» » 2020 оны сонгуулийн хоёр том ялгаа

2020 оны сонгуулийн хоёр том ялгаа

2020 оны сонгуулийн хоёр том ялгаа
 
Ирэх оны хавар манай гаригийн хамгийн хүчирхэг гүрэн төрийн тэргүүнээ сонгоно. Харин энэ зуур монголчууд төрийн жолоог атгах 76 гишүүнээ шинээр сонгоно. Сонгуулийн хөшиг бага багаар нээгдэж буй энэ цаг үед эдийн засагт ямар нөлөө авчрах бол гэсэн хүлээлт улам гүнзгийрсээр байна.
Америкийн агуу эдийн засгийг дахин бий болгоно гэж тавин одтой төрийн далбаагаа намируулсан Д.Трамп болон түүний өрсөлдөгчдийн сунгаа чангарч байна. Эрүүл мэндийн нэг удаагийн даатгалтай байх уу, эсвэл хувийн даатгалын компаниудад эрх мэдлийг нь өгөх үү гэдэгт нэр дэвшигчид хүчтэй мэтгэлцэж байна. Үүнээс гадна хууль бус цагаачдыг албадан гаргах хугацааг сунгах эсэх, Мексикийн хил дээр хязгаарлалт тавих эсэх гээд олон асуудал нэр дэвшигчдийн толгойн өвчин болжээ. Энэ бол сонгуулийн амлалт улс орны "зүрх” болсон асуудлыг шийдэх ёстойн жишээ билээ.
 
Бүтээмжийг нэмэгдүүлэх АНУ-ын сонгууль 
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Д.Трамп улсынхаа эдийн засгийн өсөлтийг өөрийн засаг захиргааны хугацаанд гурван хувиас буулгахгүй гэж амлаж байсныг ОУВС-гийн ахлах эдийн засагч асан Саймон Жонсон улс төр, эдийн засгийн судалгааны нийтлэлийн "Project Syndicate” онцолсон байв. Тэгвэл энэ улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд ердөө л 2.5 хувьд хүрсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд 2.1 хувиар хэмжигдэж байв. Түүний засаглалын үеийн өсөлт өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн үеийн эдийн засгийн өсөлтөөс нэг их ялгарсангүй.
 
Америкийн жижиг хөдөө тосгон, хотуудаас ажил эрхлэх насны хүмүүс төвийг зорих нь улам ч ихэсчээ. Коллеж төгсөгчид илүү боломжийн эрэлд гарч, харин ахлах сургууль төгссөн хүмүүс л жижиг хотуудад үлдэх ойрын ирээдүй тэнд бас зурайж байна.
 
Улмаар Сан Франциско, Лос Анжелос, Бостон, Нью-Йорк, Вашингтон зэрэг супер оддын хотууд энэ улсын технологийн авьяастнуудын тэнцвэргүй бүс болон хувирч байгаа юм. Энэ хэрээр эрсдэл ч нэмэгдсэн хэвээр байна. Учир нь эдгээр хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ гэрлийн хурдаар өсч, дийлэхийн аргагүйд хүрч, эцэс төгсгөлгүй асуудлын гогцоо болон хувирчээ.
Геополитикийн бүсүүд болоод орлогын гол эх үүсвэр болсон хил хязгаарынхаа тэнцвэрийг олж, АНУ хэрхэн бүтээмжтэй өсөлтийг хангах вэ гэдэг том асуулт урган гарч ирж байна. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг авч үзэхэд нэг чухал зүйл байгаа юм. Шинэ санаачлагуудыг хөрөнгө оруулалтад зөв "орчуулж” өгснөөр шинжлэх ухаанч байдлаар үндэсний аж үйлдвэрийн багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр шинэ ажлын байр бий болж, ажиллах хүчний үр дүнг нэмж, ажилтай хүн орлогоо алдахгүйн тулд жижиг хотууддаа үлдэх, томоохон хотуудын ачаалал тэнцвэржих, үүнийг дагаад эдийн засгийн эрсдэлүүд буурах боломжтой аж.
Тэгвэл "Уолл Стрийт Журнал”-д өнгөрсөн пүрэв гаригт гарсан мэдээлэлд "Энэ оны эдийн засгийн өсөлт 2.1 хувь байх төлөвтэй. Холбооны нөөцийн сан болон эдийн засагчдын урьдчилан төсөөлж буйгаар ирэх онд өсөлт хоёр, 2021 онд 1.8 хувьтай байхаар байна” хэмээн онцолсон байлаа. Эдийн засагчдын судалгаагаар АНУ-ын голлох үйлдвэрлэлийн тодорхойгүй байдал, Хятадтай үүсгэсэн худалдааны дайны улмаас бизнесүүд ба хэрэглэгчдийн бужигнаан үүсээд байгаа нь үүнд нөлөөлжээ. Америкийг доош чангааж буй хамгийн гол зүйл нь юу вэ гэсэн асуултад хувийн хэвшлийн салбарын эдийн засагчдын 61.5 хувь нь "Гаалийн татвар болон экспортууд” хэмээн хариулжээ. Энэ судалгааг "Уолл Стрийт Журнал” сэтгүүл энэ сарын 6-10-ны өдрүүдэд бизнес, санхүүгийн 60 байгууллагын эдийн засагчдын дунд явуулсан байна.
 
Монгол:Сонгуулийн эдийн засаг 
 
Шархадны Шарав гуайн амьдрал өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн сайжирсан бэ. Хөвгүүд нь ажилд орох гэж яам, газрын дарга нарын гар хүндрүүлэх "шаардлага” хэр их гарсан бэ. Ач, зээ нар нь харьяа дүүргийнхээ хамран суралцах бүсийн цэцэрлэгт хамрагдаж чадсан болов уу. Энэ асуулт бол өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариултаа нэхэж буй гол зүйл.
Алт, зэс зэрэг шавхагдах нөөц баялгаа дэлхийн биржүүдэд арилжиж, хэзээ ч барагдаж мэдэх хөрөнгөөр нүүдэл хийх гэж хичээж буй нь Монголын улс төрийн ертөнцийн тоглоомын дүрэм болчихжээ. Ашигт малтмалын үнэ буурвал орлого нь багасдаг ханш дагасан мөчлөг манай эдийн засгийг өнгөрсөн хугацаанд багагүй сандаргасан. 2011 онд зэсийн үнэ бүх цаг үеийн хамгийн өндөр цэгт хүрч, нэг тонн нь 10 мянган ам.доллар болоход манай эдийн засаг анх удаа 17 хувийн өсөлт үзүүлж байлаа. Үүнээс цааш ашигт малтмалын эрэлт аажмаар суларсаар өнөөдрийн байдлаар зэсийн үнэ ердөө л 6000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байна.
 2016 оны сонгуулийн үеэр манай эдийн засаг 1.5 хувийн өсөлттэй байсан. Ашигт малтмалын үнэ өөдлөөгүй болохоор энэ жил эдийн засаг 6.7 хувиар өснө гэсэн тооцоо бий. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг өссөн мэт харагдаж байгаа ч хүнээсээ 20 дахин олон малтай улс оронд махны үнэ дийлддэггүй, цагаан идээ ховрын бараа болсон, хүүхдийн цэцэрлэг авлигагүй бол бүтдэггүй болчихсон ийм хэрээс хэтэрсэн бичигдээгүй хуулиуд монголчуудад нуруу тэнийх ч чөлөө өгөхгүй нь.
 
Мөн нэг литр шатахууны үнэд хүрэхгүй мөнгөөр цэцэрлэгийн хүүхдүүд нь нэг өдрийн хоолоо залгуулдаг увайгүй харамч нийгэмд бид амьдарч байгаа нь сонгуулийн сайхан үр дүн гэж хэлэх үү.
Тун удахгүй ашигт малтмалыг сэргээгдэх эрчим хүч, нөхөгдөх эх үүсвэрээр орлуулаад ирэхийн цагт сонгуулиар өөд уруугүй цацдаг мөнгөний сураг бүр ч бүдгэрэх вий. Тэр цагт олсон жаахан мөнгөөрөө цэцэрлэг, сургууль нэмж бариагүйн төлөөсийг иргэд өөрсдөө л төлж барагдуулах болно. Түүнээс биш сонгуульд ялсан эрхэм гишүүн, сайд, даргын өрөөсөн битгий хэл хоёр чихийг аваад ч асуудлыг шийдэх боломж үгүй л болов уу.
 
Ер нь парламентын болоод орон нутгийн сонгууль ихээхэн хүчтэй нөлөөлдөг. Одоо ч ч гэсэн сонгууль хаяанд ирсэн болохоор аль ч салбарын бизнесүүд харзнасан ажигласан байдалтай байна.
Өнгөрсөн сонгуулиудаар намуудын мөрийн хөтөлбөрт бөөндөж орж ирсэн хөрөнгө оруулалт бол улс төрийн намын бий болгосон бүтээмж биш харин байгалийн шавхагдах баялаг. Угтаа бол бидний одоо харж байгаа эдийн засгийн өсөлт бол уул уурхайн ашигт малтмалаа ямар ч боловсруулалтгүйгээр гадаад зах зээлд нийлүүлсний үр дүн. Харин эсрэгээр нь бид гадаадаас машин, техникээ өөрсдийн нийлүүлсэн баялгаас хэд дахин өндөр үнээр авч байгаа.
2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Америкчууд эдийн засгийн өсөлт, түүний үр шим, бүтээмжийг улстөрчдөөс шаардаж, тэдний "усыг шахаж” байна. Харин бид сонгууль дагасан мөнгөний амлалтуудаар "цангасан” хэвээрээ улстөрчдийн цувааг хүлээж байна.
 
Энэ л бидний асар том ялгаа юм.
 
 
Ж.ЦогзолмааЭх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын хүрээнд 30 мянган эмэгтэй

“НЭГ ТОЙРОГ” ХЭМЭЭХ МОЛИГО

Монгол Улсад УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ

Цэцийн дээр "МАН-АН"-тай л тэнгэр бий

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

42-р тойргийн нөхөн сонгуулийн тов ДАХИН цуцлагдах уу

Сэтгэгдэл бичих