Ам нээх бүрдээ “Тог хязгаарлана, тэг зогсох, тэс хөлдөх аюул ойрхон байна” гэж “айлгадаг” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чухам ямар хүмүүсээр эрчим хүчний төрийн өмчит компаниудаа удирдуулж байгааг бид цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад бид ашиг сонирхлын асар их зөрчилтэй буюу Увсаас Улаанбаатарт ирмэгцээ “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болсон М.Мөнхөө болон хувийн компаниараа эрчим хүчний салбарын том тендерүүдийг түүдэг Ерөнхий инженер Э.Мөнхжаргал нарыг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нутгийн дүү, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхөө 2.4 тэрбум төгрөгийн таван орон сууц, 514 сая төгрөгийн хадгаламжтай.
Улаанбаатар хотын 13 хувь буюу Баянзүрх дүүргийн оффис, орон сууцуудыг дулаанаар хангадаг, 200 орчим ажилчинтай “Амгалан дулааны станц” ТӨХК-ийг Мягмарын Мөнхөө гэх залуу 2022 оноос хойш удирдаж байгаа. М.Мөнхөөгийн хувьд, Увс аймгийн уугуул бөгөөд Увсын аймгийн “Улаангом политехник коллеж”-д Сантехникийн багш, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл 2022 оны наймдугаар сарын 30-нд Увсын уугуул Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Улмаар сарын дараа буюу 2022 оны аравдугаар сарын 3-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн М.Мөнхөөг Увсаас Улаанбаатар авчирч, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Хэн, хүнд ийм ховор завшаан тохиохгүйг дурдах нь зүйтэй.Ноцтой нь, М.Мөнхөө Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа 18 сая төгрөгийн орлоготой, 615 сая төгрөгийн орон сууцтай, 12 сая төгрөгийн Toyota Estima автомашинтай, 6.0 сая төгрөгийн хадгаламжтай л байжээ. Гэтэл одоо М.Мөнхөө 2.4 тэрбум төгрөгийн таван орон сууцтай, зуслангийн хаустай, үйлчилгээний нэг барилгатай, 141 сая төгрөгийн Mersedes Benz S400, Lexus RX350 загварын хоёр автомашинтай, 514 сая төгрөгийн хадгаламжтай, 290 сая төгрөгийн авлагатай болж томорсон байх аж. Тэгэхээр “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхөөгөөс Увсаас Улаанбаатарт яаж ирсэн, бас яаж хөрөнгөжсөн бэ гэж асуух нь зүйн хэрэг биз ээ.
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер Э.Мөнхжаргал хувийн компаниараа сүүлийн хоёр жил есөн тендер авчээ
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий инженерээрээр 2022 оноос хойш Энхжаргалын Мөнхжаргал гэх залуу ажиллаж байгаа. Э.Мөнхжаргал нь өмнө нь төрд, тэр тусмаа төрийн өмчит станцуудад огт ажиллаж байгаагүй. 2012 онд үүсгэн байгуулсан “ЖМДМ” ХХК-ийнхаа захирлаар ажиллаж байгаад 2022 онд шууд “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий инженерээр томилогдсон байдаг.Судалж үзвэл, аав Х.Энхжаргал нь ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирлаар тус тус ажилладаг. Харин ээж Л.Долгорсүрэн нь Эрчим хүчний яаманд ажиллаж байсан, 2019 оноос өнгөрсөн он хүртэл “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн ажилласан. Төрсөн ах Э.Мөнхтүвшин нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д Орон нутгийн дулаан хангамж хариуцсан инженерээр ажилладаг. Эндээс харвал, Э.Мөнхжаргал нь аав Х.Энхжаргалынхаа нөлөө ба татаасаар “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер болсон байж болзошгүй дүр зураг гарч ирнэ.
Хамгийн ноцтой нь, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер Э.Мөнхжаргал нь аавынхаа төрсөн дүү буюу авга ах Халтарын Баянмөнхтэйгөө “ЖМДМ” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Э.Мөнхжаргалын “ЖМДМ” ХХК нь Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур” ХХК, “Амгалан дулааны цахилгаан станц” ТӨХК-аас 29 тендер аваад буй. Зөвхөн энэ онд л гэхэд Э.Мөнхжаргалын “ЖМДМ” ХХК нь Эрчим хүчний яам болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2.2 тэрбум төгрөгийн тендер авчээ. Жишээ болгож, “ЖМДМ” ХХК-ийн хамгийн сүүлд шалгарсан тендерүүдийг танилцуулъя.
Тухайлбал, Эрчим хүчний яамны харьяа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгж”-ийн
- Хувьсах хурдны насос солих 1.3 тэрбум төгрөгийн тендер
- Дулаан хангамжийн магистраль шугам өртгөтгөн шинэчлэх 3.1 тэрбум төгрөгийн тендер
- Механик редуктортой бөмбөлгөн хаалт нийлүүлэх 905 сая төгрөгийн тендер
- Цахилгаан редуктор бүхий ган бөмбөлгөн хаалт нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
- Цахилгаан редуктор бүхий ган бөмбөлгөн хаалт нийлүүлэх 665 сая төгрөгийн тендер
- Ган бөмбөлгөн хаалт нийлүүлэх 207 сая төгрөгийн тендер
- Халуун усны ялтсан бойлер суурилуулах 165 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна.
Цаашилбал, Э.Мөнхжаргалын авга ах Х.Чинбат гэж хүн байдаг ажээ. Харин Х.Чинбат нь “ЧММ” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “ЧММ” ХХК нь мөн л эрчим хүчний салбарын тендерүүдийг түүдэг ажээ.
Тухайлбал,
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн
- Ган бөмбөлгөн хаалт нийлүүлэх 191 сая төгрөгийн тендер
- Ган бөмбөлгөн хаалт нийлүүлэх 310 сая төгрөгийн тендер
- Ганбөмбөлгөн таслах хаалт нийлүүлэх 808 сая төгрөгийн тендер
- Ганбөмбөлгөн таслах хаалт нийлүүлэх 424 сая төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байх ажээ.
Сэтгэгдэл бичих