
Сүүлийн үед өрнөж буй сэлэм эргүүлэлт, поп шийдвэрүүдийг ажиглахад нэг л зүйл тодорхой байна. Манай улсад эдийн засгийн урт хугацааны бодлого, алсын хараа гэж алга. Нэг нам нь гарч ирээд нөгөө намынхаа эхлүүлснийг үгүйсгэдэг, хэн нь илүү идэх вэ гэсэн уралдаан нам хооронд, бүр цаашилбалд нам дотор хүртэл хүрээгээ тэлсэн болохоор эдийн засаг урагшлахгүй, хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй байна.
Ерөнхий сайд мундаг эдийн засагч ч юм уу, бизнесийн амьдралыг гадарлаж, доторлодог хүн байх албагүй л дээ. Дажгүй хөгжиж яваа улсуудыг анзаарах нь ээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь эдийн засгийн зөвлөхүүдээрээ салбартаа гялалзсан нөхдийг урьж авчраад ажиллуулж байгаа харагддаг. Сүүлийн жишээ гэхэд л АНУ-ын ерөнхийлөгч Трамп байна. Бизнесийн ертөнцийн хамаг мундгуудын үгийг сонсч, бодлого шийдлээ гаргаж явна. Тийм учраас улсынх нь эдийн засаг өнгөлөг, гэгээлэг яваа. Гэхдээ Ерөнхий сайдын зөвлөхийн асуудал эдийн засгийн урт хугацааны бодлого шиг нэгдүгээрт тавигдахгүй. Хорь, гучдугаар асуудал. МАН эдийн засгийн холч хараагүй байлаа гэхэд ядаж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх бизнес, хөрөнгө оруулалтаа гадарладаг байвал сэлэм эргүүлэлтийн тоо цөөрөх магадлал бий. Уг нь Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Энхбаяр салбараа мэддэг, хөрөнгө оруулалтын орчноо мэдэрдэг, эдийн засгийг макро төвшинд харж чаддаг чадварлаг мэргэжилтэн. Гэтэл саяхан түүнийг Хүрэлбаатараар сольчихсон. Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан гэдгийг нь л олон нийт хальт хульт гадарлах нөхөр ийм албан тушаалд оччихоор юу ярихав. Ер нь тэгээд Ерөнхий сайдын эргэн тойронд эдийн засаг доторлодог байтугай гадарладаг нь ч алга.
Худалдааны дайны зөрчил хэчнээн хугацаанд үргэжлэх нь тодорхой бус байгаа ийм үед, дэлхийн санхүүгийн зах зээлийн ирээдүйд гутранги таамаг давамгайлсан өнөө цагт, доллар олж ирдэг эрдсийн зах зээл яах нь тодорхойгүй байхад Ерөнхий сайд маань энэ янзаараа сэлэм эргүүлээд байвал хэцүү. Нэг хоёр жилийн дараа бондын төлөлт гэж том даваа бий. Ийм өндөр эрсдэлтэй үед эдийн засгаа дажгүй авч явахын тулд ухаалаг шийдэл, мэргэн бодлого хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл бичих