Бичил организмуудын нэг болох вирусийн талаар болон Монголын вирус судлалын хөгжлийн талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, микробиологич, доктор Д.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Микробиологи нь вирус, бактери, мөөгөнцөр зэрэг нүдэнд үл үзэгдэх бичил биетүүдийг судалдаг юм байна. Сүүлийн өдрүүдэд коронавирус эрчимтэй тархаж байгаа учраас вирус гэж яг юу болох, хэрхэн дамждаг талаар уншигчдадаа эхлээд тайлбарлаж өгнө үү?
-Вирусийг 1892 онд вирус судлалын шинжлэх ухааны “эцэг” хэмээн нэрлэгддэг Д.И.Ивановский нээсэн. Тухайн үеийн эрдэмтэд вирусийг хор гэж үзэж байв. Үүнээс хойш эрдэмтэд энэ яг юу вэ гэдэг дээр их маргалдсан. Тэгээд 1915 онд бактерийг устгадаг вирусийг нээсэн. Вирус нь фаразит (шимэгч) шинжтэй. Амьтан, ургамал, хүн, хорхой шавж гэх мэт бүх амьд организмд шимэгчилж чадна. Ямар л амьд организм байна түүнд шимэгчлэн амьдарч сурсан амьдралын хамгийн энгийн хэлбэр. Вирус агаарт амьгүй. Амьд биет рүү л орчихвол бүх хэрэгцээт хоол тэжээлийг захирч авахын тулд удамшлын мэдээлэлд халдаж, шимэгчилж буй амьд биеийнхээ эсэд ашиглуулахгүй, өөртөө татан захирч, өөрийгөө олшруулдаг. Ингэснээр эзнээ үхүүлдэг эсвэл өвчин тусгаад орхидог. Вирус ийм амьдралтай. Вирусийн бүтцийг маш энгийнээр тайлбарлавал, гадна талаараа уургаас тогтсон хайрцагтай (капсид). Үүн дотор вирусийн удамшлын мэдээлэл хадгалагдаж байдаг. Удамшлын мэдээллүүд нь олон янз. Биднийх ДНХ (Дезоксирибонуклейн хүчил). Вирусийнх ДНХ ч байж болно, РНХ (Рибонуклейн хүчил) ч байж болно. Агаар дахь амьгүй вирус амьд биед халдварлаж ороод удамшлын мэдээлэл нь эсэд нэвтрэн, нуклейн хүчлийнх нь мэдээллийг өөртөө ашиглаад эхэлдэг. Тэгэнгүүт эсэд “чи миний удамшлын мэдээллийг олшруул” гэдэг комманд өгнө. Ингээд амьд биеийн эс вирусийн удамшлын мэдээллийг нь хэдэн зуугаар олшруулангуут уургаар бүрхэгдэн вирусийг үүсгэнэ. Энэ нь шүлсээр, ялгадсаар, найтаахад гадагшилна. Цаашлаад цусанд орвол хамгийн аюултай. Коронавирус нь цус руу ороод уушгины хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Вирусийг таниад 200 жил болсон атлаа одоо хүртэл хүн төрөлхтөн хүчин мөхөс байна. Вируст үйлчилдэг маш цөөхөн антибиотик байдаг. Бараг л үйлчлэхгүй шахуу. Гэхдээ хүний биеэс ялгардаг интерферон гэдэг уураг вируст үйлчилдэг. Бидний дархлааны систем их чухал. Төрөлхийн болон олдмол дархлаа бий. Бид дархлаатай болохын тулд вакцин тариулдаг. Хүний бие эсэргүүцэл муутай, ядраад, сульдаад яваад байвал вирус амархан орж ирнэ. Эсэргүүцэл сайн байх тусам халдвар тусахгүй. Янз бүрийн халдварт өвчин тусах, вирусийн гаралтай өвчин туссаны дараа дархлаатай болдог. Дахиад тэр бичил организмтайгаа нүүр тулахад өвдсөн ч амархан эдгэдэг эсвэл огт тусдаггүй. Яагаад гэвэл дархлааны систем санах ойтой. Бидний дархлааны гайхамшиг нь энэ.
-Хүн төрөлхтөн нийт бичил биетүүдийн 40 хувийг нь л нээж илрүүлсэн гэдэг. Дэлхийн ертөнц өөрчлөгдөхийн хэрээр янз бүрийн бичил биет шинээр нээгдэж байдаг уу?
-Дэлхийн дулааралтай холбоотой Хойд мөсөн туйл хайлахад мөнх цэвдэгт хадгалагдсан, бидний мэдээгүй байсан бичил организмууд гарч ирж байна. Үүнтэй нүүр тулахад хүн төрөлхтөн бэлэн биш. Яагаад гэвэл бидний дархлаанд ийм биет байдаг шүү гэдэг санамж байхгүй. Кристофер Колумб Америк тивийг нээхэд тэнд амьдарч байсан нутгийн иргэд (индианууд) маш олноор хорогдсон. Яах вэ, дайн байлдаан болоод алуулсан нь олон боловч бас дийлэнх нь өвчнөөр үхсэн. Тэр нь Европчуудаас янз бүрийн өвчний халдвар авснаас болсон юм. Европчуудын хувьд тэр өвчнүүдэд аль хэдийнэ дархлаа тогтчихсон, харин индианчуудын дархлаанд тогтоогүй байж. Тэгээд халдвар аваад ямар ч эмчилгээгүй маш олноор үхэж байсан. Урьд нүүр тулж байгаагүй бичил организмтай тулах юм бол бөөн аюул болно. Бид байгаа юмандаа дасаад дархлаатай болчихсон учраас зүгээр амьдраад байдаг. Бид бичил организмгүй амьдарч чадахгүй. Тэртээ тэргүй агаар, ус, хөрс, хүний бие гээд хаа сайгүй байдаг. Хүний биед ашигтай бичил биетүүд ч байна. Монголчууд бид үүнийг цагаан идээгээр дамжуулан авдаг.
Том гүрнүүд бактериологийн дайн хийж, биологийн зэвсгээр тулалдаж байна шүү дээ
-Ямарваа нэг вирусийг агаар, дуслын замаар халддаг гэж мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Яагаад ингэж нэрлэдэг юм бол?
-Агаарт нүдэнд харагдахгүй маш олон бичил биет, тоосонцрууд бий. Үүнээс гадна маш жижиг аерозол буюу усан дуслууд байдаг. Энэ усан дуслууд дээр вирусүүд наалдана. Тэд агаарт байхдаа амьгүй. Амь тээгээд л үхчихгүйхэн шиг энд тэндгүй явж байна. Нарны хэт ягаан туяа, байгаль, физикийн хүчин зүйлүүдээс болж бас устана л даа. Гэхдээ вирус агаарт маш удаан байж чадна. Агаар их тоосонцортой байх тусам бичил организм их байна гэсэн үг. Үүгээр нь бид амьсгалахад халдвар авна. Эрүүл амьдрахад агаарын чанарын асуудал их чухал л даа.
-Монгол Улсын вирус судлалын салбарын хөгжил хэр байна гэж та бодож байна вэ. Вирус судлалаар мэргэшсэн хүн маш бага байдаг юм билээ?
-Вирус судлал Монголд бага багаар хөгжиж байгаа. Монголд вирус судлал, микробиологийн лабораториудыг хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна. Бид өвчин гарахад л “одоо яана аа” гэж сандардаг. Шинжилгээнийхээ хариуг эндээ гаргаж чадахгүй, гадны улсууд руу явуулж мөнгө цацаад л байна. Гаднынхан бидэнд хайртай биш шүү дээ. Биднийг чадалтай болгоё гэж бодохгүй. Ард түмнээ хамгаалахын тулд шаардлагатай мөнгө хөрөнгийг нь төр засгаас гаргаад лабораториудыг хангалттай байгуулах ёстой. Гэтэл тэр мөнгө хаашаа явж байна вэ. Уг нь энэ салбарт хөрөнгө оруулах мөнгө байгаа. Хамгийн гол нь ойлгохгүй, хүсэхгүй байгаад л учир байна. Нэгд, мэргэжлийн хүмүүс биш байна. Хоёрт, өөрөө л үхээгүй бол яах вэ гэдэг хандлагатай. Тэгээд л вирусийн гаралтай өвчин гарахад “Би үхлээ, ээжээ ааваа” гээд орлилдоод эхэлнэ. Дээр үеийнх нь шиг буу барьж орж ирээд бид нарыг эзлэх хэрэггүй болчихсон. Зүгээр л бактериологийн дайн хийж, биологийн зэвсгээр тулалдаж байна шүү дээ. Ийм зэвсэг орж ирээд биднийг устгахад байшин сав, бүх юм нь үлдээд бид байхгүй болно. Манай эрдэмтэн, судлаачид вирусийг судалж, хамгаалах арга замуудыг олж байх ёстой. Асуудал гараад ирэхэд сандрахгүйгээр “наадахыг чинь ингэнэ ээ” гээд тайлбарладаг, дор нь арга хэмжээг нь авах төвшинд хүрч чадвал юунаас айх вэ дээ. Ойд байгаа баавгайнаас бид айж амьдраад байдаггүй биз дээ. Буутай байхад баавгай гараад ирвэл өөрийгөө хамгаалчихна. Үүнтэй л адил.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл
Эх сурвалж: Itoim.mn
Сэтгэгдэл бичих