» » Монгол туургатныг дэлхийд таниулсан БҮТЭЭЛҮҮД

Монгол туургатныг дэлхийд таниулсан БҮТЭЭЛҮҮД

Монгол туургатныг дэлхийд таниулсан БҮТЭЭЛҮҮД


Дэлхийн сор бүтээлүүд шигшигдэн тоглогддог Лондон хотын Колизей театрт өнгөрсөн онд харуусал, омогшил, бахархал асгаруулан “Тамгагүй төр“ жүжиг “амилсан” нь Монгол туургатныг дэлхийд таниулсан түүхэн үйл явдал байв.
Монголын театрын түүхэнд нэгэн шинэ зам зурайлгасан энэхүү бүтээлийг анх Соёлын сайд Ч.Номин “Олон улсын зах зээлд гаргахаар судалж байна” гэж ярихад “Эй дээ барах уу” гэж эргэлзсэн нь олон.
Харин Их Британид Улсын драмын эрдмийн театрын 70 гаруй уран бүтээлч хүрэлцэн очиж, “Монгол хаан” жүжгийг англи хэл дээр тоглож эхлэхэд “Соёлын яам төсвийн мөнгөөр наадлаа” гэж хардсан нь ч бий.
Эл асуудалд Соёлын сайд Ч.Номин “Олон нийтийн дунд “Монгол Улсын Соёлын яамнаас жүжигчдийг татвар төлөгчдийн мөнгөөр Лондонд тоглуулж байна” гэсэн хардлага гарсан. Гэвч яг үнэндээ Херо энтертайнментын шинэчилж, физикл хэлбэрт оруулан тоглож буй “Монгол хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гадны хөрөнгө оруулалтаар Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл бөгөөд Соёлын яамнаас нэг ч төгрөг гаргаагүй. Энэ төсөл гэлтгүй Монгол уран бүтээлчдээ дэлхийн тайзнаа гарч Монгол уран бүтээлээ тоглож, эх орноо Монгол өв соёлоороо дамжуулан сурталчлан, таниулах ажлыг Соёлын яам бодлоготойгоор дэмжиж ирсэн. “Монгол хаан” жүжгийн баг бүрэлдэхүүнд виз болон тухайн газарт тоглохтой холбоотой асуудал, Элчин сайдын яамтай холбох, хамтран уялдаатай ажиллах зэргээр бодлогын дэмжлэгийг Гадаад харилцааны яамтай хамтран үзүүлсэн. Монгол уран бүтээлчид Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн жүжгүүд тоглогдож байсан Лондон хотын West End Колизей театрт өөрийн бүтээлээ толилуулах гэж байхад огт дэмжлэг үзүүлэхгүй байх нь зохимжгүй” гэсэн тайлбарыг өгч байв.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын салбарыг хөгжүүлж, Монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж заасан.
Энэ ч утгаараа “Монгол хаан” төслийг олон улсад тоглогдох хүртэл төр бодлогоор дэмжжээ. Үнэндээ ч салбар яамнаас бодлогын дэмжлэг үзүүлэхэд энэ нь эргээд ямар том нөлөөг үзүүлж болдгийг “Монгол хаан” жүжиг харуулсан. Учир нь, эл жүжиг Колизей театрт тоглогдсон дөрөв дэх өдрөөсөө Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж онцлох мэдээлэл нь болж байв. Мөн Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад "Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл" гэсэн шүүмж ч нийтлэгдсэн юм.  Ингэхдээ орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Херо Баатарын найруулгаар Лондонд тоглогдож байна.  Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн театрын хөрвүүлэлт дээр ажиллажээ гэж тодотгож байв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар “Монгол хаан” нэртэйгээр физикл драмын хэлбэрт оруулан найруулж, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “дэглэсэн”-ээр дэлхийн тайзнаа гарсан нь энэ юм.
Азийн цээжин дэх жижигхэн ардчилсан улсын сонгодог урлагийн тайзанд шинэ түүх нэмж, шинэ өнгөөр гялалзсан "Тамгагүй төр” дэлхийн театр урлагийн судлаачдын анхаарлыг татна гэдэг нь том үнэлгээ.
“СЭР, СЭР САЛХИ” КИНО “АЛТАН АРСЛАН” ШАГНАЛ ХҮРТЭВ
“Тамгагүй төр“ Лондонгийн театраар дамжин Европын урлагийн салбарт татсан жимээ илүү их тодруулах агшинд Монгол кино  ч мөн дэлхийн тайз хүрч, Венецийн кино наадам, Каннын наадмуудаас шагнал түүж, Монгол жүжигчид дэлхийн одуудтай нэг тайзан дээр эн зэрэгцэн, Монгол гэх нэрээ дуурсгасан түүхэн үйл явдлууд ч өрнөв.  “Сэр сэр салхи" уран сайхны кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тод мөр үлдээсэн түүхэн үйл явдал байв.
“Сэр, сэр салхи” зохиол кино болж, Венецийн наадмаар зогсохгүй Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагнал, гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болоход Соёлын яамны харьяа Кино урлагийг дэмжих сан чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа найруулагч П.Лхагвадулам “Зохиолоо бичсэн ч хэнд хандаж, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед Кино урлагийн зөвлөл байгуулагдаж, олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол эл ажлаа хаяна гэж өөртөө амласан" гэж дурссан байдаг.  Кино урлагийн зөвлөлтэй болсноор найруулагч нарт тулгардаг кино хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгсөн нь эдүгээ дэлхийн 12 орны 15 гаруй кино фестивальд амжилттай оролцсон чансаатай бүтээлийг “үйлдвэрлэх” эх суурь нь болсон юм.
“БААВГАЙ БОЛОХСОН” КАННД НЭР ДЭВШИЖ, ТҮҮХ БИЧИВ
Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг авч бүтээгдсэн хоёр дахь бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино бөгөөд Каннын кино наадамд нэр дэвшсэн нь кино урлагийн салбарт бичигдсэн бас нэгэн тод түүх юм. Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн бүтээл болж,  мөнхлөгдсөн юм. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээл болох агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулсан.
Найруулагч П.Золжаргал бүтээлийнхээ тухай “Энэ кино бол 15 настай хүүгийн тухай кино. Ядуурал хүнийг намаг балчиг шиг барьсан байдаг. Сайн боловсрол л ядуурлаас гаргаж чадна. Гэтэл амьдралын боломж хомс хүүхдүүдэд сайн боловсрол тэгш олдож байгаа юу. Миний “Шинэ Монгол” сургуульд авсан шиг боловсрол яагаад тэдгээр хүүхдүүдэд олдохгүй байгаа вэ гэдэг асуудлыг би хөндөж гаргахыг хүссэн” гэж онцолж байв.
Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг нэмэлт хачиргүйгээр харуулсан энэхүү кино Каннын наадам хүртэл давхисан нь Монголын уран бүтээлчдийг дэмжээд өгвөл дэлхийн дэвжээнд хүртэл давхих “шаанс” байгааг харуулсан үйл явдал болсон юм.
Каннын олон улсын кино наадамд Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, уран бүтээлчдийнхээ хамтаар оролцож, БНСУ, Филиппин, Сингапур, Тайвань, Малайз, Индонез гэсэн зургаан орны Засгийн газрын кино урлагийн зөвлөлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээг үүсгэн байгуулахаар тогтжээ.
Мөн Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл БНСУ-ын Кино урлагийн зөвлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд улс хоорондын соёл уламжлал түүхийн онцлогийг хүндэтгэж хамтран ажиллах, хамтарсан кино төслийг хөгжүүлэн ажиллах, хоёр улсын түгээлтийг дэмжин ажиллах, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бакалавр, магистр, докторын түвшинд боловсон хүчнийг чадавхижуулах. Монгол, Солонгосын кино наадмуудад хоёр тал өөрсдийн кинонуудыг онцлон гаргах. Хоёр улсын кино уран бүтээлчдийг түлхүү дэмжих ажлыг хийх юм.
Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хуулийг боловсруулан 2021 онд УИХ-аар батлуулснаар 2022 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хүрээнд Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж буй нь ийн үр дүнгээ өгч, ирээдүйд дэлхийн олон кино наадамд шалгарах шигшмэл бүтээлүүд гарах үүд хаалгыг нээгээд байна.
Дэлхийн эдийн засагт соёлын бүтээлч үйлдвэрлэл 2.2 их наяд ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд 29 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа том зах зээл юм. Монгол Улсын хувьд ч гэсэн ирээдүйд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг экспортын гол салбар болгож хөгжүүлэх боломж бүрэн бий.
Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын үнэлгээ 143 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувийг эзэлж байна гэдэг судалгааг Соёлын яамнаас гаргасан. Дэлхийн зах зээл дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ өрсөлдөөд эхэлбэл дээрх тоо ДНБ-ний дөрвөн хувь болж арав дахин өснө гэж үзэж байна.
Сонирхуулахад, 2024 оны 77 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын маркет хэсгийн үзвэрт  “366 дахь өдөр” кино үзэгчид болон маркетад оролцож буй олон улсын кино уран бүтээлчдийн хүртээл болсон юм.
Г.ХОРОЛ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр

Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ

“Аз жаргалын хотхон-3” олон ангит уран сайхны кино бэлэглэх

“Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд гарч

О.МАЙДАРРАВЖАА: Найруулагч нэр зүүх хаа ч байсан юм

77 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ СОЁЛЫН ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ

Сэтгэгдэл бичих