-Монголд зээлтэй хэчнээн иргэн байна вэ. Зээлдэгч нарт ямар хүндрэлүүд тулгараад байна вэ?
-Монголын ард түмэн үнэхээр бухимдаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Гэтэл энэ хүнд цаг үед арилжааны банкууд, зээлийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л санхүүгийн байгууллагууд зээлсэн мөнгөө бушуухан олж аваад, зээлдэгч нараа “цаанаа учраа ол” гээд түлхэхийг урьтал болгож байна. Ялангуяа, зайлшгүй шалтгааны улмаас зээл авсан жирийн иргэдийг мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буланд шахаж байна. Монголбанкнаас авсан хоёр долоо хоногийн өмнөх мэдээллээр манай улсад 1 987 840 зээл байна. Үүний 44 300 нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгаа юм. Үлдсэн 1 сая 940 мянга гаруй нь төрийн албан хаагч, жирийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зэргээр хувь нэр дээр зээл авсан хүмүүс байна. Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн зохих дэмжлэгүүдийг төрөөс үзүүлж байгаа. Дэмжих нь зүйтэй. Тэгвэл цаана нь байгаа нэг сая 940 гаруй мянган хүний байдал тун хүнд боллоо.
Надад маш олон хүн хандаж байгаа. Би тэдгээрээс ирсэн зарим зурвас (мессэж)-аас уншиж өгье. Иргэн А ингэж хандсан байна. “Манайх бизнесийн зээл авсан юм. Зээлээ цаг тухайд нь төлж ирсэн. Гэвч өвчин тахалтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрсний улмаас гуравдугаар сарын зээлээ төлж чадахгүйд хүрч банкинд хүсэлт гаргасан. Хаан банк эхний удаад ямар ч арга хэмжээ авах боломжгүй гэж хариу өгсөн. Дараагийн удаа арай нааштай хариу өглөө. Ингэхдээ энэ сарын зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт төлөөд гэрээгээ шинэчил гэсэн байна” гэжээ. Орлого орохгүй, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж байхад заавал өмнөх хуримтлагдсан төлбөрийг барагдуулж байж гэрээгээ шинэчил гэж дарамт үзүүлж болохгүй.
Зөвхөн арилжааны банк ч биш, банк бус санхүүгийн байгууллага, ломбард гэх зэргээр зээл олгож байгаа бүхий л байгууллагад очихоор манайд албан ёсоор бичиг ирээгүй гэж буцааж байна. Албан ёсны бичиг хүлээгээд ард түмний халаасанд байгаа үлдсэн жаахан мөнгийг сороод авчихлаа. Засгийн газраас зээл хойшлуулах мэдэгдэл хийсэн ч албан ёсны бичиг баримт нь ирээгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн сараас иргэдийн дансанд байсан хамаг мөнгийг татаад авчихсан. Одоо юун зээл төлөх, яаж амьдрах вэ гэдэг асуудал тулгараад байна.
Надад ирсэн мэдээллүүдийг харахад зээлээ төлөөгүй шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагууд барьцаанд тавьсан машиныг нь хурааж авсан 20 давсан тохиолдол байна. Орон байрнаасаа салж байгаа хэчнээн хүн бийг ч тааварлах арга алга. Хүмүүс амьдрал ахуйгаа өөд татаж, үр хүүхдээ тэжээхийн тулд машин тэрэг, орон байр зэрэг байгаа хөрөнгөө барьцаанд тавьж зээл авдаг. Өндөр хүүтэй зээлээ арай ядаж төлж байтал гамшигт өвчнөөс болж орлогогүй болсноор хамаг юмаа банкинд алдаад дуусах нь ээ.
-Төрөөс зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэр гаргасан ч арилжааны банкууд үүнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах оролдлого байх шиг. Энэ талаар танд ямар жишээ байна вэ?
-Байлгүй яахав, байна. Бараг хоёр сая дөхсөн хүн зээлтэй байгааг дээр хэлсэн. Энэ хүмүүс дунд эрсдэлээ урьдчилан харж, юмны наад цаадахыг тооцож байгаа нь аримлжааны банкуудад хүсэлтээ өгч байна. Харин мэдлэг, мэдээлэл нимгэнтэй хүмүүс нь хаана хандах, хүсэлтээ хэрхэн өгөхөө мэдэхгүй сууж байна. Банкуудад очиход “Манайд зээл хойшлуулах албан бичиг ирээгүй” гэсэн үгээр нэлээн хүнийг буцаасан. Дараагийн удаа очихоор “Та зөвхөн хүүгээ төлөөд явчих” гэж байх шиг. Зөвхөн хүүгээ төлж явах юм бол үндсэн төлбөр нь хасагдахгүй, хүүгийн зардал урсаад илүү шулалт явагдаж байгаа юм биш үү. Үндсэн төлбөр, хүүг аль алиныг нь хойшлуулан гэсэн биз дээ. Мөн зарим нь зээлийн хүү, төлбөрийг чинь гурван сараар хойшлуулъя гэж байна. Өө баярлалаа гэхээр урдаас “Та гурван сарын дараа зээлээ төлөөд эхлэх үедээ өмнө нь хойшлуулсан зээлийн хүү, үндсэн төлбөрөө дараагийн гурван сард нь хувааж нөхөж төлөөрэй” гэж байгаа юм. Ийм хачин дарамттай. Хүний хамаг юмыг шавхаж байж л санаа нь амрах гээд байна. Төрөөс гаргасан шийдвэрийг өөртөө ашигтай байдлаар хувиргах гээд ядаад байх юм. Тэгээд ч гурван сарын дараа энэ хүмүүс зээлээ шууд төлөөд явах боломж хомс. Гэнэт өргөс авсан юм шиг санхүүгийн чадамжтай болчихоно гэж байхгүй.
-Ер нь манайд бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрээс банкнаас өөр байхгүй учир иргэд арга буюу арилжааны банкинд ханддаг. Энэ байдлаас болоод хэт хатуу нөхцөлөөр зээл олгодог гэж шүүмжилж байсан?
-Ер нь мөнгө санхүүгийн бизнес хийж байгаа хүмүүс маш хатуу гэрээ хийж, хүмүүсийн гарцаагүй байдлыг далимдуулан буланд шахаж ирсэн. Тухайлбал, ямар ч гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг тусгадаг. Гэтэл арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлсийн талаар ямар заалт байхгүй. Хэрэв ийм заалт байсан бол энэ хүнд үед төрийн гар оролцуулалгүй хоёр талаас гэрээнийхээ дагуу эрх тэгш байдал үүсгээд зохицоод явж байгаа. Харамсалтай нь, хадгаламж эзэмшигч цөөн хүнээ л дээдлээд зээлдэгч нараа тоодоггүй. Зээл авсан хүнд коронавирусээс үүдэлтэй хүндрэл гэлтгүй өөр ямар ч бэрхшээл тохиолдож болно. Бие муудах, осол гэмтэлд өртөх зэргээр зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсч болзошгүй. Энэ тохиолдолд эрсдэлийг хуваалцах үүрэг, хүн чанарын хэлтэрхий банкуудад байх ёстой. Гэвч тэд үхсэн ч зээлээ төлнө шүү, авбал ав гэж байна.
-Манайд зээлийн хүү хэт өндөр учир үүнийг давж ашиг олно гэдэг хүндрэлтэй байдаг. Ингээд бага зэргийн хүндрэл тохиолдоход зээлтэй хүмүүс нам цохиулж байна. Хоёр жилийн өмнөх судалгаагаар нэг өрх сарын орлогынхоо 90 хүртэл хувийг зээлэнд өгч байна гэсэн дүнг харж байсан ?
-Ерөөсөө л тийм. Монголчууд дээсэн дөрөөн дээр амьдарч байна. Зээл авч бизнес эрхлээд алдаа гаргах л юм бол хадны ирмэгээс унаж байгаа. Өндөр хүүг дагасан эрсдэлийг даван гарч ажил орлоготой болохын төлөө олон жил хичээсээр ирлээ. Төр засгаас санхүүгийн байгууллагуудыг угжсаар байгаад ард иргэд нь ийм байдалд орчихлоо. Зээлээ төлөхийн тулд сүүлийн 2-3 жил шинэ хувцас, гутал авч өмсөөгүй олон мянган иргэн бий. Бүх юмаа зээлэнд өгч байна. Манайд сарын зээлийн хүү дунджаар хоёр хувьтай байна. Жилийн 24 хүртэл хувь болдог. Монгол бол хамгийн өндөр хүүтэй цөөн орны нэг.
Миний сонссоноор 80 орчим улсад зээлийн дээд хязгаарыг тогтоосон хууль байна. Тэтгэврийн зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх зээлийн дээд хязгаар тэд гэх зэргээр чиглэл чиглэлээр нь тодорхойлж өгдөг. Ингэж үйлдвэрлэл, иргэнээ дэмждэг. Гэтэл манайд ийм зүйл ярихаар эрх мэдэлтнүүд лоббинд орчихсон, хадгаламжийн хүүнээс шалтгаалж байна гээд суучихдаг. Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Нийт хадгаламж эзэмшигчийн тав хүрэхгүй хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай. Эндээс хадгаламжийн цаана өндөр хүүгээр орлого хийгээд сууж байдаг цөөн бүлэг байгаа нь харагдана. Тэгвэл энэ мөнгийг бизнес рүү оруулах хэрэгтэй. Өөрөө бизнес хийж чадахгүй юм бол хөрөнгийн зах зээл рүү мөнгөө оруулж, компаниудын хувьцааг худалдаж ав. Мөнгө чинь эдийн засгаа дэмжиж эргэлдэнэ. Бизнесээ ч дэмжинэ, орлогоо ч олно.
-Та төр засагт ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Нийт дөрвөн шаардлага тавьж байна. Юуны өмнө Монголбанкны бодлогын хүүг огцом бууруулах шаардлагатай. Яагаад гэвэл одоо манайх ам.доллар гадагш алдахгүй. Бүх улс орны бизнес хумигдлаа. Долларын эрэлт буурлаа. Тиймээс өмнөх шиг ам.долларын ханш өснө гэж санаа зовох асуудал бага болсон тул бодлогын хүүгээ огцом бууруулж, эдийн засгаа дэмжмээр байна. Хоёрдугаарт, бүх төрлийн зээл олгогч байгууллагын зээл, хүү төлөлтийг 6-12 сараар царцаах шаардлагатай. Мөн төрөөс төгрөгийн зузаатгал хийх шаардлагатай. Түүнчлэн, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгон иргэн бүрт мөнгөн дэмжлэг олгохыг шаардаж байна. Шаардлагын хариуг ирэх сарын 9 хүртэл өгөхгүй бол 24 цагаар өлсгөлөн зарлах болно.
Эх сурвалж: Өдрийн сонин Г.БАТЗОРИГ
Сэтгэгдэл бичих