
Улсын Их хурлын гишүүн, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-Та сайхан наадав уу. Энэ жил хаагуур наадав?
-Энэ жилийн баяр наадам их сайхан боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаар наадлаа. Манай Иргэний зориг, ногоон намын зүгээс Хүй долоон худагт асар, гэр барьж, намынхаа гишүүд болон дэмжигч нарт хүндэтгэл үзүүллээ.
-Та хурдан морь хэр сонирхдог вэ. Сүүлийн үед зарим гишүүд төрийн наадмаар морь мордуулж байгаа харагдах юм?
-Би өөрөө нэг их морь уяад байдаггүй юм. Ер нь бол 20 жилийн өмнөөс хүмүүс хурдан морь бэлэглэж байсан. Чамгүй ч олон болсон байх. Гэхдээ унаган ижилд нь л явж байгаа болов уу. Тэдгээрийн заримыг нь эзэд нь уяж сойж байгаа гэж хэлдэг л юм.
-Баяр наадмын дараахан шатахуун, түлш хомсодлоо. Уг нь салбарын сайд нь ямар нэгэн асуудалгүй, хүссэн газар руугаа яв гэж байсан ч дараа нь иргэд олноороо хөдөө гадаа явсан нь буруу болоод үлдэх шиг боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шатахууны хувьд манайх асуудалтай нь бол асуудалтай. Учир нь импортоос бүрэн хамаарч байгаа нөхцөлд тийм амар зүйл биш. Гэхдээ үүнийг чинь тооцож болох зүйл шүү дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, монголчуудын дөрвөн улирлын байдал, зуны дэлгэр цагтаа олон хүн амарч зугаалдаг гээд олон зүйлийг нарийн тооцож байх хэрэгтэй. Улирлын нөхцөл байдлаас хамаарч махны үнэ, шатахууны үнэ нэмэгддэг. Гэвч энэ бүхэн чинь олон жилийн турш ийм л байсан. Тиймээс Засгийн газар арга зүй, боловсруулалт дээрээ хайхрамжгүй хандаж, хуучны сэтгэлгээгээр хандаад байна гэж ойлгож байгаа.
-Түүнээс биш энэ бүхэн өнөөдөр бий болчихсон зүйл биш гэж үү?
-Харин тийм. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл биш. Жилийн жилд нь иймэрхүү нөхцөл байдалтай байдаг.
Хавар нь мах өсөөд, намар нь хүнсний ногооных нь үнэ уначихдаг. Иймэрхүү цаг агаараас үүдэлтэй үүсдэг нөхцөл байдлуудаа сайн бодож байх ёстой. Үүнтэй адилхан шатахууныг жаахан либериальчлаад, задлаад олон хүний оролцоотой, хийж болох бизнес болгочихвол энэ бүхэн бүтэхгүй зүйл биш шүү дээ.
-COP-17 хурал удахгүй манай улсад зохион байгуулагдана. Салбарын сайд байсан хүний хувьд бэлтгэл ажлуудыг нь анхаарч л байгаа байх. Хэр хангагдаж байх шиг байна вэ?
-Байгаль орчны салбар дэлхий нийтэд гадаад харилцаанаасаа илүү эрчимтэй харьцангуй улс төр ороод байдаггүй ийм салбар. Монгол Улсад маань Дэлхийн цөлжилттэй тэмцэх хурал болох гэж байна. Энэ бол ойрын арван жил дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг юу хийх вэ гэдэг бодлогыг гаргах хурал. Хоёрдугаарт, зохион байгуулагч орон өөрийнхөө хөтөлбөр, санхүүжилтийг босгох боломжийг маш сайн бий болгодгоороо чухал. Хурал мэдээж ямар нэгэн байдлаар зохион байгуулагдаад дуусна. Харин хурлаас гарах үр дүн ямар байх вэ гэдэг зүйл байна. Тиймээс хурал болохоос өмнө маш сайн гэрээ хэлэлцээрүүд явагдсан байх ёстой. Урьдчилж тохирсон энэ тохиролцоонууд чинь хурал дээр албажна. Түүнийг хоёр жилийн хугацаанд Монгол Улс энэ конвенцийг даргалагч, удирдагч орныхоо хувьд яаж ажиллах вэ гэдэг нь чухал. Энэ хугацаанд сайн ажиллаж байж үр дүн өндөр гарна. Мэдээж нэлээд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа татах боломжууд бол бий болж байсан. Сүүлд одоогийн нөхцөл байдлаар хэр дэвшилттэй явааг хараахан мэдэж амжаагүй байна. Хурал дээр Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тийм болохоор хариуцсан сайд нь үүн дээр хэр ажиллах вэ гэдгээс их олон зүйл шалтгаална даа.
-Салбарын сайдаар ажиллаж байхдаа ямар, ямар хэмжээний хөрөнгө оруулалт татахаар яриа хэлцэл хийж амжсан бэ?
-Зөвхөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас л гэхэд 600-800 сая еврогийн хөрөнгө оруулалтыг ойн чиглэлд татахаар, үүнийгээ энэ хурал дээр зарлана гэдэг байдлыг ярьж байсан. Энэ бол зөвхөн нэг газрын л хөрөнгө оруулалтын хэмжээ. Ер нь 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад оруулж ирнэ гэсэн тооцоотой л ажиллаж байсан. Дээрээс нь COP хурлыг зохион байгуулах ажилд нэлээд хэдэн газраас 20-30 сая ам.долларын буцалтгүй хандив орж ирэхээр байсан. Нэг ёсондоо энэ хэрээр татвар төлөгчдийн мөнгө л хэмнэгдэнэ гэсэн үг. Харин сүүлийн үед гүйцэтгэл дээр жаахан дутсан байж магадгүй. Тийм сураг байсан. Ер нь улс төрд явж байгаа хүн өмнөх сайд нь арынхаа сайдын ажилд хэт их оролцоод байх нь жаахан зарчимгүй зүйл. Тиймээс дэмжих хэрэгтэй бүх зүйл дээр нь дэмжээд л байж байна.
-Саяхан зарим хэвлэл, сэтгүүлчидтэй их мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан. Түүнийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ гэрээ тэгэхээр таны үеийнх үү. Эсвэл одоогийн сайдынх уу?
-Тийм мэдээлэл явж байсныг харсан. Гэхдээ яг алийг нь хэлээд байгааг би нарийн мэдэхгүй байна. Хоёрдугаарт, гурван төрлийн COP байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилтийн эсрэг гээд энэ гурван COP найм, арав, арваннэгдүгээр саруудад дарааллаад болох юм. Засгийн газрын хуралдаанууд дээр COP-той холбоотой асуудал яригдахад үүнийг маш сайн сурталчилж, олон нийт, нутгийн иргэдийн оролцоо, мэдлэгийг хангаж ажиллах ёстой гэдэг зүйлийг ярьж байсан. Тэр хүрээндээ сурталчлах ажлыг хийх ёстой гэдгээ ч Үндэсний хорооны хурал дээр ч хэлж л байсан. COP-ын Ажлын алба энэ асуудлаа зохион байгуулаад, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийсэн байх. Миний хувьд бодлогын асуудлуудыг бариад явна уу гэхээс деталь ажил руу ерөөсөө ордоггүй байсан учраас нарийвчилж мэдэхгүй л байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Сэтгэгдэл бичих