Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өслөө. Улсын жилийн инфляц 2017 оны гуравдугаар сараас хойш буюу сүүлийн гурван жилийн хамгийн нам дор түвшинд ирсэн байна.
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ таван хувиар өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ. Харин тээврийн бүлгийн үнэ 6.8 хувиар буурсан байна.
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дотоодод шатахууны жижиглэнгийн үнэ буураад байгаа юм. Тухайлбал: АИ-92 автобензиний литрийн дундаж үнэ өнгөрсөн сард 1388 төгрөг байсан нь өмнөх оноос 27.7 хувиар буурчээ.
Инфляцын эрч ийнхүү саарч байгаа нь эдийн засгийн идэвхжил саарсныг илтгэх нэг үзүүлэлт болж байна. Оны эхний улиралд цар тахлын нөлөөгөөр дотоодын эдийн засаг 10.7 хувиар буюу шилжилтийн үеэс хойш хамгийн хүчтэй буураад байна. Эдийн засгийг дэмжих зорилгоор Төв банк бодлогын хүүгээ III, IV сард бууруулж, есөн хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн бага түвшин боллоо.
Зургаадугаар сард мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болох бөгөөд хурлаар бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулах товтой байна. Үнийн өсөлтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Үнийн түвшин өсөх дарамт бага байсан нь хүүг буулгах орон зайг олгосон гэсэн үг. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсэж болох ч инфляцын зорилтыг хангах боломжтой" гэж байсан юм.
Б.Бямбасүрэн
Эх сурвалж: Bloombergtv.mn
Сэтгэгдэл бичих