» » Монголын волейболын тод од Э.Сайханбаатар

Монголын волейболын тод од Э.Сайханбаатар

Facebook Messe
Сүүлийн жилүүдэд манай улсад волейболын спорт хөгжиж, тэр хэрээр тамирчдын амжилт, ур чадвар ахиж байгаа. Өнөө цагийн Монголын волейболын өнгийг тодорхойлж, гаднын томоохон клубүүдийн анхаарлыг татаж буй цөөнгүй тамирчин манайд бий. Тэдний нэг бол “Тэнүүн-Огоо” клубийн ахлагч Э.Сайханбаатар.
2015 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр спортын хорхойтнууд түүнийг сайн мэддэг болсон. Учир нь, Э.Сайханбаатар хамгаалалт, довтолгооны хамаг л хүнд ачааг үүрч, бусдаас эрс ялгарч байсан юм. Монголын шигшээ багийнхан БНСУ-ын волейболчидтой хүрэл медалийн төлөө тоглоход “Буянт-Ухаа” спорт цогцолборт цугласан монголчууд “Сайханаа, Сайханаа” хэмээн уухайлан дэмжиж, “Даанч ганцаардаад байх юм. Түүн шиг дахиад ганц тоглогч байсан болоосой. Солонгосчуудыг хожих боломж байна шүү” гэж халаглаж байсан нь санаанаас ер гардаггүй юм.
Тус тэмцээний сурталчилгааны баннерыг Э.Сайханбаатарын довтолж буй зургаар урласан нь түүнд Монголын волейболын холбооныхон хэр их итгэл хүлээлгэн, хүндэлж явдгийнх нь илрэл болов уу.
ЭЭЖИЙНХЭЭ ҮРГЭЛЖЛЭЛ, САЙХАНАА
Түүний ээж нь үндэсний шигшээ багийн тоглогч асан, ОУХМ Б.Уранчимэг гэдгийг спортын хүрээнийхэн андахгүй. Багаасаа волейболд хорхойсож, дурласан Э.Сайханбаатар найман настай байхдаа ээжээрээ волейбол заалгажээ.
Энэ спортод багын дөртэй, авьяастай байсан түүний ур чадвар өдрөөс өдөрт ахисаар волейболтой амьдралаа холбосноосоо хойш хоёрхон сарын дараа болсон мини волейболын УАШТ-д оролцон, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсандаа их урамшсан гэнэ. УАШТ-ээс хэчнээн медаль хүртсэнийг нь тодруулахад “Үнэнийг хэлэхэд яг тэд гэж тоолж байгаагүй. Тоог нь алдсан. Лав Ерөнхий боловсролын сургууль төгсөтлөө оролцсон тэмцээнээсээ медалиас мултарч үзээгүй. Би шилдэг довтлогч, ээж минь шилдэг дасгалжуулагчийн шагналыг олон удаа хүртсэн” хэмээн инээмсэглэв.
Ээж нь түүнийг багаас нь багийн ахлагч болгосон нь биеэ даан тоглолт удирдах, чухал үед оновчтой шийдвэр гаргах чадвартай болоход нь их дэм болсон нь дамжиггүй. Алдаа гарахад багийнхнаасаа хамгийн түрүүнд шүүмжлүүлж “Ганцхан намайг л зэмлэдэг” хэмээн ээждээ тунирхаж явсан удаа ч цөөнгүй гэнэ.
Э.Сайханбаатар ээжийнхээ удирдлага доор бэлтгэлээ базаасаар, амжилтаа ахиулсаар байлаа. 2008 онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий үеэр түүний амьдралыг эрс өөрчилсөн нэгэн явдал тохиолдсон юм. Эл тэмцээнд түрүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Э.Сайханбаатартай уулзан, шалгаж үзэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Улмаар түүнийг багийнхантайгаа хамт байрлуулж, бэлтгэл хурд, довтолгоо, хамгаалалтын техникийг нь голчлон шалгаж байгаад тэнцүүлжээ. Ийнхүү Э.Сайханбаатар БНСУ-ын оюутны дээд лигийн “Hanyang” багт тоглох эрх өвөртлөн, хилийн дээс алхсан юм.
Дөнгөж Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүд соёл, ёс заншлын ялгаа, хэлний бэрхшээлээс авахуулаад саад их тулгарчээ. Тэр тухайгаа “Дөнгөж очсоны дараа шантарч, эх орон руугаа буцъя гэж хэд хэдэн удаа бодсоноо нуугаад яах вэ. Тэр үед гэрийнхэнтэйгээ утсаар холбогдон, сэтгэлээ онгойтол ярьж, тайтгардаг байлаа. Солонгос хэл мэддэггүй байсан надад бусадтай харилцах шиг хэцүү даваа байгаагүй. Бас бэлтгэлийн ачаалал. Өдөрт 5.00-7.00, 9.00-12.00, 14.00-1600, 18.00-21.00 цагийн хооронд дөрвөн удаа бэлтгэл хийнэ. Бүр тэсгэл алдран “Гэртээ харьчихаад ирье” хэмээн худлаа хэлэн, багшаасаа нэг сарын чөлөө авлаа. Бүр нутаг буцахаар шийдсэн маань тэр. Гэртээ ирсний дараа аав минь “Миний хүүгийн оронд өөр хүн сонгож болох байсан байх. Олон хүн дундаас сонгогдож явсан нь чиний аз. Чамайг өндөр амжилт гаргаасай гэж олон хүн итгэж байгаа. Тэдний итгэлийг ингээд хөсөрдүүлэх гэж үү. Эр хүн хэлсэндээ байх сайхан” гэж захисан нь надад ихийг бодогдуулсан. Тэгээд эхэлсэн ажлаа дуусгая, үр шимийг үзье гээд эргэн очиж билээ” хэмээн дурслаа.
Холбогчийн туслах буюу “S” байрлалд тоглодог байсан тэрбээр багийнхаа хамт анхны амжилтаа 2010 онд гарган, оюутны дээд лигт түрүүлжээ. Э.Сайханбаатар дөрөвдүгээр дамжаа төгсөх жилээ аль хэдийнэ оюутны дээд лигт тоглож буй тамирчдаас чансаагаараа эхний тавд багтаж амжив.
БНСУ-ын үндэсний лиг оюутны лигийн эхний зургаад бичигдсэн тамирчдыг драфтын нэгдүгээр сонголтоор авдаг дүрэмтэй. Тиймээс Э.Сайханбаатарт томоохон багт хүчин зүтгэх боломж бүрдээд байсан хэрэг. Гэтэл тэр жил хүндэтгэх шалтгааны улмаас сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй гэдэг.
ХЭРВЭЭ ТЭР БЭРТЭЭГҮЙ БОЛ…
Тамирчны хамгийн харгис дайсан бол яахын аргагүй бэртэл, гэмтэл. Энэ дайсан түүнийг ч бас тойроогүй. Э.Сайханбаатар дараа жил нь “Meongjide” багийн эсрэг 47 оноо авсан нь волейболчны замналынх нь хамгийн өндөр амжилт. Өмнөх өдөр нь тааруу тоглосон хэмээн дасгалжуулагч нь түүнийг гуравдугаар үеэс тоглуулсан ч дээрх амжилтыг гаргасан нь ур чадвартайгийнх нь илрэл биз ээ. Хэрвээ Э.Сайханбаатарыг тоглолтын эхнээс гараанд гарган тоглуулсан бол бүр ч олон оноо авах байсан нь мэдээж.
Сүүлийн гурван үеийн турш “Hanyang”-г хожилд хөтөлсөн тэрбээр багийнхаа хамгийн сүүлчийн оноог авчихаад буухдаа өрсөлдөгч багийнх нь тамирчны хөл сетгэн доогуур орж ирснийг мэдэлгүй дээр нь гишгэчихжээ. Итгэхэд бэрх тоглолт гаргасан түүний “Хожлоо” гэх баяр нь хормын төдийд эсрэгээрээ эргэх нь тэр.
Хөл нь шагайгаараа бүтэн эргэж, юу ч мэдрэхгүй байсан гэнэ. Бүхэл бүтэн таван жилийнх нь хөдөлмөр салхинд хийсч, үндэсний лигт нэгдүгээр сонголтоор тоглох нь тодорхой байсан (оюутны лигийн волейболчдын чансааг тэргүүлж байсан) төдийгүй “Самсунг”, Эрчим хүчний багаас санал ирсэн нь ч замхран оджээ.
Э.Сайханбаатар хүнд үеийнхээ тухай “Бэртлээ эдгээгээд үндэсний лигт нь тоглох боломж надад байсан. Солонгосын лигийнхэн бэртэл чинь дараа жил илааршчихна, ганцхан жил хүлээчих гэдэг байлаа. Хөлд мэдээ орохгүй байх вий гэж их айсан. Солонгосын эмнэлэгт үзүүлэхэд “Мэдээ л орохгүй бол ямар ч аргагүй” гэдэг байсан ч найман сарын турш уйгагүй эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон азтай хүн дээ, би. Тэгээд л шууд эх орон руугаа буцсан. Энд ирсний дараа хөл зовиуртай байхаар нь бариачид үзүүлтэл мултарсан шагайг дутуу оруулчихсан байсан юм билээ” гэлээ.
ЭХ ОРОНДОО ИРЭЭД БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛЭВ
2013 онд эх орондоо ирсэн Э.Сайханбаатар ээжийнхээ дасгалжуулдаг байсан “Алтайн барс” клубт тоглон, бүхнийг шинээр эхэлжээ. Дараа жилийнх нь хавар, намрын тэргүүн тэмцээнд түрүүлсэн амжилтаар Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан юм.
Мөн 2014 онд элсний волейболын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болжээ. Тус багийн дөрвөн тамирчны гурав нь ээжийнх нь шавь байсан юм.
2015 оноос “Тэнүүн-Огоо” багт хүчин зүтгэж буй тэрбээр 2017 оны “Холбооны цом”-д түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан. Тэрбээр шигшээ баг, клубтээ тоглохын хажуугаар ээж, аавынхаа хамт волейболын “Ирээдүй” сургалтын төв болон клуб байгуулан, залгамж халаагаа бэлдэж байна.
“Ээж минь надад волейболоос гадна амьдралын ухаан заасан” хэмээж буй тэрбээр 12 дугаарын өмсгөл өмсдөг. Ээж нь 12 дугаартай тоглодог байсан тул үргэлжлэл нь болж яваагаа бэлгэдэн энэ тоог сонгожээ.
“12 SPORT BRAND”-ийг ҮҮСГЭН БАЙГУУЛЖЭЭ
2016 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан Э.Сайханбаатар спорт хувцас, хэрэгслэлийн “12 sport brand”-ийг үүсгэн байгуулжээ. 12 дугаартай тоглодог тул брэндээ ийн нэрлэсэн гэнэ.
Спорт бол залуу насны ажил. Хэрвээ тэр бэртээгүй бол өдийд хэр амжилт гаргах байсныг таахад бэрх. Ийм нэгэн залуу бидний дунд амьдарч, Монголын волейболын спортын нүүр царай болж явна.
Эх сурвалж: Eguur.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Биатлоны ДАШТ-д Монголчууд анх удаа өрсөлдөнө

Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан Парист хүч үзнэ

УШУГ ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДМЫН АЛБАН ЁСНЫ ТЭМЦЭЭН БОЛГОВ

Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

Таеквондогийн ААШТ-ээс Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль

Сэтгэгдэл бичих