- Хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байгаа юу-
Бурхан минь, юу болчихоод хайран сайхан монгол залуус хэд хэдээрээ осолд өртөж амь насаа алдаад байна вэ гэж халаглахаас аргагүй байна. Монголчууд угаасаа цөөхөн, 3 сая гаруйхан. Ийм цөөхөн хүн амаасаа, тэр дундаа ид хийж бүтээх насны залуучуудыгаа цаг бусаар алдана гэдэг үндэстний эмгэнэл. Тэд бол бидний хэн нэгний инээгээд уулзах найз нөхөд, амьдралын төлөө зүтгэж явсан андууд минь байсан.
“Эко Алтан Заамар”-ын уурхайд 4 хүн, Төв цэвэрлэх байгууламжид ажил үүргээ гүйцэтгэж байсан 4 залуу, өнгөрч амралтын өдөр Налайхын уурхайд 3 хүн осолд өртөж амь насаа алдлаа. Ингэж ар араасаа осол гарч тэр бүрийд эрдэнэт хүний амь үрэгдэж байгаа нь хэний буруу вэ. Хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байгаа юу гэсэн асуулт байх ёстой. Тухайлбал, “Эко Алтан Заамар”-т хэн ямар хариуцлага тооцсон бэ.
Тус компани гэхэд л Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж байсан гэх мэдээлэл байдаг. Эцэст нь тэдний шуналын золиосонд 4 хүний амь үрэгдсэн.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Тус компанийн лицензийг цуцална” гэж мэдэгдэж байв. Ослын үеэр МХЕГ-ынхан хэвлэл мэдээллийнхнийг дагуулан сүр бараа болж байшин савыг лацдаж байгаа харагдсан. Харин энэ тухайд орон нутгийн иргэд өөрөөр ярьдаг. Хажууд нь амьдрал дунд байгаа тэдний үг үнэнээс хол зөрөхгүй.
Заамар сумын Хайлааст багийн иргэн Б.Болдхүү “Эко Алтан Заамар”-ын тухайд “Хэл ам намжтал үйл ажиллагаагаа зогсоож байгаад ухна л даа. Алтныхны шилдэг арга шүү дээ. Хэдий зүүн эргийг нь ухах ажил зогссон ч баруун эргийг нь өдөр шөнөгүй л ухаж байгаа биз дээ. Нэг компанийн лицензийн талбай шүү дээ. Хуулийнхан, дарга нар ингэж л ажлаа хийж байна” гэжээ. Үнэхээр ч нуралт үүссэн зүүн эргээ зогсоогоод баруун эргээ ухаж байгаа бол ёстой нүглийн нүдийг цаасаар хуурч байна гэсэн үг. Нөгөө хариуцлага нь ийм янзаар “хэрэгжиж” байгаа нь тэр.
Компани нь тэдний залуу нас, амь амьдралын төлөөсийг сайндаа л хоёр өрөө байраар үнэлж ам хаасан байх.
Төв цэвэрлэх байгууламжид засвар хийж байсан хоёр залуу, аврахаар очсон хоёр нөхрийнхөө хамтаар гэгээн цагаан өдрөөр амь алдлаа. Төр өөрийн харъяаны энэ байгууллагад хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг хэр сахьж мөрдөж байсныг эндээс харж болно. Хаалт задарч хортой хий алдагдаж байгааг нь мэдсээр байж засварчдаа хамгаалах хэрэгсэлгүй тийш нь оруулсан дарга даамал нь хэн бэ.
Хариуцлага орхигдсноос л хамаг гай үүдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа зөрчилд оногдуулах хариуцлагыг чангатгаж, эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалмаар байна. Ямар оновчтой, үр дүнтэй шийдэл гарц байна вэ, эрх баригчдаа
Хотын даргын хэлснээр энэ осол болсон хэсэгт 2017 онд 8.1 тэрбум гаруй төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн байжээ. Гэтэл ганцхан жилийн дараа дахиад эвдэрсэн байх юм. Тийм өндөр үнэлгээтэй засварын ажил ийм муу чанартай хийгдсэн байж таарах нь. Цавчаагаа бодож чанаргүй хийсэн энэ ажлын балгаар эцэст нь дөрвөн хүний амь эрсдлээ.
Энд бас л хариуцлага яригдана. Тэр 8,1 тэрбум төгрөгийн засварыг хаанахын хэн гүйцэтгэв, явц гүйцэтгэлд нь хэн хяналт тавив, шалгаж нягталж хүлээж авсан нь хэн бэ гэсэн асуулт ар араасаа яригдах учиртай. Ус сувгийг удирдах газрын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад харъяа нэг нэгжид нь гарсан энэ ослын төлөө ямар хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалинг нь олгохоо Нийслэлээс мэдэгдлээ. Энэ бол хариуцлагыг бүдгэрүүлэх шалтгаан биш.
Налайхын уурхай гэж хүний амь авч оддог эрлэг нэг байна аа. Сүүлийн 10 жилд энэ уурхайд 126 хүн амь насаа алджээ. Өнгөрөгч амралтын өдөр Хятад эзэнтэй уурхайд 3 хүн осолдсон. Гэтэл осол гарсан уурхайн үйл ажиллагааг өнгөрөгч оны 12 сард зогсоосон байсныг 14 хоногийн өмнөөс зөвшөөрөлгүйгээр дахин ажиллуулах болсноор гурван иргэн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай. Монголд хууль журам ингэж л “хэрэгждэг” болжээ.
Хаасан уурхай нь “амь орж” ахин ажиллаж эхэлдэг, хэдэн тэрбумын өртөгтэй их засвар нь ганц жил болоод эвдэрдэг, ахиухан ашиг олохын тулд аюулгүй ажиллагааны журмыг зөрчдөг, “тэнгэр”-ээс гэнэт чулуу төмөр унаж хүний амь эрсддэг, үйлчилгээний газрын хаалганд хүрээд тог цохиулж хорвоог орхидог... Нийслэл хотынхон ийм л аюултай орчинд дарга нарын хэлсэнчлэн “аз жаргал”-тай амьдарч байна.
Хариуцлага орхигдсноос л хамаг гай үүдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа зөрчилд оногдуулах хариуцлагыг чангатгаж, эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалмаар байна. Ямар оновчтой, үр дүнтэй шийдэл гарц байна вэ, эрх баригчдаа
Сэтгэгдэл бичих