Зуны сар энүүхэнд ирж байна. Харин зугаалж амрах тоотой хэдхэн ногоон бүсүүдийн нэг Шадивлан, Гоодойн амд ээлж дараалан гал гарсаар л.
Алхагчид, Зайсан орчмын айлууд анзаарсан байх, дархан цаазат Богд уулын Соёмбот энгэр гэхэд харлаж халтайгаад нүд хальтрам төрхтэй харагдана лээ. Энэ сард гэхэд нийслэлийн ногоон бүсэд нийт 9 га, суурьшлын бүсэд 16 га газар түймэрт өртжээ.
ОБЕГ-т гэхэд энэ төрлийн дуудлага өдөрт 10-20 ирдэг байна. Амралтын өдрүүдэд 20-30 болж өсдөг гэв.
Галын шалтгаан л ерөөсөө л иргэдийн хариуцлагагүй, хэнэггүй байдалтай холбоотой. Тэр дундаа санамсаргүй тохиолдол, ялангуяа бөөгийн зан үйл хийх мөн салхинд гарч яваад гал алдсантай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Шар өвсөө шатааснаас гал алдаж хажуу хөршийнхөө байшинг галд өргөчихөөд "Хашааны өвсөө тэгээд хаана шатаах юм, Байгаль орчны газар энэ өвсөө авмаар юм, аргагүйдээ л шатаасан, би албаар галдсан биш" гээд загнаж зогсох хүмүүстэй зөндөө таардаг гэж гал унтраагч найз маань ярив. Гэм хийсэндээ харамсах бус хэнэг ч үгүй өөрийгөө өмөөрөх энэ амин хувиа хичээсэн сэтгэлгээтнүүдийг яах ёстой вэ?
Хоёр хоногийн өмнө гэхэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь төрийн тахилгат Шилийн богд ууланд гарсан түймрийг хотоос очсон иргэд тавьсан байна. Тэд бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан хэрэг. Гал алдангуутаа хэргийн газраас зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан байна. Аз болоход түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраажээ. Гэсэн хэдий ч академич Ч.Дугаржав гуайн 10 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн төгөл түймэрт өртчихлөө хэмээн нутгийн хүмүүс харамсаж сууна.
Энэ мэтээр сүүлийн үед бөө нар зан үйл хийж байгаад гал алдсан тохиолдол олон.Ой хамгаалагчид утааны араас элдэж очин шаардлага тавихаар зарим нь ойлгож хүлээн авч заавал гал гаргахгүйгээр зан үйл хийгээд буцдаг тохиолдол ч бий гэж Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цогбаатар ярьлаа. Ухамсаргүй хандлагатангууд ч бас цөөнгүй.
Шаардлага тавьсаар байхад гал гаргасан газар дээрээ шороо асгачихаад унтарлаа, аюулгүй гэж бодоод явдаг. Гэтэл хөвдөн доогуураа уугисаар 3-7 хоногийн дараа салхи гарах төдийд л түймэр гардаг байна. Тэгэхээр таны асаагаад үлдээсэн нурам сарын дараа ойн санг шатаах шалтгаан болох магадлалтай гэсэн үг.
Ер нь тэгээд хаа газрын ууланд гарч гал асааж хурайлан хийморь сэргээлээ гэж дөвчигнөж байгаад түймэр тавьдаг, хийморийн дарцаг, хадаг яндар модноос уяж ургаж буй модыг хэдэн арваараа устгадаг мухар сүсгээсээ салах цаг болчихжээ. Хадаг уяж нутаг усныхаа, шүтдэг газрынхаа модыг устгах нь буян уу, нүгэл үү гэдэг асуултад ухаан орсон хүүхэд хүртэл хариулчихна. Дэлхий дахинд технологи, шийдэл ярьж байна. Харин бид улам бүр мухар сүсэгтээ автсаар бүр хамгийн их дээдлэн хүндэтгэдэг байгаль дэлхийдээ хандах хандлагаа хүртэл өөрчилсөөр байна.
Хэдэн жилийн өмнө хийморийн овоо цагаан сарын дараа ямар болсон талаар мэдээ үзэж билээ. Юун хийморийн овоо, хогийн цэг болгоод хаячихсан байж билээ. Уг нь овоо архи уухгүй тийм учраас шилтэй архи үлдээх хэрэг байна уу, сүүг ч бас адилхан. Өргөмөөр байгаа бол лус тэнгэртээ өргөөд шил тэр сүүнийхээ тетрапак сав, чихэрний гялгар уутыг аваад уутлаад харьчихаж байгаасай билээ.
Хэрвээ ил задгай гал асаах бол эхлээд хүрздэж шороогоор тойрог үүсгээрэй. Буусан газраасаа явахдаа нурман дээрээ ус хийж газрын хөрсний шороотой нь сайн зуурч гүйцэд унтарсан эсэхийг шалгах ёстой. Хэрэв яахаа сайн мэдэхгүй байгаа бол ойн хамгаалагчаас галын зааврыг авч сураарай гэдгийн байгаль хамгаалагчид зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих