“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа та Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын заан С.Доржпаламыг урилаа. Тэрбээр өнгөрсөн сард болсон сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд мянган бөхийн манлай болж “Алтан цом” хүртсэн юм.
-Сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаанд М.Цогтгэрэл заантай үзүүр түрүүнд үлдэж сонирхолтой барилдаан үзүүллээ. Тухайн барилдааны талаар хуваалцаач?
-Миний хувьд өнгөрсөн жилээс сумын заануудын барилдаанд барилдаж эхэлсэн. Харин энэ намар 100 дахь удаагийн барилдаанд нь түрүүллээ. Өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Тухайн үед бага зэргийн сандралтай байсан. Дөрөв давчихаад тавын даваанд гарахад сэтгэл зүй цаанаасаа өөр болж, бие хөнгөрөөд ирсэн. Үзүүр түрүүнд М.Цогтгэрэл заантай барилдаж, суйлах мэхээр давсан.
-Энэ зун сумын наадамдаа зодоглож анхны цолоо хүртсэн. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Энэ жил сумын наадмын өмнөх өдөр сумын начин болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж сумын заан цолтой болсон. Харин маргааш нь сумынхаа наадамд түрүүлж цолоо баталсан. Тухайн үед надаас илүү гэр бүлийнхэн маань баярлаж, илүү сайн барилдаарай гэж захисан. Мэдээж уйгагүй хөдөлмөрлөж байж цолонд хүрдэг. Тиймээс бөх хүнд бүх цол л сайхан. Ихэнхи том цолтой бөх сумын заан цолоор амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байсан учир өөртөө илүү итгэлтэй байлаа.
-Та бөхийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Бага байхдаа нутгийнхаа бөхчүүдийг хараад сайхан санагддаг байсан. Авга ах маань сумын заан цолтой бөх бий. Ах маань намайг бөх болно гэж их урамшуулж, дэмждэг байлаа. Миний хувьд ч багаасаа бөх болох хүсэлтэй байсан. Анх 2012 онд биеийн тамирын багш н.Бурмаа манай ангид орж ирээд “Чөлөөт бөхийн өсвөрийн аймгийн аваргын тэмцээнд оролцох хүүхэд хэрэгтэй байна” гээд харж байснаа намайг дуудсан. Тэгээд аймгийн аваргад анх 34 кг-д барилдаж байлаа. Түүнээс хойш барилдаж эхлээд 10 жил болжээ. Энэ хугацаанд дунд нь завсарласан үе бий. Харин 2015 онд үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлсэн. Ингээд 2019 оноос үндэсний бөхийн бэлтгэлээ тогтмол хийж байна.
-Одоо ямар багш дээр бэлтгэлээ хийж байгаа вэ?
-Анх 2019 онд хотод ирээд Өмнөговь аймгийн Манлай сумын заан А.Баяртогтох ахынхаа удирдлагад штангийн бэлтгэлээ хийж эхэлсэн, одооч хэвээрээ. Багш маань ихэвчлэн сугадаж хөнтөрч суйлах мэхийг зааж, давтуулдаг. Мөн чөлөөт бөхийн ОУХМ Д.Энхболд багш дээрээ өнгөрсөн жилээс давхар бэлтгэл хийж байна.
-Бөх хүнд хүч тэнхээнээс гадна сэтгэлзүй, ёс суртахуун их чухал. Багш нар тань энэ тал дээр ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Монгол үндэсний бөх бол хүндлэл. Багш нарынхаа бусадтай харилцах болон өөрөөсөө ахмад болон дээгүүр цолтой бөхчүүдийг хэрхэн хүндэлж байхыг нь хараад үлгэр дуурайлал авдаг. Багш маань ч бидэнд давсан үедээ даруу төлөв байж, унасан үедээ сэтгэлээр унахгүй байхыг зөвлөдөг. Мөн сахилга баттай, тууштай, даруу байдлыг эрхэмлээрэй гэж захидаг.
-Мэдээж тамирчин, ялангуяа бөх байх амаргүй. Шантрах үе гардаг л байх даа?
-Шантрах үе байлгүй яахав. Манайх малчин айл. Малчдын амьдралд зав чөлөө гэж үгүй. Тиймээс зарим үед намайг дуудна. Гэхдээ ихэвчлэн ар гэрийн асуудлыг ах, дүү нар маань зохицуулж байна. Учир нь олон хүн надад итгэл хүлээлгэсэн. Тиймээс шантрах эрх байхгүй. Мөн бөх гэхээр хүмүүс их хүндлэлтэй хүлээж авдаг. Жишээ нь нутагтаа айлд ороход “Бөх орж ирлээ, дээшээ суу” гээд л. Залуу хүний хувьд энэ бүхнээс урам авдаг. Даваад туг тойрох агшинд үзэгчид алга таших тэр мөч үнэхээр сайхан. Энэ үед бөхийн замналаар явсандаа талархах мэдрэмж төрдөг.
Б.НямсүрэнЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих