» » Хотын замын 70 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй

Хотын замын 70 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй

Хөндөх сэдэв: Хотын замын 70 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй


Хаврын улирал хаяанд ирж бүтээн байгуулалтын ажил тун удахгүй өрнөнө. Тодруулбал, нэг сарын дараа улаанбаатарт зам засвар, шинэчлэлийн ажил эхлэх бөгөөд үүнийг дагаад борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдэх юм. Энэ жил нийслэлд 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн байна. Монголчууд урин хавар, дэлгэр зунтай золгохын зэрэгцээ үүнийг дагаад олон эрсдэлтэй нүүр тулдаг. Үүний нэг нь үер усны гамшиг. Нийслэлд хэдхэн минут усархаг бороо ороход улсаараа усанд автах эрсдэлтэйг өнгөрсөн жилүүд харуулсан. Тухайлбал, 2023 оны долдугаар сард дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас дунд гол үерлэж эргээ давснаар далан сэтэрч олон айл үерт автаж эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ нь Монголд 1966 оноос хойш тохиосон хоёр дахь том үер байсан. Мөн оны наймдугаар сард их хэмжээний бороо орж Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын айл өрхүүд үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж их хэмжээний хохирол учирсан. Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас гаргасан тоо баримтаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38.3 га талбай үерт өртсөн. Үүний улмаас дөрвөн хүн (нэг хүүхэд) харамсалтайгаар амиа алдсан.
Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн гэх мэдээллийг өгч байсан юм. Үүнд 35,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.
Мөн 2024 онд борооны улмаас Дарь-Эх орчмын айлууд үер автсан. Энэ мэт Улаанбаатарт жаахан бороо ороход гудамж талбай битүү усаар дүүрч явган битгий хэл машинтай иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Энэ нь борооны ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөс. Түүнийг урьдаас таамаглах ч аргагүй. Гэвч эрсдэлийг урьтаж тооцоолж хэр зэрэг хохирол багатай даван туулах вэ гэдэг улс орны бэлэн байдлаас шалтгаалдаг. Нийслэлд жил бүр авто зам засаж шинэчилдэг ч үүнийг дагаад ус зайлуулах шугам хоолойг хийж өгдөггүй.
Өөрөөр хэлбэл, хатуу хучилттай нийт замын 70 орчим хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хотыг усанд автах эрсдэлийг бий болгож байгаа юм.
Гэтэл үүний хажуугаар зах замбараагүй газар олголт, барилгажилт нь хот дундуур урсаж буй голын голдирлыг өөрчилж, сааруулж байгаа нь үерийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж буй. Үүний нэг жишээ "S.Outlets” дэлгүүр байсан. Улмаар 2023 онд болсон үерээс хойш уг дэлгүүрийг дунд голын голдирлыг хаасан гэж үзээд нураасан. Үүнээс хойш үерийн далан барих ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил нь дуусаагүй хоёр жилийн нүүр үзэж байна. Угтаа 2025 оны наймдугаар сар гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусна гээд жигтэйхэн гоё зураг төслийг иргэдэд үзүүлж байсан. Тухайлбал, дугуйн зам, иргэд амарч суух талбай бүхий үерийн даланг 20 тэрбум төгрөгөөр барина гэсэн ч хоёр жил өнгөрч байхад овоолсон шороо, цементэн хананаас өөр зүйл алга.
  • Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.
  • Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
  • Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан мэдээлэв.
Энэ мэт жил бүр борооны ус зайлуулах шугам барьдаг ч энэ нь хангалтгүй зун бүр усанд автаж, алхах гишгэх газаргүй болж айл өрх, аж ахуйн нэгжүүд эд хөрөнгөөрөө хохирсоор байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙГ ЦЭВЭРЛЭЖ, ҮЕРТ

ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ

Шар усны үерт өртөх эрсдэлтэй үерийн аманд буусан айл

Ж.Пүрэвжамц: Инженерийн шугам сүлжээний их засвар 65,3

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатарт 27-29 хэм дулаан байна

Сэтгэгдэл бичих