» » ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ 239 ХУВИАР НЭМЭГДЭВ

ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ 239 ХУВИАР НЭМЭГДЭВ

Газрын тосны экспорт 239 хувиар нэмэгдэв
Уул уурхайн яамнаас энэ оны эхнээс тавдугаар сарыг дуусталх хугацаанд экспортолсон уул уурхайн бүтээгдэхүүний статистикийг олон нийтэд мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 40 гаруй хувиар нэмэгдсэн, харин зэс, төмрийн хүдрийн экспорт бага зэрэг буурсан дүнтэй байна. Тэгвэл газрын тосны экспорт даруй 239 хувиар нэмэгдсэн байгаа нь анхаарал татлаа. Тодруулбал, энэ оны эхний таван сард 2.1 сая баррель газрын тос экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 1.5 сая баррелиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн долоо хоногт газрын тостой холбоотой бас нэгэн томоохон үйл явдал болсон нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн суурийг тавилаа. Газрын тосны үйлдвэр барих ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ТЗҮГ-нь  хүлээн авсан. Харин өнгөрсөн долоо хоногт газар шорооны ажил нь албан ёсоор эхэлсэн юм.
Үйлдвэрийн хувьд жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай.   
“Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” талбайгаас олборлосон тосыг боловсруулна.         
Монгол Улсын болон Евро V стандартад нийцсэн, жилд 8000-8750 цаг ажиллах боломжтой. 43 мянган  тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган  тонн авто бензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган  тонн зуухны түлш үйлдвэрлэх чадалтай байх юм. Тус үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого өсөж, 600 гаруй ажлын байр бий болж, үйлдвэр дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө гэж мэдээлж байгаа юм.
Олон улсын зах зээлд ч газрын тосны салбар өнгөтэй байгаа юм. Өнгөрсөн жил үнэгүй шахам болтлоо илүүдэлд орж, уналтын байдалтай байсан энэ салбарынхан өнгөрсөн долоо хоногт 2018 оноос хойшхи хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.
Газрын тосны фьючерс пүрэв гарагт илүү өндөр түвшинд хүрч, АНУ-ын зах зээл 2018 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ нь тус улсын ДНБ-ий өсөлт, ажлын байрны өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдтэй холбоотой гэж “The Price Futures Group”-ийн зах зээлийн ахлах шинжээч Фил Флинн ярьжээ. АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, хөрөнгийн зах зээл, таваарын зах зээл гээд бүгд өсөлттэй гарч байгаа. Гэхдээ өнгөрсөн сард гаргасан урьдчилсан тооцооноос илүү хурдан нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин эрчимтэй буурч байгаа нь ийнхүү онцлох үзүүлэлт болж байгаа аж. Нью Йоркийн бирж дээр нэг баррель газрын тос 66.85 ам.долларт хүрсэн байна. WTI, Brent брэндийн фьючерсүүд таван улирал дараалан уналттай байсан ч хамгийн сүүлд огцом өсөлт үзүүлсэн нь энэ аж. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Төгс
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

V сард инфляц сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээ буурчээ

Импорт болон экспорт буурчээ

Газрын тосны үнэ 63 ам.долларт хүрлээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн

Сэтгэгдэл бичих