Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн хуралдааанаар Д.Гантулгыг “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 49 дүгээр тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. Ингээд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙхарин Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоосон 22 дугаар тогтоол Үндсэн хууль ЗӨРЧСӨН байна гэх шийдвэрийг гаргасан. Үүнээс үүдэн Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлоод байгаа юм.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэх шийдвэрийг нь баталгаажуулах юм.
Тэгвэл уг асуудлаар АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний намын дарга нар ямар БАЙР, СУУРЬ илэрхийлснийг хүргэе.
Тус хоёр нам Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байв. Тодруулбал, МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбат нар нэр дэвшихээр тогтсон байв.
Харин МАН өнөөдөр Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулахаар байсан ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хуралдаанаа хойшлуулаад байгаа юм.
-С.ЭРДЭНЭ: ЭРХ БАРИГЧ НАМЫН ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ ИЧГҮҮРТЭЙ БАЙНА-
АН-ын дарга С.Эрдэнэ:- Үндсэн хуултийн цэц ийм шийдвэр гаргах нь ойлгомжтой байсан шүү дээ. УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч эс хүлээж авсан ч энэ сонгууль болохгүй юм байна гэсэн ойлголттой байна. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явуулах боломжгүй болно гэсэн үг. Хүлээж авахгүй байлаа гэхэд нэгэнт дунд суудлаараа шийдвэр гаргачихсан цэц их суудлаараа баталгаажуулах нь мэдээж. Тэгэхээр аль ч тохиолдолд сонгууль явагдахгүй нөхцөл байдал үүсчихлээ гэж харж байна. Өнөөдөр эрх баригч намын хийж байгаа үйлдэл үнэхээр ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна. Цэцийн дүгнэлт дээр нийтэд ойлгомжгүй маш олон тайлбар хийсэн. УИХ-ын гишүүн бол зөвхөн сонгогдсон тойргоо төлөөлөх биш бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн үндэслэлээр одоо байгаа 75 гишүүн бол бүх ард түмний төлөөллийг бүрэн хангах боломжтой гэсэн үндэслэлийг дахин дахин хэлээд байна билээ. Хэнтий аймгийн 17000 сонгогчийн эрх ашгийг үндсэн хуулийн цэц гишгэчихлээ. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ умартаад олонх болсон улс төрийн хүчний захиалга гүйцэтгэдэг байгуулага болжээ гэдгээ ил тод харууллаа
-Н.ЭНХБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЖҮЖИГ ТОГЛОЛОО-
МАХН-ын дарга Н.Энхбаяр:- ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээдлэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхтэй. Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Манай Үндсэн хууль өнөөдөр дампуурсныг ҮХЦ зарлалаа.
МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. Дарангуйллын тогтолцооны тоглолтыг ҮХЦ өчигдөр ичих ч үгүй хийлээ. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бол одоо ард түмнийг хүчиндэж байна. Ард түмний саналаа өгөх эрхийг боож байгаа нь хүчирхийллийн дээд зэрэг.
-Б.НАЙДАЛАА: ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ УИХ ТАРАХ ХЭРЭГТЭЙ-
ХҮН-ын дарга Б.Найдалаа:- Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь Монгол Улсад иргэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхтэй байх эрхийг зөрчигдөж байгааг харуулж байна. Улс төрийн сонирхлоор хүсвэл улс төрийн сонгууль хийж болно, хүсэхгүй бол хийхгүй байж болж байна. Түдгэлзсэн шалтгаан нь тун өчүүхэн төсвийн асуудал байгаа юм. Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ ажлаа хийж чадахгүй байгаа байна шүү дээ. Ийм зүйл дээр бүдэрч, төсөв үрж, Үндсэн ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ өөрсдөө тарах хэрэгтэй. Иргэдийг төөрөгдүүлж, хүлээлт үүсгэж, улс төрийн намуудыг самарч болохгүй.
Сэтгэгдэл бичих