- Э. Ариунтунгалаг цанын үндэсний шигшээ багийн тамирчин байсан бөгөөд биатлоны спортоор 2019 оны зургаадугаар сараас хойш хүчин зүтгэжээ
Хоёрдугаар сарын 13-23-нд Италийн Антхолз-Антерсилва хотод биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээнд монгол тамирчин анх удаа оролцохоор болсон баярт мэдээг дуулгая. Тодруулбал, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Ариунтунгалаг оролцох эрхийн шалгуурыг хангажээ. Биатлоны дэлхийн аваргад оролцохын тулд тамирчид Дэлхийн цомын цувралуудаас 180-аас доош оноо авах ёстой. Харин манай тамирчин 156 оноотойгоор эрхээ баталгаажуулсан байна. ДАШТ-д оролцох багийн бүрэл дэхүүнд тамирчнаас гадна беларусь мэргэжилтэн А.Попов, дасгалжуулагч Д.Болд-баатар, менежер Маганза нар багтжээ. Э.Ариунтунгалаг цанын үндэсний шигшээ багийн тамирчин байсан бөгөөд биатлоны спортоор 2019 оны зургадугаар сараас хойш хүчин зүтгэжээ. Биатлоны спортын түүхийг бичиж буй Э.Ариунтунгалагтай холбогдоход “Тэмцээний үндсэн бэлтгэлээ беларусь мэргэжилтний удирдлага дор Италид хийж байна. Энд ирээд найман сар болсон. Өнгөрсөн хугацаанд цуврал тэмцээнд оролцож, тодорхой амжилт үзүүлснээр ДАШТ-д уралдах эрхтэй боллоо. Маш баяртай байна. Тэмцээн эхлэхэд 20 орчим хоногийн хугацаа үлдлээ. Бэлтгэлээ улам чамбайруулж, амжилттай уралдахын тулд хичээх болно” гэв. Өвлийн спортын цөөнгүй төрлөөр хичээллэн, жигд амжилт гаргаж яваа тамирчдын нэг болох Э.Ариунтунгалаг нь Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин бөгөөд өдгөө 28 настай. 2008 онд гавьяат тамирчин Л.Дорж, спортын мастер Д.Ичинхорлоо нарын удирдлагад цанаар анх хичээллэж эхэлжээ. Монгол Улсын 18 удаагийн аварга тэрбээр БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 50 км-ийн зайд өрсөлдөн барианд орж, Монголын эмэгтэй цаначдаас анхдагч болсон юм. 2016 онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 25, 2018 онд ОХУ-д болсон тэмцээний 30 км-ийн зайн уралдаанд түрүүлж, азийн хүүхдийн хоёрдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн төдийгүй ДАШТ-д XI байрт шалгарсан билээ. Үүнээс гадна цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Х.Хаш-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчны хамт 47 хоногийн хугацаанд 10 аймаг, 26 сумаар дамжин ролекоор 1000, дугуйгаар 1350 км замыг гүйж туулан, спортыг сурталчилж байсан удаатай. 10 хоног үргэлжлэх ДАШТ-ий дараа манай тамирчин Чехийн Нове-Место хотноо болох дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцох юм.
Эх сурвалж: Засгийн газрийн мэдээ сонин
Сэтгэгдэл бичих