Ж.Пүрэвжамц: Инженерийн шугам сүлжээний их засвар 65,3 хувь, урсгал засвар 43,4 хувийн гүйцэтгэлтэй явж байна
ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.
Сүүлийн үед үер усны асуудал Улаанбаатар хотын цаг үеийн тулгамдсан асуудал болоод байна. ОСНААУГ энэ нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?
Энэ сарын 6-ны өдрөөс хойш болсон үер усны асуудал дээр манай 16-н салбар төвүүдийн 500 ажилтнууд 3 ээлж болон Баянзүрх дүүргийн 43-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллалаа. Нийт 157 байрны подвал усанд автаж, хүчдэл таслагдсанаас өнөөдрийн байдлаар ОСНААУГ-ын харьяа байрууд бүгд хүчдэл залгагдсан, нэг ус дулаан дамжуулах төвийн тоноглолыг хатааж байна. Тоноглол хэвийн болсны дара хэрэгцээний халуун усаар хангана.
Үерийн нөхцөл байдлын үед ажиллахад ямар асуудал тулгарч байна вэ?
Траншей дүүрсэнтэй холбоотой хэд хэдэн хүндрэлтэй асуудал гарч байна. Нэгдүгээрт:Дулаан дамжуулах болон ариутгах татуургын сувгаар дамжин хөрсний ус подвал руу орсноор усан дотор удаан хугацаанд байгаа хуучирч муудсан нэгдүгээр хэлхээний шугамууд гэмтэх асуудал гарч байна. Жишээ нь: Жигүүр грандын 20, 21-р байр гэх мэт 3-4 байршилд нэгдүгээр хэлхээний шугам гэмтсэн. Тухай бүрд нь манай засварын бригад хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Хоёрдугаарт: Ариутгах татуургын шугамаар хөрсний ус буцаж орсноор “бохир ус цэвэр устайгаа холилдсон байна” гэх буруу ойлголт иргэдийн дунд байна. УСУГ-ын цэвэрлэх байгууламж дээр ачаалал ихсэж төвийн шугамууд 80 хувийн дүүргэлттэй явж байгаагаас болоод салбар шугамуудын бохир ус татан авалт нь удааширч худгууд дүүрэх, ариутгах татуургын бохир халих асуудал Баянзүрх дүүргийн 43-р хороо, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дээр нэлээн түгээмэл байна. Үүн дээр манай газраас тухай бүрд нь арга хэмжээ авч УСУГ-тай хамтран ажиллаж байна.
Гамшгийн нөхцөлд байдалд ажиллахад техникийн хүрэлцээ хэр байна вэ?
Манайх ариутгах татуургын бохир ус татан зайлуулах хоёр машин, шугам угаалга хийх нэг машин, минутад 6000 мкуб ус сорох нэг помп мөн салбар төвүүдэд гном насосууд байгаа. Энэ нь үерийн үед хүрэлцэхгүй байна. Бид Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал, Нийслэлийн онцгой комисст тоног төхөөрөмж, машин механизмынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хүсэлтүүдээ тавьж байна.
Энэ жил усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж байна вэ?
Бид тоног төхөөрөмж, цахилгааны ерөнхий щитүүдэд хаалт хийх, дээшлүүлэх арга хэмжээ авч, цаашид үер усны асуудал үүсэхэд тоног төхөөрөмжийн сааталгүй, ард иргэдээ цахилгаанаар хэвийн хангадаг байхад анхаарч ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах инженерийн шугам сүлжээний их болон урсгал засварын ажил хэр явцтай байна вэ?
ОСНААУГ жил болгон өөрийн хөрөнгөөр 9,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Үүнийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулдаг. Энэ жил 6,9 тэрбум төгрөгийн их засвар, 2,6 тэрбум төгрөгийн урсгал засварыг өөрийн хөрөнгөөр хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 352 сая төгрөгөөр 4 байршилд инженерийн шугам сүлжээ солихоос өнөөдрийн байдлаар нэг ажил нь эхэлсэн, гуравт нь тендер зарлагдсан байна. Өөрийн хөрөнгөөр хийгдэх 6,9 тэрбум төгрөгийн засвараас гадны инженерийн шугам сүлжээ солих найман ажлын 6 нь буюу 3 км шугам солих ажил бүрэн дууслаа. Үлдсэн хоёр ажил нь тендер зарлах шатандаа явж байна.Тендер, материал татан авалттай холбоотой их засвар 65,3 хувь, урсгал засвар 43,4 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд хэрэглэгчдээ халаалт хэрэгцээний халуун усаар хэвийн хангах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих