Балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковскийн “Хунт нуур” балет 181 удаа Монголын үзэгчидтэй уулзаад байна. 178 дахь тоглолтод театрын тайзнаа шинэ хун “мэндэлж”, Дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Б.Баасансүрэн Одетта, Оделлиягийн дүрээр үзэгчидтэй уулзав. Балетын жүжигчин байх хувь заяаг сонгосон бүхний мөрөөдөл болсон хун болох тавилан түүнд тайзнаа бүжиглэсэн 19 жилийн тэсвэр хатуужлынх нь шагнал болон иржээ. Тэр одоогоор театрын тайзнаа мэндэлсэн хамгийн сүүлчийн хун. Бас Х.Гэрэлчимэг гавьяатын бэлтгэсэн 25 дахь хун.
Таны хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын 5-нд анх удаа “Хунт нуур” балетын Одетта, Оделлиягийн дүрийг бүтээлээ. Хар, цагаан хун бол балетын бүжигчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон дүр. Таны ч гэсэн мөрөөдөл байв уу?
“Хунт нуур” балетын Одетта, Оделлиягийн дүр бол балетын жүжигчин мэргэжлийг сонгосон бүх эмэгтэйн мөрөөдлийн дүр. Миний ч гэсэн мөрөөдлийн дүр байлаа.
2001 онд анх Дуурь бүжгийн эрдмийн театрт дагалдан бүжигчин болж, театрын хаалгаар анхлан алхаж байсан. Харин 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд албан ёсоор театрын балетын жүжигчин болсон. 2003 оноос хойш тооцвол та 19 жил тайзнаа бүжиглэж “Хунт нуур”-ын хун боллоо шүү дээ. Өмнө нь танд яагаад энэ боломж олдохгүй байсан юм бэ?
“Хунт нуур”-ын хун болоогүй ч тайзнаа бүжиглэсэн 19 жилийн хугацаанд “Хунт нуур”-ынхаа нэг эд эс нь болж ирсэн. Энэ жүжигт би 19 жил тоглосон. Энэ бүхэн маань надад туршлага болж “Хунт нуур”-ын хун болох боломж энэ цагт олдсон юм болов уу гэж харж байна.
Хун болох тавилангүй гоцлоочийн амьдралаа дуусгаж байгаа уран бүтээлчид байдаг. Эдгээр балетчдын дэргэд та өөрийгөө азтайд тооцно биз дээ?
Өөрийгөө мэдээж азтайд тооцож байна. Одетта, Оделлияг бүтээх боломж олдсонд маш их баяртай байгаа.
Балетын бүжигчдийн дунд “Хунт нуур гэж хунт нуур л юм даа” гэж чансааг шалгадаг тухай яриа байдаг гэдэг. Хэдий хэр хугацаанд “шаналж” Одетта, Оделлияг зэрэгцүүлэн гаргав?
Жүжигчнээс ур чадвар, чансаа шаарддаг бүжгэн жүжиг учраас “Хунт нуур гэж хунт нуур л юм даа” гэсэн яриа бидний дунд байдаг. “Хунт нуур”-т гарахын тулд нэг сарын хугацаанд бэлтгэж тайзнаа гарсан. Хэдийгээр богино хугацаа ч би энэ дүрдээ 19 жил бэлтгэгдсэн гэж бодож байгаа.
Тоглолт дууссаны дараа танд ямар мэдрэмж үлдсэн бэ?
Энэ урлагт зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, тайлан тоглолтоо хийж байгаа юм шиг мэдрэмж авсан.
Тайзнаа гарах бүрдээ шинэ дүртэйгээ танилцаж байна уу?
Бүжигчин хүн бүр өөрийнхөө бүтээж байгаа дүрийг дахин амилуулах бүрдээ илүү сайн хийчих юмсан гэж маш их хичээдэг. Миний хувьд өөрийн мэдэрч байгаа бүхнээ үзэгчдэдээ хүргэх юмсан гэж тайзнаа гарах бүрдээ хичээж ажилладаг.
Та тайзнаа дахин хунгийн дүрээр үзэгчидтэйгээ уулзах уу?
Хунгийн дүрээрээ үзэгчидтэйгээ дахин уулзана гэж бодож байгаа.
“Хунт нуур” манай тайзнаа 1975 онд мэндэлж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ю.Оюун анхны хун болсон байдаг. Ю.Оюун гуайгаас хойш гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг, Б.Саруул, О.Анужин, залуу гоцлооч М.Нандинцэцэг гээд олон бүжигчид “Хунт нуур”-т гоцолжээ. Үе үеийн хунгуудаас таны сэтгэлд тод үлдсэн нь хэн бэ?
Анхны хун Ю.Оюун багш бол манай мэргэжлийн эхний хоёр жилийн багш. Театрт ирснээс хойшхи багш маань гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг. Х.Гэрэлчимэг багшийнхаа бэлдсэн 25 дахь хун нь би. Үе үеийн хунгууд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Б.Саруул, О.Анужин, залуу гоцлооч М.Нандинцэцэг гээд хунгуудаасаа суралцаж байгаа. Тэд бүгд л өөрийн онцлог, давуу чанартай. Сэтгэлд хоногшсон хун гэвэл 10 настайгаасаа хойш харж, биширч, үлгэр дууриалал авч байсан Ч.Ганчимэг эгчийн бүтээсэн хун сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг.
Үзэгчид болоод уран бүтээлчид таныг төгс гүйцэтгэлтэй хун байлаа хэмээн дүгнэсэн. Үнэхээр онцгой хун байлаа ч гэж байсан. Хожмоо Монголын үе үеийн хунгуудыг дурсахад таныг ямар хунгаар дурсаасай гэж хүсч байна вэ?
Анхны тоглолтын дараа болон үзэгчид болон театрын уран бүтээлчид, ойр дотны бүжигчид маань “Ойрын үед үзээгүй урт хун байлаа” гэсэн. Магадгүй үүгээрээ л дурсагдах байх.
Театрын бүжигчин болоод тайзнаа гоцолсон анхны дүр тань ямар дүр байсан бэ. Анхны бүхэн их нандин байдаг шүү дээ?
Балетын гоцлоочоор төгсөж ирээд театрт ирээд хүлээж авсан хамгийн анхны гол дүр маань “Жизель” балетын Миртагийн дүр. Энэ дүрдээ маш их хайртай. Ирэх дөрөвдүгээр сард манай театр “Жизель” балетыг шинэчилсэн найруулга, тавилтаар тавих гэж байгаа. Энэхүү балетад мөн Миртагийнхаа дүрийг бүтээхээр ажиллаж байна.
“Бахчисарайн оргилолт булаг” жүжгийн Гирей хааны тэргүүн татвар эм Заремаг таныг маш гайхалтай бүтээдэг гэснийг олж уншсан. Та эсрэг дүрийг илүүтэй амьдруулдаг шиг санагддаг?
Театрын тайзнаа тавигдсан бүжгэн жүжгүүдийн бүх эсрэг дүрийг бүтээсэн. Энэ дундаа “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийн Заремадаа их хайртай.
Санасан бүх эсрэг дүрдээ бүжиглэсэн гэж та хэллээ. Та тайзнаасаа буулаа гэхэд шунах дүр үнэхээр байхгүй юу?
Бүх эсрэг дүрийг бүтээсэн. Энэ бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ тайзнаас буухад шунах дүр гэвэл огт хийж үзээгүй “Щехеразада” балетын Гульнара хийж үзэх юмсан гэж хүсдэг.
Таны гар, сэтгэл хамгийн их нийлдэг алтан партнёр тань хэн бэ?
Миний сэтгэлд хамгийн ойр байдаг партнёр бол хүүхэд байхаасаа партнёрлосон, ангийн маань залуу А.Өлзий-Орших. Сүүлийн жилүүдэд олон дүрд гарахад минь тусалж, дэмжиж байгаа партнёр бол Ө.Мөнхжин. Миний хувьд энэ хоёрыгоо нэрлэнэ.
Бүх урлагийн дотроос балетын тайз хамгийн харгис нь байх. Багагүй он жилүүдийг тайзнаа өнгөрүүллээ. Та тайзаа орхихдоо өөрийгөө хэрхэн бэлтгэж байна?
Балетын урлагт найман жил суралцаж, 19 жил ажилласан гэхээр амьдралынхаа 27 жилийг энэ урлагтай хамт өнгөрүүлжээ. Энэ он жилүүддээ хайртай. Тайзаа орхих цаг ойртсоныг мэдэрч, сэтгэл зүйгээ бэлдэж байгаа. Гэхдээ би тайзаа орхилоо гээд энэ урлагаас бүр явж байгаа хэрэг биш. Ирээдүйн балетын жүжигчдийг бэлтгэх багш болно гэж төлөвлөсөн.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл бичих