» » 42-р тойргийн нөхөн сонгуулийн тов ДАХИН цуцлагдах уу

42-р тойргийн нөхөн сонгуулийн тов ДАХИН цуцлагдах уу

Өнгөрсөн жил зохион байгуулагдах учиртай байсан Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар бүтэн жилээр хойшлогдсон. Тэгвэл ирэх сарын 30-нд товлогдсон сонгууль дахин хойшлогдож магадгүй тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлээд байна.
Тодруулбал, иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан. Түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэх гомдлыг одоогоос дөрөв хоногийн өмнө /2019.05.06/ гаргасан юм.
Ингэснээр гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээж авснаар Хэнтийн сонгуулийн товыг цуцлах нөхцөл бүрдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээллүүд хөвөрч эхлээд байгаа юм. Ийм тохироог эрх баригчид хөшигний ард аль хэдийн хийчихсэн гэх шуум дэгдлээ. Эл тохирооных нь нэг нь иргэн Д.Ганхуягийн дээрх мэдэгдэл байх магадлалтай аж.
Хэнтийн нөхөн сонгуулийн тухайд 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж, цаашид аль нам эвсэл засаглах магадлалтай байгааг шалгах сорилт гэдэг нь нууц биш болсон. Энэ тухай улс төрчид ил, далд ярьж буй. Тийм ч учраас улс төрийн томоохон намууд гол анхаарлаа хандуулж, намын лидер гэсэн тодотголтой хүмүүс нэр дэвшихээр яригдаж байгаа.
Тус сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, МАХН-аас С.Ганбаатар, Н.Энхбаяр, АН-аас Ж.Оюунбаатар зэрэг хүмүүсийн нэр яригдаж байна.
Хэрэв 42-р тойрогт ялагдвал намын ПиАр-ийн хувьд том уналт болно. Иймд зарим эрх баригчдад Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах нь ашиггүй байх магадлал өндөр.
Иймд иргэн Д.Ганхуяг зэрэг хүмүүсийн төлөөллөөр бор шувуу нисгэж, нөхөн сонгуулийг ДАХИН хойшлуулах арга саам сүвэгчилж байгаа гэх хардлагыг нийгэмд төрүүлж байна. Улс төрийн сөрөг хүчнүүд ч үүнийг эсэргүүцэж энэ талаар хэдийнэ дуугарч, байр сууриа илэрхийлээд эхэлчихлээ. Тухайлбал,
Энэ талаар сөрөг хүчний намын дарга С.Эрдэнэ, “Өнгөрсөн намар мөн л МАН-ын гаралтай хүн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулж байсан. Одоо дахин хоёр дахь удаагаа Цэцэд хандлаа. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг сэргээх гэж Цэцэд гомдол гаргасан нь ёс зүйн талаасаа маш увайгүй. Хоёрдугаарт, эрх баригч нам нөхөн сонгуулийг хүчингүй болгуулах Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах гэж зохион байгуулалттай үйлдэл хийж байгаа нь маш харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, "УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Ийм асуудалд Д.Ганхуяг Цэцэд гомдол гаргаж нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байхыг оролдож байна. Д.Ганхуяг нэгэнт ил гараад ярьж байна гэдэг нь цааш юу өрнүүлэхээ хэдийнэ төлөвлөчихсөн, зохиол нь бичигдчихсэн гэсэн дүр зураг харагдаж байна. Хэнтийн нөхөн сонгууль гэлтгүй Монгол даяараа дарга нарыг хамгаалдаг, дарга нар гэмт хэрэгт холбогдвол хуулийн мухардалд ордог ийм төр улстай нийгэм байж болохгүй" гэжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"Арынх нь эгнээнд сууж явсан иргэний гаргасан байж

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

“НЭГ ТОЙРОГ” ХЭМЭЭХ МОЛИГО

Монгол Улсад УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ

Цэцийн дээр "МАН-АН"-тай л тэнгэр бий

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Сэтгэгдэл бичих