Бишкект Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 26 дахь удаагийн дээд түвшний уулзалт болж, тус байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэсэн нь Евразийн геополитикийн өөрчлөлтийг дахин нэг удаа дэлхийн анхаарлын төвд авчирлаа. Киргизистаны нийслэлд болсон уг уулзалтад 21 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож, “Бишкекийн тунхаглал”-аас гадна аюулгүй байдал, хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагч орны хувиар өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэн, гишүүн болон түнш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалт хийжээ.Энэ уулзалтын ач холбогдлыг зөвхөн ШХАБ-ын 25 жилийн ойгоор хязгаарлах боломжгүй. Учир нь өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын тогтолцоо нэг төвөөс олон төв рүү шилжиж буй үйл явц эрчимжиж байна. ШХАБ-ын өргөжиж буй үйл ажиллагаа үүний нэг илрэл юм.
Түүхэнд дэлхийн хүчний харьцаа ингэж үндсээрээ өөрчлөгдөх үед ихэвчлэн асар том хямрал дагалдаж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг өнгөрсөн үеийн аль нэгтэй шууд адилтгах боломжгүй. Харин түүх бидэнд нэг чухал сургамж өгдөг. Хуучин дэг журам суларсан ч шинэ дэг журам тэр даруй бий болдоггүй. Хоорондын завсрын үе хамгийн тогтворгүй байдаг. Дэлхийн I дайн 1914 онд эхлэхэд Европын хэдэн зуун жил тогтсон хүчний тэнцвэр хэдхэн жилийн дотор нуран унасан. Дайн дуусахад Герман, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн зэрэг хуучин хүчний төвүүд доройтож, дэлхийн улс төрийн газрын зураг эрс өөрчлөгдсөн. Гэвч 1918 онд дайн дууссан нь дэлхийд тогтвортой байдлыг шууд авчирсангүй. Версалийн тогтолцоо шинэ зөрчлүүдийг бий болгож, 20 гаруй жилийн дараа Европ дахин дайнд орсон юм. Тэгвэл 1939–1945 оны Дэлхийн II дайн үүнээс ч том өөрчлөлт авчирсан. Дайн дуусахад Их Британи, Франц зэрэг хуучин Европын гүрнүүдийн дэлхийн хэмжээнд нөлөөлөх чадвар суларч, АНУ болон ЗХУ хоёр супер гүрэн болон гарч ирэв. Улмаар дэлхий хоёр туйлт системд шилжиж, НАТО, Варшавын гэрээ, цөмийн зэвсгийн өрсөлдөөн зэрэг шинэ тогтолцоо бий болсон. Харин 1989–1991 онд энэ систем өөрөө задрав. Берлиний хана нурж, 1991 онд ЗХУ задран унаснаар Хүйтэн дайн төгсөв. Тэр үеэс АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс болж, Барууны либерал ардчилал, чөлөөт зах зээлд суурилсан тогтолцоо дэлхийн олон оронд давамгайлсан юм. Гэвч түүхэнд ямар ч тогтолцоо мөнх байгаагүй юм.
Хятад эдийн засгийн болон технологийн асар их хүч болж өсөж, Орос Зөвлөлтийн дараах сул дорой байдлаас гарахыг эрмэлзэж, Энэтхэг дэлхийн томоохон эдийн засаг, геополитикийн тоглогч болж, Бразил, Турк, Саудын Араб зэрэг орнууд ч өөрийн стратегийн орон зайгаа өргөжүүлж байна. Улс орнуудын ашиг сонирхол улам олон чиглэлд хуваагдах болжээ.Орос Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн нь энэ өөрчлөлтийг хурдасгасан томоохон үйл явдал болов. Дайн зөвхөн хоёр улсын нутаг дэвсгэрийн маргаан байхаа больж, Европын аюулгүй байдлын тогтолцоо, НАТО-гийн ирээдүй, Орос-Европын харилцаа, дэлхийн эрчим хүч, хүнсний зах зээл, олон улсын санхүүгийн системд хүртэл нөлөөлөв. Өнөөдөр энэ дайн улам бүр шинэ шинжтэй болж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын агаарын орон зай улам бүр аюултай болж, Оросын тэнгэрт Украины дронууд нисэх учраас тус улсын дээгүүр нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд эрсдэлийг тооцох ёстой гэж анхаарууллаа. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дронуудыг далай, усан дор, газар болон агаарт ашиглах нь Оросын өмнө тулгарч буй гол сорилтуудын нэг гэж тодорхойлж, Украины эрчим хүчний салбарт хариу цохилт өгөх бэлтгэл хийхийг цэргийн байгууллагуудад даалгасан гэж мэдэгдэв.
Украины дронууд Оросын Ленинград мужийн Усть-Луга боомтыг дахин онилж, 50 гаруй нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан тухай Оросын тал мэдээлсэн бол Киев хотод болсон Оросын масс цохилтын улмаас найман хүн амиа алдсаны зургаа нь төмөр замын ажилтан байжээ.Ингэснээр дайн фронтын шугамаас хэдэн зуун километрийн цаана орших боомт, төмөр зам, нисэх буудал, эрчим хүчний байгууламжийг хүртэл стратегийн бай болгон хувиргаж байна.Энэ бол түүхэн талаасаа маш чухал өөрчлөлт. Дэлхийн I, II дайны үед аж үйлдвэр, төмөр зам, нефтийн орд, боомт зэрэг үйлдвэрлэлийн баазууд стратегийн бай байсан. Харин өнөөдөр тэдгээрт дрон, хиймэл сэтгэхүй, кибер ажиллагаа, сансрын тагнуулын систем нэмэгдэж байна.Өөрөөр хэлбэл, XX зууны аж үйлдвэрийн дайн XXI зуунд технологийн дайн болон хувирч байна.
Европт үүнтэй зэрэгцэн өөр нэг түгшүүртэй өөрчлөлт гарч байна. Германы эрх баригчид Лейпциг/Халле нисэх буудалд тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросыг оролцсон байж болзошгүй хэмээн үзэж, Москвагийн эсрэг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас ч Оросын оролцоог харуулсан олон шинж тэмдэг байгааг мэдэгдсэн байна.
Хэрэв ийм төрлийн диверси, кибер халдлага, дроны ажиллагаа нэмэгдвэл Орос-Украины дайн Европын аюулгүй байдлын асуудлаас давж, Европын дотоод дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал болж хувирна.Европ ч үүнд бэлтгэж байна. Украиныг зөвхөн тусламж хүлээн авагч орон бус, цэргийн шинэ технологийн туршлагын эх үүсвэр гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Кая Каллас Украиныг цэргийн инновацийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орон хэмээн нэрлэсэн нь үүнийг харуулна.АНУ-ын байр суурь ч өөрчлөгдсөнгүй. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Оросын Сангийн сайд Антон Силуановтай уулзах үеэр дайн үргэлжилж байгаа нөхцөлд Москва эдийн засгийн дарамт сулрахыг хүлээх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлжээ.Ийнхүү Европ, АНУ-ын зүгээс Орост үзүүлэх улс төр, эдийн засгийн дарамт үргэлжилж байгаа бол Евразийн нөгөө хэсэгт өөр нэг процесс явагдаж байна.Бишкект ШХАБ-ын гишүүн болон түнш орнууд аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ нь заавал Барууны эсрэг нэгдсэн цэргийн блок байгуулагдаж байна гэсэн үг биш. Харин улс орнууд дэлхийн нэг төвөөс хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулж, өөрийн эдийн засаг, аюулгүй байдлын сүлжээг бий болгохыг эрмэлзэж байгааг харуулж байна.
Түүхэнд ийм шилжилтүүд хэд хэдэн удаа тохиолдсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл өмнөхөөсөө нэг том ялгаатай. Өмнө нь дэлхийн хүчний харьцааг гол төлөв цэрэг, аж үйлдвэрийн хүчин чадал тодорхойлдог байсан бол одоо технологи, мэдээлэл, санхүү, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл сэтгэхүй зэрэг хүчин зүйлс түүнтэй адил хэмжээнд ач холбогдолтой болжээ.Тиймээс өнөөдөр бид 1914, эсвэл 1939 оныг дахин давтаж байна гэж хэлэх аргагүй. Харин 1914–1945 оны хоорондох шиг хуучин хүчний тэнцвэр суларч, шинэ тэнцвэр бүрэн тогтоогүй шилжилтийн үеийн зарим шинж дэлхийд дахин ажиглагдаж байна.
Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт бүр ч чухал. Хоёр том хөршийн хооронд оршдог Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орны хувьд Евразийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ашиглахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо хадгалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон төвт дэлхийн нөхцөлд Монголын гадаад бодлогын тэнцвэр улам нарийн ур чадвар шаардах болно.Өнөөдөр дэлхий яг хаашаа явж байгааг хэн ч эцэслэн хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна.
Аль 1991 онд эхэлсэн дэлхийн нэг төвт эрин үе дуусах шатандаа орж, түүний оронд олон төвт шинэ тогтолцоо бүрэлдэж байна. Харин түүх бидэнд бас нэг зүйлийг сануулдаг. Нэг тогтолцооноос нөгөөд шилжих үе хамгийн тайван үе байдаггүй. 1918 онд Дэлхийн I дайн дууссан ч 1939 онд дэлхий дахин дайнд орсон. 1945 онд Дэлхийн II дайн дууссан ч удалгүй Хүйтэн дайн эхэлсэн. 1991 онд ЗХУ задарсан ч дэлхийн хүчний өрсөлдөөн дууссангүй.Өнөөдөр бид мөн ийм нэг шилжилтийн босгон дээр байж болох юм.Гэхдээ энэ удаагийн өрсөлдөөний талбар илүү өргөн. Дайн зөвхөн фронтод биш, дрон тэнгэрт, кибер халдлага цахим орчинд, хориг санхүүгийн системд, өрсөлдөөн технологийн үйлдвэрүүдэд, геополитик далайн боомт болон төмөр замд өрнөж байна.
Ирээдүйн дэлхийн дэг журмыг өнөөдөр хэн нэгэн ширээний ард ганцхан гэрээгээр байгуулахгүй. Харин дайн, технологи, эдийн засаг, эвсэл, дипломат харилцаа, улс орнуудын өдөр тутмын стратегийн сонголтуудын нийлбэрээр бий болгоно.Тиймээс Бишкект болсон ШХАБ-ын уулзалт, Украины дроны цохилт, Европын аюулгүй байдлын шинэ түгшүүр, АНУ-ын Орост үзүүлж буй эдийн засгийн дарамтыг тус тусдаа үйл явдал гэж харах нь хангалтгүй.Эдгээр нь нэг том үйл явцын өөр өөр хэсгүүд юм. Дэлхий шинэ дэг журмынхаа төлөө өрсөлдөж байна.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

Сэтгэгдэл бичих