» » Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна

Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна




Энэ удаагийн “Өөр зочин” буланд МҮОНРТ-ын киноны дуу оруулагч, орчуулгын найруулагч Э.Билгүүдэйг  урьж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Э.Билгүүдэй гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, 2003 онд СУИС-д элсэн орж кино драмын жүжигчний ангид суралцаж төгссөн. Түүнээс хойш МҮОНРТ-д 14 жил орчуулгын киноны жүжигчин, орчуулгын найруулагчаар ажиллаж байна.
-Та жүжигчин мэргэжлээр сурч, төгсчихөөд яагаад дуу оруулагчаар ажиллах болсон юм бэ?
-Кино бол миний сонирхол. Багаасаа кино үзэх дуртай хүүхэд байсан. Видео тоглуулагчийн киног 50 төгрөг өгөөд хичээлээ таслаад үздэг байлаа. СУИС-ийн кино драмын жүжигчний ангиа төгсөөд би МҮОНРТ рүү, харин Л.Сөрөлт жүжигчнээрээ ажиллахаар явж байлаа. Тэр үеэс л кинонд дуу оруулахаар шийдсэн. Ер нь кинонд дуу оруулах их онцлогтой, жүжигчинд нарийн мэдрэмж өгдөг. Би энэ мэргэжилдээ сонирхолтой, дурласан болохоор хийж явна даа.
-Та мэргэжлийн жүжигчин хүн. Тайзан дээр дүр бүтээж байв уу?
-Оюутан байхдаа тайзан дээр дүр бүтээж байсан. Түүнээс хойш телевизийн хүн болоод энэ салбартаа л байна. Харин кино зураг авалтад бол найруулагчаар явдаг. Ерөнхийдөө орчуулгын найруулагчаа хийж байна. Гэхдээ энэ албан тушаалыг аваад жил гаруй болж байгаа. Тиймээс заримдаа өөрөө кинондоо дуу оруулдаг. Миний ажил ихэвчлэн дүр хуваарилалт хийх, жүжигчидтэйгээ ажиллах юм.
14 жилийн хугацаанд олон ангит, нэг ангит бүгд нийлээд 12 мянга гаруй кинонд дуу оруулжээ. -Дуу оруулагчаар ажиллаад 14 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хэдэн кинонд дуу оруулав?
-14 жилийн хугацаанд олон ангит, нэг ангит бүгд нийлээд 12 мянга гаруй кинонд дуу оруулжээ. Энэ кинонуудаас хамгийн их сэтгэлд хоногшсон дүр, дуу оруулалт бол “Бурхан багш” киноны Буддагийн дүр байна. Мөн “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүр байна. Миний хоолой зөөлөн залуу хоолой. Тэгэхээр дандаа л залуучуудын дүрд дуу оруулдаг.
-“Бурхан багш” киноны гол дүрийг авахад сонгон шалгаруулалт хийв үү. Яаж шалгарсан бэ?
-Би өөрөө дүрээ хуваарилдаг хүн байхгүй юу. Хаан ааваас нь эхлээд бүх дүрээ хуваарилаад дууссан. Манай дуу оруулагчид бүгд туршлагатай, сайн мэргэжилтнүүд. Тэгээд гол дүрээ яах вэ гэж бодоод дуу оруулагчид болон редактортайгаа ярилцахад чиний л хийх ёстой ажил гэсэн. Тэгээд л дуу оруулахаар болсон.
-Бурхан багшийн дүрд дуу оруулахад танд ямар санагдаж байсан бэ?
-Их өөрчлөлт гарсан. Хүмүүс бурхан багштай зурагаа авахуулъя гэхээр санаа зовдог. Тэр олон хүний итгэлийг алдахгүйн тулд сайхан уран бүтээл хийгээд сайн дуу оруулах гэж их хичээсэн. Ер нь их хүнд дүр. Тэр хүний мэдэрч байгаа бүх зүйлийг өөрөө мэдэрч гаргана гэдэг хүнд даваа байсан. Би ч гэсэн бурхан шашинтай айлын хүүхэд. Өвөө эмээгийндээ очоод зулын гэрэлд унтах, арц хүж үнэртэх дуртай. Би багадаа их өрөвч хүүхэд байсан гэсэн. Гурван настай байхдаа хонь гаргахыг хараад эмээ дээрээ очоод “Гадаа хонины бөөр гаргачихлаа, хонь байхгүй болчихлоо, та зулаа өргөөрэй” гэж хэлдэг байсан гэсэн.
-Кинонд дуу оруулсны дараа танд өөрчлөлт гарсан болов уу?
-Их өөрчлөлт орсон. Дүрээ аваад уншиж танилцаад багтраад сүүлдээ уйлаад давчидсан сэтгэлээ нээсэн. Их олон зүйлийг сурч авсан. Дүрдээ дуу оруулж байхдаа эхэндээ энэрэл, нигүүлсэл гэж юу байдаг, амгалан тайван байх гэж юу байдгийг мэддэггүй байсан. Байнга нэг зүйлд түгшсэн байдалтай байдаг. Зарим нэг юмнаас айж, санаа зовж бэргэсэн байдалтай байсан. Харин киноны гол хэсэг рүү ороход “Бурхан багш” өөрөө гэгээрэлд хүрдэг тэр үед л дуу оруулж байгаа би өөрөө тайвширсан. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л их тод үлдсэн.
-Энэ киног яагаад гаргахаар болсон юм бэ?
-Энэтхэг, Монголын харилцааны 65 жилийн ойд зориулж УИХ-ын дарга, Сүсэгтний холбоо, Гандантэгчинлэн хийд, МҮОНРТ хамтран үзэгч түмэнд хүргэж байгаа. Энэ кино нь 2013 онд бүтсэн, дэлхийд дээгүүр байр эзэлж яваа кино гэдгээрээ онцлогтой. Энэ киноны дуу оруулалт нэгдүгээр сард эхлээд гуравдугаар сард дууссан. 55 ангитай кинонд 55 хоног дуу оруулсан даа.
Сая цар тахлаас болоод киноны жүжигчид нь Монголд ирнэ гэж байсан ч больчихсон. Хэрэв гол дүрийг бүтээсэн бурхан багш ирвэл хамгийн түрүүнд уулзана гэж боддог. Хүмүүсээс талархлын үг их ирж байгаа. Энэ кинонд дуу оруулснаар манай ажлынхан ч гэсэн бүгд сэтгэл өндөр байгаа. Бид их зүйл ойлгож авсан. Сүсэгтний холбооны хамт олноос ч гэсэн урмын үг их ирж байгаа. Кинонд дуу оруулж байхад манай заалны уур амьсгал сайхан байсан. Будда гэгээрэлд хүрээд цаашлах тусам бид баярлаж жаргалтай болж байсан.  
-Мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?
-Мэдээж бодолгүй яах вэ. Эсрэг дүр их гоё юм шиг санагддаг. Эсрэг дүрд нэг тогловол яадаг бол гэж бодож байсан. Үндэсний телевизийн хийсэн киноны зарим нэг дүрд тоглохоос гадна найруулагчаар ажиллаж байсан. Би жүжигчин мэргэжлээ биш орчуулгын киног яагаад сонгох болсон бэ гэхээр орчуулгын кинонд дуу оруулдаг хүн цөөхөн. Дээр нь кинонд дуу оруулж байгаа хүмүүс тэр киноныхоо дүртэй адилхан болж маш гайхалтай мэдрэмжүүдийг авч байдаг.
Мөн хүний дотоод мэдрэмжүүд их хөгждөг. Би энэ кинонд дуу оруулснаар 2500 жилийн өмнөх “Бурхан багш“-ийн түүхээр аялж чадаж байна. Яг дотор нь орж мэдэрч байгаа бүх зүйлийг нь гаргаж чадаж байна. Би өөрийгөө 2500 жилийн настай гэж хэлэхэд гайхах зүйлгүй, энэ бол миний мэргэжлийн гайхамшиг. Би өнгөрсөнд болон ирээдүй рүү ч очиж чадна. Энэ бол миний бахархал. Кино бол хамтын уран бүтээл байдаг. Тиймээс хамт олондоо баярлалаа.
-Таны  цаашдын мөрөөдөл? 
-Би орчуулгын киноноосоо салж чадахгүй байх. Уран сайхны кино найруулахыг хүсдэг. Одоо туршлага, судалгаа хийж яваа хүн шүү дээ.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОСКАРТ АНХ УДАА ОНЛАЙНААР ҮЗҮҮЛЭХ КИНОНУУД ӨРСӨЛДӨНӨ

Ө.Мөнх-эрдэнэ: Амьдрал бүтэн байдаг гэдэгт итгэдэггүй

Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал

Агаарын бохирдлыг бууруулахад судлаачдын оролцоог

Сэтгэгдэл бичих