Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.08.27/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн алба хаагчидтай дүүргийн ИТХ-ын дарга уулзаж, нөхцөл байдалтай танилцахаас гадна гурван алба хаагчдад таван ханатай гэр, дүүргийн хүндэт тэмдэг, өргөмжлөл гардуулан өгсөн юм.
Түүнчлэн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн байранд иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт олгох сургалт, арга зүйн танхимыг засварлан, тохижуулах ажлын төсвийг дүүргийн ИТХ-аас шийдвэрлэж өгсөн. Энэхүү танхимын засварын ажил дууссан бөгөөд албан ёсоор онцгой байдлын хэлтэст техник, тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгөв. Тус сургалтын танхим 45-50 хүний багтаамжтай бөгөөд иргэд болон алба хаагчдад гал түймэр, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол явуулна гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан онцлон хэлэв.
Мөн уулзалтын үеэр гал түймэр унтраах, аврах ангиудын захирагчид санал хүсэлтээ илэрхийллээ. Тус ангиудад дунд оврын авто машин, спорт заал, анги танхимын тохижилт, өөрийн гэсэн байр, газар шийдвэрлэж өгөхийг хүслээ. Дүүргийн ИТХ-ын дарга эдгээр хүсэлтүүдийг судлан, шат дараатай шийдвэрлэхээ илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах нутгийн зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэст ус соруулах помп, дрон, 4 ш Ipgad, түр хорогдох байранд 45 хүний иж бүрэн хэрэгсэл, туулах чадвар сайтай 2 ширхэг мотоцикл, фото камер, сонсголонгийн гүүрэнд хяналтын камер, сургалтын танхимд 65 инч ухаалаг дэлгэц, иж бүрэн компьютер, проектор, индэр, сургалтын ширээ, сандал гэх мэт техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл бичих