Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор орон нутаг руу болон орон нутгаас нийслэл хотыг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдсэн. Үүнийг дагаад орон нутгийн замд гардаг зам тээврийн ослын тоо ч нэмэгдсээр байна.
Бид өдөр бүр хэн нэгнийгээ ослоор нөгөө ертөнц рүү илгээгээд байх олуулаа бил үү?
Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас нийт гурван хүн амь насаа алдсан байна.
Тэдний нэг нь "Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай байсан юм. "Аав нь хөдөө явчхаад маргааш ирнэ ээ" гээд гэрээсээ гарсан дуучин маань хоёр хөөрхөн хүүхэд дээрээ дахиад хэзээ ч ирэхгүйгээр холын холыг зорьчихлоо.
Түүний дууг шимтэн сонсдог Монгол түмэн нь хамгийн сүүлд дуулсан "Тогоруутай нуур" дууг нь дахин дахин сонссоор харуусал тээн хоцорлоо.
Ганцхан зам тээврийн осол хэчнээн хүнийг гунигт автуулж, ямар их зовлон шаналал өгдгийг бид харлаа, үзлээ, мэдэрлээ.
Харамсалтай нь энэ ганцхан тохиолдол биш. Бид он гарснаас хойш наймхан сарын хугацаанд нийт 320 иргэнээ орон нутгийн замд алджээ. Үүний ард хэчнээн хүүхэд өнчирч, хэчнээн хүний нулимс урссаныг бид таашгүй.
Наймхан сарын дотор энэ олон хүнийг тэнгэрийн орон руу илгээсэн гол хүчин зүйл бол орон нутгийн замд гарсан ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ.
Үүний дийлэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Уг нь тээврийн хэрэгслийг жолоодож яваа эрхмүүд маань бүгд л нас биед хүрсэн хүмүүс байдаг. Гэтэл орон нутгийн зам хурдны биш дээр нь бартаа саад, хар нүх ихтэй гэдгийг тооцоолдоггүй. Үүнээсээ болж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулд оруулдаг байна.
Уг нь Монголчууд бид аян замд явж ирсэн нэгнийгээ угтахдаа "Сайн явж ирэв үү?” гэж асуудаг. Харин "Хурдан яваад ирэв үү?” гэж хэзээ ч асуудаггүй. Гэтэл хол замд явж байгаа жолооч нар байдаг хурдаараа бие биетэйгээ уралддаг. Энэ байдал нь ганцхан секундэд ямар их хохирол учруулдгийг тээврийн цагдаагийнхан байнга л онцолж, анхааруулдаг. Гэвч аваар ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Тиймээс, эрхэм хүндэт жолооч нар минь анхаарал болгоомжтой байж, аян замд яарч тэвдэхгүй явах нь аминд өлзийтэй гэдгийг хамгийн ихээр анхаармаар байна. Хурдан очихдоо биш, аян замдаа сайн явж хүрэх нь чухал.
Хамаг хаазаа өндөрсгөж, галзуу юм шиг давхисан, тааваараа дундаж хурдтай гэлдэрсэн хоёрын очих бариа нэг байхад цагийн ялгаа тийм ч хол зөрөхгүй шүү дээ.
Т.ГЭРЭЛ
Zaluu.com
Сэтгэгдэл бичих