Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.29/ соёл урлагийн салбарынхантай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнол болох соёл урлагийн салбарынхантай уулзаж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа соёл урлагийн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, Чингис хааны музей, Төв номын сан, үндэсний түүхий музейн барилгын ажлуудыг эхлүүлсэн. Цаашид Үндэсний урлагийн их театртай болох ёстой. Соёл урлагаар дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд эргэлтэд оруулах хэрэгтэй. Хэрэв ард түмэн надад итгэл хүлээлгэвэл соёл урлагийн бодлогыг онцгойлон анхаарч ажиллах болно.







Монгол туургатны өв соёлыг "Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. Дэлхийд танигдсан соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэх "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулан, соёлын салбарт эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. Соёл, хүмүүнлэгийн дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Үндэсний соёл, ёс заншил, өв түүхээ ардын болон сонгодог урлаг, кино, рок поп, спорт, хүмүүнлэгийн бүх хэлбэрээр дамжуулан гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ хэмээн тусгасан байгаа юм. Уулзалтад оролцсон соёл урлагийн салбарынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед монгол соёлоо хадгалж, хамгаалах чухал шийдвэрүүд гаргасныг онцолж, салбараараа түүнийг дэмжихээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих