
МАН-ын талцал хуваагдал, УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулснаар ийнхүү улс төрийн томчууд хэлэлцээрийн ширээнд сууж, хөшигний ард тохироо хийх уулзалтууд өчигдрөөс эхлэв. Хамгийн сүүлд гэхэд Б.Амарбаясгалан, Ерөнхийлөгч нар уулзсан гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ уулзалтаар тохиролцоонд хүрээгүй гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгч болон түүний хүрээлэл экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хагарлаас эхлэлтэй улс төрийн өрнөл Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэхээр өрнөж байна. Ардчилсан намын зүгээс Б.Амарбаясгалантай тохирч, УИХ-ын дарга Н.Учралыг спикерийн ажлаа өгч, Засгийн газраа тэргүүлэх ёстой гэсэн бойкот явуулсан. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, улс төрийн өргөн хүрээний акц болон хувирав. Мэдээж Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ Б.Амарбаясгалантай тохиролцсон гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж буй. Нэгэнт л Ерөнхий сайд болох хүсэлтэй байсан Н.Учралд энэ нь нэмэх оноо болж, талцал, хэрүүлийг далдаас дэмжсээр, УИХ-аа хүчлэхгүй байсаар долоо хоногийг үдэв. Ийн УИХ-ын үйл ажиллагаа дан ганц МАН олонх буюу 68-аараа бүрдүүлээд явах, Засгийн газарт хамтардаг Иргэний зориг ногоон нам, ХҮН намтай хамтраад ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ын олон гишүүд Ардчилсан намын талд “орсон”. Тиймээс чуулганы ирц хүрэхгүй улс төрийн томчуудыг хэлэлцээрийн ширээнд суухад хүргэв.
ТАЛУУД ТОХИРОЛЦООНД ХҮРСЭНГҮЙ
МАН-ын бүлэг нэгэнт хоёр хуваагдаж, асуудлаа шийдэж чадахгүй учраас намынхаа томчуудад асуудлаа даатгав. Ингэхдээ намын Удирдах зөвлөлөө хуралдуулж, Засгийн газраа унагах уу, авч үлдэх үү гэсэн улс төрийн шийдвэр гаргуулахаар болсон. Харин Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байгаа ч МАН дотор улс төрийн томчууд нь тохиролцоонд хүрч, ойлголцож чадаагүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дуудаж, намын эв нэгдлээ хангаж ажиллах талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг даргаас чөлөөлөх асуудлыг МАН өөрсдөө өргөн барих уу эсвэл Ардчилсан нам гардах уу гэдэг асуудал ч яригдаж буй. Хэрэв МАН дотооддоо тохирч, Г.Занданшатарыг Н.Учралаар солихоор тохирвол Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барих болов уу. Эсвэл УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газраа шинээр байгуулна. Үйл явцын хувьд ийм л процесс өрнөнө. Гэхдээ энэ бүхнийг МАН-ынхан өөрсдөө тохирч байж эцэслэнэ. Албан бус мэдээллээр бол МАН-ынхан өчигдрийн хийсэн уулзалтууд үр дүнгүй болж, тохиролцож чадаагүй гэх. Тиймээс ч Удирдах зөвлөл товлогдож чадахгүй, амралтын өдрүүд рүү МАН-ын тохиролцоо шилжиж байх шиг байна.
МАН, АН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ГЭСЭН ХАМТРАЛ ҮҮСЭХ ҮҮ?
МАН-ын удирдлагуудын уулзалтаар дараагийн Засгийн газар байгуулахдаа Ардчилсан нам, Монгол ардын нам, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр гэсэн хамтарсан засаг байгуулах асуудал ч яригдсан. Нөгөө талд МАН дангаараа засаг барих ёстой гэсэн байр суурь байгаа ч улс орны нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад хамтарсан засаг байгуулах нь зөв гэсэн зүйлс яригдаж, дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гарах болсон. Магадгүй өнөөдрийн нөхцөлд хамтарч засаг байгуулах нь оновчтой байж болох юм. Ардчилсан намын бойкотыг ч анхнаасаа тохирсон гэх мэдээлэл гарсан нь таамаглаж болох хувилбар юм.
Улс төр алга урвуулахын хооронд өөрчлөгддөг учраас яг энэ мөчид ч МАН-ынхан тохиролцоонд хүрэх уулзалтууд үргэлжилсээр байгааг тодотгоё.
Ш.ЧИМЭГ

Сэтгэгдэл бичих