» » “5Ш” тоглоом биш байжээ

“5Ш” тоглоом биш байжээ

 “5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгосныг зарласан. “Авлигатай тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо” гэх мэдээлэл түгээсэн. Араас нь “Засгийн газар авлигатай тэмцэхэд манлайлж таван ажиллагааг хэрэгжүүлж ажиллана” гэв.  Залгаад Авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ийг танилцуулсан байдаг. Тэр нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн, Шилжүүлэн авах гэдэг нэртэй. Бүгдээрээ Ш үсгээр эхэлсэн “ажиллагаа” байв.
 
Шүгэл ажиллагаа нь Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгана. Шүүр ажиллагаа нь төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгана. Шувуу ажиллагаа нь гадаад улс руу оргон зайлсан авлигын хэрэгтэй этгээдийг эргүүлэн авчирна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Шилжүүлэн авах ажиллагаа нь оффшорт болон гадаадад нуусан хууль бус хөрөнгийг илрүүлж авчирна. Шилэн ажиллагаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгоно. Бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоно. Төрийн өмчит компаниудыг хяналттай, нээлттэй болгоно. Намуудын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ. Ийм танилцуулгыг хийсэн.
Яг үнэндээ, анх энэ нь их инээдтэй сонсогдсон шүү. Шүүмжлэл ч нэлээд гарсан. “Төр ийм инээдмийн жүжиг шиг нэртэй акц хийж болдог юм уу”, “Шоу хийх гэж ядаж байна” гэлцсэн. Үнэхээр ч тийм л байсан. Монголын төрийн түүхэнд ийм хаяг шошготой арга хэмжээ хийж байсан түүх байдаг ч үгүй юм байна лээ. Ер нь бол энэ “5Ш” ажиллагаа нэрнээсээ авхуулаад л тоглоом шоглоом хийлгэж эхэлсэн л дээ. Үүнээс хойш гурван сар хагас өнгөрсөн байна.
Хамгийн сүүлд, яг одоо Шилэн ажиллагааны хүрээнд хэд хэдэн тусгай сангийн зарцуулалт ил болоод байна. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хамгийн “борлуулалт”-тай байх шиг байна. Цаашдаа бүх сангийн мэдээлэл ил тод болох юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр ч Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон байна. Манайд иймэрхүү тусгай сан олон байдаг. Өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бухимдал их байгааг ойлгож байна. Гэвч үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд энэ хэвээрээ л байна. Тиймээс тусгай сангууд, ер нь бусад хаалттай мэдээллүүд шилэн болно” гэжээ. Эндээс харвал мөн ч их мэдээлэл ил болох нь дээ. Мэдэх хэрээрээ олон нийтийн хилэн буцална гэсэн үг. Гэхдээ энэ муу биш.
 
Ерөөсөө энэ гурван сар хагасын хооронд “5Ш”-ийн хүрээнд олон үйл явдал болж өнгөрлөө шүү. Шувуу ажиллагаа яалт ч үгүй идэвхтэй ажиллаж байна. Том "шувууд"-аас Т.Бадамжунайг авчирсан. Олон нийтэд төдийлэн танил бус ч зарлагдсан 100 гаруй "шувуу"-наас нэлээд нь ирчихээд байна. Удахгүй Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг зэрэг "шувууд" наашлах сураг бий. Шүүр ажиллагаа бол төрийн албан хаагчдын зүрхэнд жинхэнэ шар ус хуруулсан. Орлогоосоо давуулж зарлагаддаг, түүнийхээ эх сурвалжийг өөрсдөө ч “мэддэггүй” төрийн албан хаагчид 2023 оны зургадугаар сарын  1-нээс өмнө сайн дураараа чөлөөлөгдөх ёстой. Бас хүнд суртал гаргаж, албан тушаалаа “зориулалтын бус”-аар ашигласан нөхдүүд “шүүр”-дүүлээд л байгаа дуулдана лээ. Шилэн ажиллагаа бол нэгэнт танигдчихлаа. Одоо энэ тусгай сангуудаас эхлээд далд байсан олон мэдээлэл ил болж байна. Илрээгүй зарим нь дарааллаа хүлээж буй аж.
 
Ингээд харахаар “...“5Ш” тоглоом биш байжээ” гэдэг нь л өдөр ирэх тусам тодорхой болж байна даа. Цаашдаа энэ таван ажиллагаагаар “шоглуулах” нууцын эзэд чамгүй олон дуулдсан шүү. Хамгийн гол нь энэ бүхний эцэст цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс төрд тавьдаг санал, шаардлага шуурхай шийдвэрлэгддэг болох хэрэгтэй. Хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоо халагдах ёстой. Төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлэх учиртай. Ийм л юм. Ер нь бол “5Ш” ажиллагааг 30 жил явж ирсэн тогтолцооны эсрэг "зохиосон" машин гэхэд болохоор л байна. 
 
Т.БАТСАЙХАН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ : 25 жил гаальд “ДАРГА” хийсэн Д.ЗАГДЖАВЫН ЭХНЭР

МОНГОЛ УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ

Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг

Төрийн тусгай байгууллагуудын хом гаргах явц байдал өндөр

АТГ-аас Засгийн газарт албан зөвлөмж хүргүүллээ

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэмийн шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих