьд шөнө цурам хийлгүй хонолоо. Засгийн газраа шинээр байгуулах уу, эсхүл чих халууцуулж байгаа сайд нараа явуулж, ард олны хилэнг зөөллөх үү гэдэг шийдэлд хүрэхийг хичээж тал, талд уулзалт хийв.
Улс төрийн хүрээнд өрнөсөн яриа хэлэлцээрээр бол Д.Амарбаясгалан нарын зүгээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулсан нөхцөлд хоёр ч сайдыг өөрсдийн фракциас санал болгон томилуулах хүсэлт тавьсан тухай дуулдаж буй бол хоёр дахь хувилбар нь УИХ-ын даргад өөрсдийн хүнээ нэр дэвшүүлэх санал гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр болж шийдвэрээ гарган орны сайд нарыг ч тодруулсан. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулан, тангаргийг нь өргүүлэх ёстой ч хоёр дахь долоо хоногтоо УИХ-ын үйл ажиллагаа ирц бүрдэхгүйгээс гацсан.
Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Бодь групп”-ээс 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан дуулиан дэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон нь Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь болж, огцорч ч болзошгүй хэмжээнд асуудлыг дэвэргээд буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь мэдээлэл устгасан асуудалд нэр холбогдсон нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулж Хууль зүйн хоёр ч сайддаа хариуцлага тооцох ёстойг сануулсан ширүүхэн өдрүүдийг ардаа хийж байна.
Улс төрд үүссэн гацаа саадыг шийдвэрлэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулсан ч шийдвэрт хүрч чадаагүй.Харин дээрх хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтнүүд танхимынхаа хэмжээнд уулзсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар уулзсан гэх мэдээллийг хэвлэлүүд цацсан. Дээрх уулзалтаар юу ярьсан нь тодорхойгүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргадаггүй л юм бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй, ямар нэг тохироо хийхгүй гэдгээ нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн юм.
Харин дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын хувьд “Сөрөг хүчин болох Ардчилсан намтай би тохиролцоо хийхгүй. МАН-ын бүлгийн 67 гишүүн бүгд намайг УИХ-ыг удирдахыг дэмжиж гарын үсэг зурвал би чуулганаа удирдана. Нэг л гишүүн татгалзвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” гэх байр суурийг бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн нь бий. Энэ нь Засгийн газраа удирдана л гэсэн агуулга сонсогдож буй. Мөн бүлгийн гишүүдээс нь “Намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгээ дагах ёстой. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, дараагийн жил нь УИХ-ын сонгуультай. Дээрх сонгуульд амжилтгүй оролцвол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно. Иймээс эртхэн намын дарга Засгийн газраа тэргүүлж, хариуцлагаа үүрээд явах ёстой” гэх асуудал хөндсөн байдаг. Бүлгийн хуралд 50 гаруй гишүүн оролцсон ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Иймээс Удирдах зөвлөл рүү асуудлыг оруулж, хагалуулах, Удирдах зөвлөлөөс гарах шийдвэрээ дагахаар болоод байна.
Үүнтэй зэрэгцэж УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн нь УИХ-ын дарга болчих санаархал өвөртлөн уулзалт бүрээс гарах үр дүн, тохиролцооны талаар мэдээлэл хүлээж суугаа бол мөн нэг хэсэг нь Засгийн газар тогтвортой ажиллахыг хүсэн хүлээж байна.Түүнчлэн сайдын суудал суларвал түүнийг нь үргэлжлүүлж албыг нь авч явах амбицтай гишүүд ч олон болж байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар тодорхой шийдвэр гаргана.

Сэтгэгдэл бичих