Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр Монголчуудын сэтгэл зүрх дуунд уярч, тархи амарч, сэтгэлийн цэнгэл эдэлдэг гэж хэлж болно. Учир нь дэлхийн шоу “The Voice” Монголд албан ёсоор зохиогдож байгаа учир бид ийн үзэх юмтай хөл хориог өнгөрүүлж байна. Тэр дундаа тус тэмцээнд дуулагдсан Монгол дуунууд дэлхийн өнцөг булан бүрд суугаа олон мянган Монголчуудыгаа огшоож байна.
Энэ жилийн “The Voice of Mongolia” шоунд олон авьяастнууд өрсөлдөж байгаагаас яахын аргагүй Монгол дуу, дуучид олон түмний сэтгэлийн утсыг хөндөж, дэлхийн чихэнд цуурайтав.
Тодруулбал, The Voice of Mongolia” шоуны шүүгч Укагийн багийн гишүүн Э.Дашнямын дуу, дуулалт өнө мөнх орныхоо өнцөг бүрт байгаа Монголчуудынхаа сэтгэлийг татаж, зүрхийг уярааж, омогшуулж, бахархуулсан билээ.
Тэгвэл Монгол хүн болж төрснөөрөө бахархаж суугаа ард түмнийгээ, тэр дундаа харьд суугаа Монгол ахан дүүсээ The Voice of Mongolia” шоуны шүүгч С.Ононбатын багийн гишүүн Д.Цолмон дахин омогшуулж, өндөлзүүлж, эх нутгаа санагалзууллаа.
Тэрээр Төрийн соёрхолт Б.Шаравын алдарт “Манан” хэмээх бүтээлийг дахин дуу болгон амилуулж, “The Voice”-ын тайзнаас дуулсан нь гадаадаас эх орноо санагалзан буй олон мянган Монголчуудын сэтгэлийг хөдөлгөж, хөг нэмлээ.
“Манан” дуу нь үзэгчдийн зүрхэнд орж, нулимсанд хүрсэн нь яахын аргагүй Монголын нэрт хөгжмийн зохиолчийн Б.Шаравын бүтээл байсан нь тэр биз ээ. Түүний бүтээл нь морин хуурын эгшгээр амилсан байдаг учраас Монголын үнэрийг хамарт цоргиулдаг гэж зарим сонсогчид дүгнэдэг. Өмнө нь зөвхөн хөгжмөөр амилж, МУГЖ Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болж байсан алдарт “Манан” бүтээл өнөөдөр “The Voice of Mongolia” шоуны тайзнаас дахин эгшиглэсэн нь сайн дасгалжуулагчийн цаг үеэ мэдэрсэн торгон мэдрэмж бас байв.
“The Voice” шоуны хүчирхэг оролцогч Д.Цолмонгийн энэ удаагийн дууны сонголт нь харьд суугаа Монголчуудын зүрхэнд тайвшрал авчрах зорилготой байсан нь биеллээ оллоо. Дууны хувьд хамгийн өндөр акцент, хүчирхэг хоолой шаарддаг болохоор шүүгч, дасгалжуулагчийн сонголт ч нүдээ олжээ.
С.Ононбатын багийн хамгийн чадалтай хоолой бол мэдээж Д.Цолмонгийн хоолой. Тэр ч утгаараа түүнд маш хүнд, амаргүй даалгавар байсан биз. Гэвч Д.Цолмон ажралгүй, амжилттай даван гарч чадлаа. Морин хуурын дөрвөлийн хоршил нь түүний хоолойтой яв цав нийцсэн нь үзэгчдийн сэтгэлд маш хүчтэй хүрсэн болов уу. Тийм ч болохоор энэ удаагийн шатанд хамгийн олон үзэгчийн саналаар ялалт байгуулсан байж мэдэх юм.
Ийнхүү алдарт “Манан” дуу “Voice”-ийн тайзнаас эгшиглэсний дараа шүүгч, Төрийн соёрхолт Д.Болд “Хэн хүний бүтээж чадахгүй “Опера” дуулалтыг гаргасан” гэж онцолсон нь ямар өндөр, мэргэжлийн төвшинд уг дуу эгшиглэснийг баталж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Шарав агсны алдарт “Манан” бүтээлийг үзэгчдийн зүрхэнд хүргэж, сэтгэлд хоногштол амилуулсан С.Ононбат дасгалжуулагчийн баг хамт олонд болон Д.Цолмонд дахин талархал илэрхийлье.
Сэтгэгдэл бичих