Шилэн ажиллагааны хүрээнд зургаан сангийн мэдээлэл нээлттэй болсныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан болон Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн мэдээлэл нээлттэй болжээ.
Тэрбээр "Тусгай сангууд мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханган машинд уншигдах байдлаар бидэн рүү илгээх ёстой. Мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ирүүлсний дагуу shilen.gov.mn системд машинд уншигдах байдлаар есөн сангийн мэдээллийг нээлттэй байршуулсан. Өнөөдөр таван сангийн мэдээллийг ирүүлсэн байдлаар нээлттэйгээр хүргэж байна.
Манай улсад 25 тусгай сан байдаг. 14 сангийн мэдээллийг нийтэд мэдээлсэн. Одоогоор огт мэдээлэл ирүүлээгүй нэг сан байгаа нь Спортыг дэмжих сан юм.
Үйл ажиллагаа явуулаагүй сан хоёр бий. Үүнд,
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
- Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан нууцын зэрэглэлтэй.
Ирүүлж байгаа мэдээлэлд боловсруулалт хийхэд бэрхшээл их байгаа. Жишээлбэл, он дутуу, зориулалт нь тодорхой биш, овгийн үсэггүй мэдээллүүд ирдэг тул системд байршуулахад хүндрэлтэй тулгарч байгаа" гэв.
Кино урлагийг дэмжих сан
Кино урлагийг дэмжих сангийн тухайд одоогийн байдлаар 11 төслийн мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр 11 төслийн санхүүжилтийн нийт дүн 1,071,200,000 төгрөг байна. Эдгээр санхүүжилтийг бүгдийг 2023 онд олгожээ.
Нээлттэй болсон мэдээлэл дундаас хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авснаар тэргүүлж буй.
Кино урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжилт авсан төслүүдийн 87.75 хувийг байгууллага, 12.25 хувийг иргэнийх эзэлж байна.
Сэтгэгдэл бичих