Нийслэлийн засаг захиргааны байр Хангарьд ордонд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал боллоо. Нийслэлийн өмч хувьчлах комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд, даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар НӨАУГ-ын дарга Ш.Үнэнбат ажилладаг.
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, НИТХ-ын Төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу НИТХ нь хувьчлах объектын жагсаалтыг баталдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг хувийн хэвшилд шилжүүлэн төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг.
Энэ удаагийн хуралдаанаар:
- Танилцуулга-2
- Өмчлөгчийн эрх олгох тухай-2
- Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах хуулийн этгээдийн барилга байгууламж-1
- Шинээр хувьчлах тухай-2
- Дахин дуудлага худалдаагаар хувьчлах-3, нийт 10 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хувьчлах жагсаалтанд орсон боловч газрын маргаанаас болоод хувьчлагддаггүй нийслэлийн хэд хэдэн өмч бий.
Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Халуун усны барилгын газрыг 2010 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар “ЖБГҮ” ХХК-д эзэмшүүлсэн байна. Мөн тус компани нь дур мэдэн нийслэлийн өмчийн барилга дээр давхарлан барилга барьсан нь хууль бус үйлдэл.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Өмч хувьчлах комиссын дарга С.Амарсайхан “Барилга нь нийслэлд, газар нь өөр эзэмшигчтэй байдаг ийм асуудлыг нэн даруй цэгцэл, хэзээ хэн гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг тогтоож, холбогдох хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцуулах хэрэгтэй. Хотын эрх ашгийн төлөө бус өөрийн эрх ашгийг урдаа барьж, улсын өмчийг шамшигдуулж байгаа хүмүүстэй тэмц, олон нийтэд зарла, ийм дээрмийг даврааж болохгүй”, Нийслэлийн өмчийг түрээсэлж байгаад эзэнд нь мэдэгдэхгүйгээр газрыг нь хулгайлж хувьдаа шилжүүлэн авдаг, барилгыг нь үнэгүйдүүлэн хувьчилж авах маягаар залилан, хулгай хийсэн, албан тушаалаа ашигласан хүмүүсийг шалгуулж, арга хэмжээ авч ажиллахыг НЗДТГ-ын Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын удирдлагуудад үүрэг чиглэл болгож, эргэн танилцуулахыг даалгасан байна.
Сэтгэгдэл бичих