» » Ц.Адъяасүрэн: Одоо хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт бол луйвар

Ц.Адъяасүрэн: Одоо хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт бол луйвар

БНМАУ-ын Ардын их хурлын орлогч дарга асан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.
-Та Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан депутат. Үндсэн хууль тогтоогч Үндсэн хуулиа өөрчлөх тэр тусмаа шинэ тав дахь Үндсэн хууль батлах тухай яриа гараад санал асуулга аваад эхэллээ. Энэ ер нь зөв үйлдэл үү? 
-Одоо эрх баригчид ажлаа хийж чадахгүй, бүх буруугаа Үндсэн хууль руу чихдэг зуршил тогтоод байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард болсон жагсаалыг тараахын тулд гэнэт ард түмнээ сонсдог сүрхий хүмүүс болж уулзаж учирч байгаа жүжиг тавиад тэндээс уламжлан жагсагчдын шаардлагын зангилаа нь Үндсэн хуульд байна гээд олон түмнийг төөрөгдүүлэх арга зохиож байх шиг. 
 -Ямар тохиолдолд Үндсэн хуулийг оорчлох ёстой гэж та байна вэ? 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж хэрэгцээ шаардлага нь нийгэм эдийн засгийн тогтолцоо эрс өөрчлөгдөх үед л гардаг. Өмнөх дөрвөн Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг эргэж үзвэл эндээс тодорхой харагдана. Анхны албан ёсны Үндсэн хуулийг 1924 онд хаант засгийг халж Бүгд найрамдах засаглалтай болох гэж хийсэн хэрэг. Монгол Улс түүхэндээ хэмжээлшгүй эрхт хаант засагтай байсан бөгөөд 1921 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа хэмжээт эрхэт хаант засаглал 1924 он хүртэл тогтож байсан.
 
1960 онд бол ардын аж ахуйтнуудыг бүгдийг нэгдэлжүүлэх буюу хоршоололд хамруулан иргэдийн хувийн өмчийг бүрэн устгаж улсын мэдэлд хураан авч сэтгэл нь ханаж, ард иргэдээ үг дуугүй захирагдах болгож, өөрсдийнхөө атганд оруулж аваад түүнийгээ баталгаажуулж социализмын материал техникийн бааз гэгч хоосон мөрөөдлөө байгуулах зорилгоор боловсруулсан Үндсэн хууль юм.
 
1992 оны 4 дэхь буюу одоо мөрдөж байгаа Үндсэн хууль нь Монгол Улс социалист тогтолцооноос бүрмөсөн ангижирч, хүн төрөлхтний замнасан дэвшил хөгжлийн замд орж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, хүний эрхийг хамгийн анх хүлээн зөвшөөрч баталгаажуулсан цоо шинэ агуулгатай Үндсэн хууль. Энэ Үндсэн хуулийн нөөц, боломж одоо хүртэл шавхагдаагүй байгаа бөгөөд харин түүний бүх боломжийг муу ашигласан байж болно. Үндсэн хуулиа таньж мэдээгүй, бас ойлгоогүй эрх баригч МАНчид өөрсдийн гэм буруутай үйлдэл, булхайгаа нуухын тулд шинэ Үндсэн хуулийг өөрийн хуучин даргаараа удирдуулан боловсруулж олон түмэнд сурталчлан үймээн дэгдээж байна. Энэ бол үндсэн хуулийн аргаар төрийн эрх мэдлийг булаах гэсэн бусармаг санаа.
 
Ер нь Үндсэн хуулийг өөрчлөөд ямар зорилгод хүрэх, үр дүнг нь нийгэм яаж хүртэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ нь маш бүрхэг. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилж давхар дээлтэй болж бяр хүчтэй болоод авбал бид төрийг удирдаад бүх зүйл шийдэгдэнэ гээд өөрчилсан. Үр дүн нь хаа байна.
 
Эргээд гурван жилийн дараа өөрчлөх атгаг санаа дахиад л тарж байна шүү дээ. Энэ бол маш болчимгүй алхам. Төр тогтворгүй болж улс орон улс төр эдийн засгийн хурц хямралд байнга автаж байх болно. Яг одоо Венсуэль шиг хямарч, Перу шиг замбараагүй байдал үүснэ.
 
-Энэ удаагийн боловсруулсан тав дахь Үндсэн хуулийн төслийн талаар таны санал бодол юу вэ? 
-Би хууль бус бусармаг төсөл гэгчид санал бодлоо илэрхийлэхгүй. Тэгвэл хууль бус үйлдлийг өөгшүүлж, дэмжсэн хэрэг болно. Монгол оронд ардчиллын төлөөх эрх чөлөөний хувьсгалыг анх санаачлан хийж, өнөөгийн нийгэм эдийн засгийн тогтолцоог цоо шинээр өөрчилж чадсан АН УИХ буюу Парламентэд маш цөөнх болсон бөгөөд бас өөр хоорондоо эв зүйгээ олж чадахгүй хэсэг бүлэг болж хагараад байгаа энэ сиймхийг ашиглаж "хулгай" хийж байгаа мэтээр Үндсэн хуульд гар хүрэх, тэр тусмаа хэн ч хүлээн зөвшөөрөхгүй тав дахь Үндсэн хууль гэгч төсөл боловсруулж түүнийгээ иргэдээр дэмжүүлэх санаатай улс төрийн зальжин акц явуулахаар зэхэж байх шиг байна. Үндсэн хуулинд байхгүй Зөвлөлдөх зөвлөл гэгч эрх зүйн чадамжгүй түр зуурын баг байгуулж өөрсдийн дуулгавартай хэдэн амьтадыг оруулж тэднээрээ үндсэн хуулийг өөрчлөх санал гаргуулж улс төрийн тоглолт хийж байна. 
Ер нь Үндсэн хуулийг Шинэ төсөл хэлэлцэх цаг болоогүй, ямарч шаардлага байхгүй. Улс орны нийгмийн тогтолцоог өөрчлөх тийм үйл явц өрнөөгүй. Магадгүй Орос, Хятадыг дууриаж Ерөнхийлөгчийн маягийн ганц хүний засаглалтай болох далд санаа агуулж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэгж яривал МАНчид нийгэм, улс төрийн тогтолцоогоо хоёр хөрш шигээ болгох гэсэн санаа агуулж байна гэж бид бас хардах эрхтэй.
 
Тийм санаархалыг бид дэмжихгүй, ард түмэн хүсэхгүй. Өнөөдөр эрх зүйн чадамжгүй Зөвлөлдөх зөвлөлийн дэмжиж Н.Энхбаярын санаачилж боловсруулсан тав дахь Үндсэн хууль гэгчийг хэлэлцэж, баталж хэрхэвч болохгүй. Тэр зөвлөлдөх зөвлөл гэгчийн боловсруулж өнөөх 270000 ам доллар гэртээ нуучихаад энэ ч бага мөнгө шүү дээ гэж ард олноо басамжилдаг даргатай Статистикийн газраас санамсаргүй сонгосон гэгдэх 1570 хүн гэгчээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналыг гаргах нь л дээ. Үндсэн хуулийн бус субъектийн бичсэн
 
Үндсэн хуулийн төсөл гэгчид саналаа өгөх нь хууль бус гэнэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь Үндсэн хуулийн төсөл гэгчийг боловсруулаад төрийн эрхийг булааж авдаг үүд хаалгыг нээх гэж байгаа авантурист санаа гэж шууд хэлж бас болно. Мөн шинэ 5 дахь Үндсэн хуультай болчихвол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж байгаа мэтээр харагдах тул Дэлхийн хамтын нийгэмлэг буруугаар ойлгоно.
 
Тэгээд Орос, Хятад хоёроос бусад улс орнууд бидэнтэй маш болгоомжтой, хоосон хөндий харилцаа үүсэх байдал бий болох байх. Бас ийнхүү нийгмийн тогтолцоо нь Үндсэн хуулиараа амархан өөрчилдөг тогтворгүй улс орон руу гадаадын хөрөнгө оруулалт итгэж орж ирэхгүй дээ. Нөгөө талаар нэг нам улс төрд дангаараа ноёрхож буй үед бол Үндсэн хуульд том өөрчлөлт оруулж хэзээ ч болохгүй. Хэрвээ тиймдээ хүрвэл бид улс төрийн хатуу тэмцэлд хүрнэ 1990 онд олж авсан эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулсан ардчилсан тогтолцоогоо амь насаараа хамгаалах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
 
-За тэгвэл 1992 оны Үндсэн хуульд ямар ч өөрчлөпт оруулах шаардлагагүй юм уу?  
-Үндсэн хуульд нэмэлт хийж болно. Юм хөгжих ёстой. Ер нь ҮХНӨ-ийн асуудал ярих гэж байгаа бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нилээд хязгаарлаж харьцангуй Парламентаасаа хамааралтай тийм эрх хэмжээтэй байх нь манай нөхцөлд зохистой. Яг Герман, Энэтхэгийн ерөнхийлөгч шиг маягийн байж болох юм. Парламентдаа хамаг эрх мэдлээ өгч улс орны НЭЗ-ийн хөгжлийн асуудал, Үндэсний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн тэнд шийддэг байх нь зөв юм. Бас яг одоо ҮАБЗ гээд бараг Ерөнхийлөгч нь бүхнийг мэддэг тийм жижиг бараг гурван хүний эрх мэдлийн бүтэцийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй.
 Бүх асуудал парламентад ард түмний төлөөлөл болсон гишүүд хамтарч зөвлөлдөж байгаад шийдэх тогтолцоогоо боловсронгуй болгож болох юм. ҮХНӨ-ийн хуулиар хоёр шатлалтай болгоод Дээд танхимаас байнгын ажиллагатай Доод танхимаа сонгож баталдаг. Тэдний үйл ажиллагаанд дээд танхим хяналт тавьдаг байх нь зөв.
 
Монголын нөхцөлд хяналттай төр засагтай байх үндэс нь хоёр шатлалтай парламентын тогтолцоо гэж харагдаад байгаа юм. 2023 оны байдлаар 2,1 сая сонгогч байна. Ойролцоогоор 5000 хүн тутмаас нэг депутат сонгоно гэвэл 420, эсвэл сум дүүргээр сонговол 430 депутатыг нам болон нам бусчуудын эвсэлээс сонгож АИХ-ыг байгуулна. 
 
АИХ нь жилд 2-3 удаа чуулахдаа: 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх батлах эрх эдэлнэ. -Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвшилцөлөөр тодруулж, сонгох-Байнгын ажиллагаатай Парламентыг байгуулах, хянах, гишүүдийг татах, чөлөөлөх (АИХ-д намуудын авсан саналын тоогоор хувь тэнцүүлэн гишүүдийг сонгоно) 
-Үндсэн хуулийн Цэцийг байгуулах, татан буулгах -Шүүх засаглалыг (Ерөнхий прокурорыг томилох, Дээд шүүхийг байгуулах) байгуулах, хянах, хариуцлага тооцох  
-Монгол Улсын Ерөнхий сайдыг (ЕС) томилох-Зарим шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулах
-АИХ-ын депутатуудын 2/3-ын саналаар чуулган хуралдуулж болно.  
Байнгын ажиллагаатай парламент жилд 75 хоногоор 2 удаа чуулахдаа:  
-Улс орны НЭЗ-ийн хөгжлийн гол хуулиудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах-Засгийн газрын гишүүдийг ЕС-ын- өргөн мэдүүлсэнээр батлах-Улсын төсвийг хэлэлцэж батлах,чадахгүй бол тарах-Онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэх -Дайнд оролцох эсэх асуудал
-Олон улсыг гэрээнд нэгдэн орох асуудал
-АИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах
 
Энэхүү хоёр шатлалттай парламентын тогтолцоо нь 20-30 жилийн дараа сонгогчдын боловсрол эрс дээшилж, улс орон хөгжин Дэвжихийн хирээр АИХ нь Сенатын танхимруу шилжиж хоёр танхимтай болж өөрчлөгдөн хөгжиж болох юм.
 
Ерөнхийлөгч:  
-Үндэсний эв нэгдлийн баталгааг хангах -Онц болон онцгой байдал тогтоох-Хуулиудад хориг тавих эсэх асуудлыг ярилцаж шийдэх -Улс орноо гадаад, дотоодод төлөөлөх
-Шагнал хүртээх, өршөөл үзүүлэх гэх мэт цөөн эрх мэдэлтэй байхад л болно.
http://www.bolod.mn/News/244010.html
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Засгийн газар, шүүх, прокурорын бүрэн эрхийг зөрчөөгүй гэж

Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Цэц хүчингүй болголоо

Д.Лүндээжанцан: Засгийн газар бүтцээ өөрчлөх шаардлагагүй,

УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь

Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргасан уу

Сэтгэгдэл бичих