- Хүмүүс төрөлхийн сод ухаантай хүүхдүүд ой тогтоолтын спортоор амжилт үзүүлдэг гэж боддог. Энэ бол зөв аргачлал бүхий, тууштай хөдөлмөрийн үр дүн
- Дийлэнх хүмүүс тархиныхаа нэг хагас бөмбөлгийн цөөн хэдэн чадварыг ашиглаж байна. Ой тогтоолтын арга техник баруун, зүүн тархины чадварыг хослуулж ашигладаг учраас богино хугацаанд их мэдээлэл цээжлэх боломж олгодог
- Оюун ухааны академи байгуулагдаад арван жил болж байна. Энэ арван жилийн хугацаанд манай шигшээ багийн тамирчид олон улсын болон дэлхийн чанартай 57 тэмцээнээс 1077 медаль, 53 цом хүртсэн. Мөн гиннесийн гурван рекорд, давхардсан тоогоор дэлхийн 18 рекордын 13-ыг нь өсвөрийн тамирчид маань эзэмшдэг
Монголын оюун ухааны академийн тамирчид дэлхийд амжилтаараа тэргүүлж, Гиннесийн рекордыг ч эзэмших болсон. Өдгөө манай улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид дэлхийн 18 дээд амжилтыг эзэмшиж байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Манай улсын баг тамирчдын амжилтын үндсийг тавьж буй Монголын оюун ухааны академийн ахлах багш, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдантай ярилцлаа.
-Та өмнө нь тамирчин байсан. Яагаад тамирчны карьераа өндөрлөж, багшлахаар шийдсэн юм бэ?
-Би эмч мэргэжилтэй. Анагаахын сургуулийн оюутан маш их зүйл цээжлэх шаардлагатай болдог. Тиймээс 2009 оноос ой тогтоолтын спортоор хичээллэж, зургаан жилийн турш тамирчны карьераа үргэлжлүүлсэн. Тухайн үед дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж байлаа. Сургуулиа төгссөнөөс хойш ажлаас шалтгаалаад бэлтгэл хийх цаг зав хомс болсон. Өөрөө энэ спортын үр шимийг хүртэж, амжилтад хүрсэн учраас хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлээ хуваалцъя, спортоо орхихгүй үргэлжлүүлье гэж шийдээд мэргэжлээ орхиж, дуртай спортоороо багшлахаар шийдсэн.
-Манай тамирчид маш богино хугацаанд өсөн дэвжиж, дэлхийн хэмжээний амжилт гаргаж буй нь юутай холбоотой вэ?
-Манай хүүхдүүд төрөлхийн сод ухаантай биш. Ой тогтоолтын спортоор тууштай, зөв аргачлалаар хичээллэсний үр дүнд өндөр амжилт үзүүлж байна. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ой тогтоолтын тусгай техникийг монгол хүний онцлогт нийцүүлэн боловсруулсан. Дараагийн хүчин зүйл багшаас шалтгаална. Багш хичээлээ маш сонирхолтой байдлаар орж, хийж буй зүйлд нь дурлуулах хэрэгтэй. Мөн суралцагчийн сахилга бат, хөдөлмөрч байдал, ёс зүй, хариуцлага зэргээс хамаарна. Нөгөөтэйгүүр монгол хүний онцлог гэж бий. Аливаа шинэ зүйлд маш хурдан дасан зохицож, хурдан хүлээж авдаг энэ чадвар амжилтад нөлөөлдөг.
-Богино хугацаанд амжилт үзүүлж, дэлхийн рекордуудыг эвдээд ирэхээр гаднын орны тамирчид, шүүгчид гайхширсан байх. Ер нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Анх зохион байгуулагчид бидний амжилтад итгэдэггүй байсан. Тэмцээний дараа тусдаа уулзаж, бичсэн материалаа шалгуулах, дахиж даалгавар гүйцэтгэх тохиолдлууд байсан. Жил ирэх бүр энэ амжилтаа баталж харуулсаар одоо Монголын баг дэлхийд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж байна. Мөн бусад орны тамирчид “Та нар өдөрт хэчнээн цаг бэлтгэл хийдэг вэ, ямар аргачлал ашиглаж байна” гэж байнга асуудаг. Зарим орны тамирчин ой тогтоолтын спортыг мэргэжлээ болгож, бүх л цагаа бэлтгэлдээ зориулдаг. Харин бидний хувьд ажил, хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилтаа зохицуулж, хобби болгон хөгжүүлдэг учраас тэднээс илүү амжилт үзүүлж байгааг гайхахаас аргагүй. Манай улс гуравхан сая хүн амтай. Тамирчдын ихэнх нь Улаанбаатар хотын хүүхдүүд. Ой тогтоолтын спорт орон нутаг руу одоо л тархаж эхэлж байна. Өөрийгөө нээж амжаагүй, илүү их нөөц бололцоотой олон хүүхэд орон нутагт амьдарч байгаа. Тооноос илүү чанар гэдэг шиг бид цөөхүүлээ боловч монгол хүний үнэлэмж, оюун ухаан өндрөөр үнэлэгдэж байна.
-Олон улсын тэмцээний үеэр уур амьсгал ямар байдаг бол?
-Сая хэлсэнчлэн анх бидний амжилтад итгэдэггүй байсан. Дараа дараагийн жилүүдэд амжилттай оролцоод, өөрсдийгөө батлаад ирэхээр манай багийг маш халуун дотноор хүлээж авдаг болсон. Тэмцээний эхний өдөр өмсгөлөө өмсөөд заал руу ороход бүгд гайхсан харцаар хардаг. Энэ их гоё мэдрэмж.
-Манай улс дэлхийн ямар ямар дээд амжилтуудыг эзэмшдэг вэ?
-Оюун ухааны академи байгуулагдаад арван жил болж байна. Энэ хугацаанд манай шигшээ багийн тамирчид олон улсын болон дэлхийн чанартай 57 тэмцээнээс 1077 медаль, 53 цом хүртсэн. Мөн Гиннесийн гурван рекорд, 60 буюу ахмад нас гэсэн дөрвөн ангилалтай. Зарим хүн асуудаг юм. “Багшаа, би одоо 30 настай, энэ спортоор хичээллэхэд оройтсон уу. Үр дүнд хүрэх болов уу” гэх мэт. Энэ хамгийн буруу. Хэн ч байсан зөв системийн дагуу, тогтмол бэлтгэл хийвэл өөрийнхөө үзүүлэлтийг ахиулах боломжтой. Би нэгдүгээр курст байхдаа буюу 18 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Тийм ч эрт биш. Шууд л насанд хүрэгчдийн ангиллын ширүүн өрсөлдөөн дунд хөл тавьсан. Гэхдээ өөрөө өөртэйгөө өрсөлдөж, бага багаар амжилтаа ахиулсаар үр дүнд хүрсэн. Та хэдэн настай ч байсан энэ спортоор хичээллэж болно. Эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдэг. Мэдээж хэрэг эрт эхлэх тусмаа үр дүнтэй.
-Хүмүүс “Хөгшрөөд мартамхай боллоо. Ой муудаад байна” гэж ярьдаг. Ой тогтоолтын спортоор хичээллэснээр энэ асуудлаа шийдвэрлэх боломжтой юу?
-Тийм ээ, боломжтой. Тархины дасгал ашиглан ой тогтоолтоо сайжруулж, мартах өвчнөөс сэргийлж болно. Хүний тархи баруун, зүүн гэсэн хоёр хагас бөмбөлөгтэй. Энэ бөмбөлгүүд нь өөрийн гэсэн чадвар болон тусгай үүрэгтэй байдаг. Хүмүүс баруун, зүүн тархиа хослуулж ашиглаж чаддаггүйгээс ой тогтоолт нь муудаж, мартаж, санах нь ихэсдэг. Ерөнхийдөө дийлэнх хүмүүс тархиныхаа нэг хагас бөмбөлгийн цөөн хэдэн чадварыг ашиглаж байна. Ой тогтоолтын арга техник баруун, зүүн тархины чадварыг хослуулж ашигладаг учраас богино хугацаанд их мэдээлэл цээжлэх боломж олгодог.
-Улс орнуудыг амжилтын үзүүлэлтээр нь эрэмбэлдэг үү?
-Монголын баг 2019 онд Ой тогтоолтын дэлхийн холбооны тэмцээнд нийлбэр дүнгээр хоёрдугаар байр, Олон улсын холбооны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Энэ спортоор хамгийн хүчтэй өрсөлдөж буй гурван улс бий. БНХАУ, Хойд Солонгос, Монгол.
-Бэлтгэлийн системийн талаар сонирхож болох уу. Гадаад орчноос тусгаарлаж, вакуумжуулсан бэлтгэл хийдэг гэж сонссон?
-Тамирчид юм цээжилж, тогтоож байгаа учраас дуу чимээ багатай, гэрэлтүүлэгтэй орчин хэрэгтэй. Бид анхнаасаа хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхийг зорьдог учраас ихэнх хүүхэд бэлтгэлээ бие дааж, гэрийн нөхцөлд хийдэг. Харин олон улсын тэмцээн ойртсон үеэр 14-30 хоногийн хугацаатай вакуумжуулсан бэлтгэлд гарна.
-Хичээл заах арга барилаасаа сонирхуулахгүй юу?
-Хичээл маань төсөөллийн аргачлалд суурилдаг. Тиймээс маш сонирхолтой, хөгжилтэй байдлаар үргэлжилдэг. Хүүхдүүд хичээлийн турш хөгжилдөж, эцэст нь заасан зүйлсээ асуухад бүх мэдээллийг нэг бүрчлэн хэлж чаддаг нь үнэхээр гайхалтай. Мөн хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэхгүйгээр зөвхөн өөрийгөө ялан дийлэхэд сургадаг.
-Манай сонин Гиннесийн рекорд эзэмшдэг тамирчин Э.Мөнхшүр, Э.Энхшүр нартай ярилцах үеэр тэд “Ой тогтоолтын тэмцээний турш тамирчид яг л мөс шиг байдаг” гэж хэлж байсан. Та тамирчдынхаа сэтгэл зүйг хэрхэн бэлддэг вэ?
-Тэмцээний үеэр тамирчдаасаа илүү сандардаг. Амжилт үзүүлбэл бас л тэднээсээ илүү баярлаж, бахархана. Ер нь бүх л спортын тамирчин сэтгэл зүйгээ удирдаж, өөрийгөө хянаж сурах ёстой. Сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болж бэлтгэл дээр сайн байсан хэдий ч тэмцээний үзүүлэлт сул, амжилт үзүүлэхгүй байх тохиолдол бий. Хамгийн их ашигладаг арга маань бодлын хүч. Тамирчин бүртэй тулж ажиллаж, бэлтгэлийн өмнө маш эерэг, сайхан зүйлсийн талаар бодуулдаг. Онгоцонд суухаас эхлээд ямар амжилт үзүүлж байгаагаа нэг бүрчлэн төсөөлөн боддог. Нэг ёсондоо тархи толгойг нь эерэг бодлоор цэнэглэж байна гэсэн үг. Үүний дараа бэлтгэл хийхэд маш өндөр үр дүн гардаг.
-Оюуны зураглалын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд орохоор төлөвлөсөн гэсэн. Энэ төрлийн тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Өмнө нь бид оюуны зураглалын төрлөөр олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Энэ бол ойтогтоолтын спортын бие даасан төрөл. 300 хуудастай ном байлаа гэхэд тухайн номын бүх агуулгыг ганцхан бичгийн цаасан дээр зураг болон түлхүүр үг ашиглаж илэрхийлнэ гэсэн үг. Энэ зураглалаа хараад тухайн номын бүх үйл явдлыг санах боломжтой.
Сэтгэгдэл бичих