» » K-pop оддын үсний стилистүүдтэй танилцацгаая

K-pop оддын үсний стилистүүдтэй танилцацгаая

K-pop оддын үсний стилистүүдтэй танилцацгаая
Өмнөд Солонгосын дуучид зөвхөн уран бүтээлээрээ төдийгүй мөн загварын болон гоо сайхны төрхүүдээрээ дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчдийн сэтгэлийг булаадаг. Тэгвэл тэдний нүүр будалт, хувцас загвар болон үс засалтыг ямар хүмүүс хариуцан ажилладаг бол? Ялангуяа өөгүй, ямар ч нөхцөлд “төгс” харагдах алдартнуудын үс засалт багагүй хүч хөдөлмөр, бүтээлч хандлага шаарддаг нь гарцаагүй. Blackpink хамтлагийн Lisa-ийн үсэрч дэвхцэж байхад нь ч хүртэл огт хөдөлдөггүй чёлкаг санаж байгаа биз дээ?
Энэ нийтлэлдээ бид K-pop оддын арын албанд ажилладаг хамгийн чухал хүмүүсийн нэг болох үсний стилистүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Пак Жихэ (@giihee)

Бага насандаа мэргэжлийн төгөлдөр хуурч болохыг мөрөөдөж байсан Пак Жихэ гоо сайхны чиглэлээр суралцахаар шийдэж, тус хоёр чиглэл нь тун төстэй болохыг ойлгосон байна. “Төгөлдөр хуурчид болон үсний стилистүүд аль аль нь өөрсдийгөө илэрхийлж, бусдад онцгой сэтгэгдэл төрүүлж чаддаг болохоор тэд нэг ёсондоо адил үүрэг гүйцэтгэдэг” хэмээн тэрээр хуваалцсан удаатай. Тэрээр өдгөө Сөүлийн хамгийн загварлагт тооцогддог Апгужон гудамжинд байрлах Holy нэртэй салоныг ажиллуулдаг ба Dean, Lee Hi, Crush, BE’O, Lil Cherry, PROWDMON, LACHICA, Colde, Reddy зэрэг артистуудын үс засалтыг хийдэг билээ. Пак Жихэ хэн нэгний үс засалтыг хийхээсээ өмнө тэдний нүүрний онцлог, толгойн хэлбэр гээд нарийн судалгаа хийсний дараа, мөн тухайн хүнд тохиромжтой санаануудыг цуглуулж байж л ажилдаа ханцуй шамлан ордог тухайгаа хуваалцаж байсан. Тэрээр үсний стайлинг хийхээс гадна үс будалт, тайралт, мөн парик хүртэл хийдэг байна. Өвөрмөц шийдлүүдтэй үс засалтууд хийдгээрээ танигдсан Пак Жихэ стилист байгаль орчноос гол урам зоригоо авдаг гэнэ. Жишээ нь нар жаргах мөчийг ажиглаж байхдаа тэрээр дотроосоо "эдгэрч" буй мэт мэдрэмж авч, сэтгэл нь уужрах шиг болдог байна. Тэрхүү мэдрэмжээ илэрхийлэхийн тулд улбар шар, ягаан, нил ягаан, номин ногоон зэрэг өнгөнүүдийг хамтад нь хольж, үс засалтад ашигладаг гэлээ.


Пак Нажүү (@bit.boot_naejoo)

Пак Нажүү ямар нэгэн сургалтад хамрагдаагүй харин өөрөөрөө үс засаж сурсан стилист юм. Энэ нь ч бусдад багагүй урам өгч чаддаг гэнэ. Ойролцоогоор 20 жил энэ салбарт зүтгэсэн тэрээр мөн Сөүлд өөрийн Bit and Boot нэртэй салон ажиллуулаад зогсохгүй BTS, EXO, Twice, NCT, The Boyz зэрэг дэлхийд нэрээ цуурайтуулж буй томоохон K-pop хамтлагуудтай хамтарсаар байгаа юм. “Би ямар нэгэн төсөл дээр ажиллаж эхлэхээсээ өмнө юуны өмнө бүх нарийн деталиудтай танилцдаг. Жишээ нь, ямар зурагчинтай хамтарч ажиллах, зураг авалтын ерөнхий концепц ямар гэдгээс хамааран ажлаа төлөвлөдөг”. Тэрээр ажлынхаа хамгийн дурсамжтай мөчүүдээс хуваалцахдаа “Солонгосын хамгийн нөлөө бүхий хөгжмийн шагнал гардуулах ёслол болох MAMA дээр BTS, EXO болон Twice гээд миний тогтмол хамтарч ажилладаг хамтлагууд маань нэр хүндтэй шагналуудыг гардан авахаар тайзнаа ар араасаа гарч ирэхэд үнэхээр сайхан санагдаж байлаа. Мөн BTS хамтлагийн хамтаар Грэмми дээр очиход дэлхийн шилдэг уран бүтээлчдийг ойроос харах нь сэтгэл хөдөлгөм байсан” хэмээжээ. Өмнөд Солонгосын урдаа барьдаг топ хамтлагуудын үс засалтыг хариуцан ажилладаг Пак Нажүү 1970 болон 1980-аад оны кино, зураг авалт, дууны бичлэгүүдээс урам зориг авч, өөрийн ажлууддаа гүйцэтгэдэг байна.


Юн Соха (@yoon_seoha_)

Юн Соха 2019 онд Red Velvet гэх охидын хамтлагийн дуучин Wendy-ийн үсийг тайрч, урт төрлийн, бага зэрэг хайхрамжгүй харагдах боб тайралт хийснээр Солонгост энэхүү үс засалт нь маш их хайп үүсгэж байсан билээ. “Үс засалтыг үнэхээр сайхан хийлээ гээд энэ нь хувцаслалт, нүүр будалттай нь зохицохгүй бол утгагүй. Тийм болохоор үс засалт, нүүр будалт болон хувцаслалтын стилистүүд хамтарч ажиллах шаардлагатай юм” хэмээн тэрээр онцолж байсан. Түлхүү Red Velvet болон IVE хамтлагуудтай ажилладаг тэрээр хамтлагийн гишүүн бүрийн онцлогийг тооцоолон тэдний үс засалт дээр ажиллаж эхэлдэг байна. Ажлынхаа хамгийн дурсамжтай мөчөөр тэрээр дууны бичлэгийн зураг авалтад зориулж өнгөлөг үсний хавчаарын эрэлд Япон улсыг зорьсон үеэ дурсжээ.


Ким Вүүжин (@hairmon_)

Зөвхөн Солонгосын дуучид төдийгүй алдартай жүжигчидтэй хамтарч ажилладаг стилист Ким Вүүжин мөн загварын сэтгүүлүүдэд зориулан төрөл бүрийн үс засалтуудыг хэрэгжүүлдэг. Тэрээр мөн 134 мянган дагагчидтай YouTube хуудас хөтөлж, өөрийн өдөр тутмын амьдрал, сонирхолтой үсний стайлингийн техникүүдээс хуваалцдаг байна. Түүний үсний стилист болох хүсэл Солонгосын алдарт “Boys Over Flowers” цувралын гол дүрийн үс засалтыг өөр дээрээ хэрэгжүүлэх гэсэн оролдлогуудаас эхлэлтэй гэнэ.


Ли Энок (@enoclee)

Тэрээр сургуульд сурч байх үеэрээ гэрийнхээ ойролцоох үсний салонд ажиллаж эхэлснээр түүний карьер эхэлжээ. Одоо Ли Энок алдарт загвар өмсөгч, жүжигчин болон дуучдын дунд хамгийн их эрэлттэй байдаг стилистүүдийн нэг юм. Мөн тэрээр ихэнхдээ загварын сэтгүүлүүдийн зураг авалтад ажиллах дуртай бөгөөд Ричард Аведон, Стивен Мэйсел зэрэг домогт зурагчдын уран бүтээлүүдийг харж урам зориг авдаг гэнэ. Түүнд саяхан нэг зурагчин өөрийн бүтээлүүдээ нэгтгэн ном гаргах санал тавьсан тул удахгүй стилистийн хамгийн сор ажлууд орсон ном гарч, уншигчид дунд өндөр эрэлттэй гэдэгт итгэлтэй байна.



https://www.buro247.mn/beauty/news/k-pop-oduudyn-s-zasaltyn-stilist-dtey-taniltcatcgaaya.html
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

BLACKPINK хамтлагийн Lisa Гиннесийн рекордыг шинэчлэн

BLACKPINK Jennie, Кайа Гербер нар Calvin Klein-ий шинэ

Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС

К-Поп од халдвар авсан хэмээн наргиан хийсэндээ уучлал хүсэв

ШҮХЭРЧИН АВРАГЧ Б.Бямбасүрэн: Би эмэгтэй хүн, чадахгүй гээд

Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

Сэтгэгдэл бичих