Английн премьер лигт "Ливерпүүл" клуб гайхалтай тоглолт үзүүлж, эвдэж болох бүхий л рекорд амжилтуудыг шинэчилж эхэллээ. Өнгөрсөн шөнө "Вест Хэм"-ийг 2:0-ээр буулгаж авснаар 70 онооны босго давлаа. Ингэснээр Европын топ-5 лигт анх удаа 24 тойргийн дараах байдлаар 70 оноо авсан супер амжилтыг тогтоолоо.
Мөн премьер лигт нэг улиралд тоглосон бүх багаа хожсон анхны багаар тодорлоо. Энэ улиралд премьер лигт "Манчестер Юнайтед"-ын талбайд 1:1-ээр тэнцсэнээс хойш 15 тоглолт дараалан хожоод байна. Мөн премьер лигт хожигдоогүй цуврал нь 41-д хүрч, "Челси"-гийн амжилтыг эвдлээ.
"Челси" клуб 2004-2005 оны хооронд 40 тоглолт хожигдолгүй цувралыг толилуулж байсан юм. Английн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 40-ээс дээш хожигдоогүй цуврал үзүүлсэн өөр хоёр баг байгаагийн нэг нь "Ноттингем Форест" клуб бөгөөд 1977-1978 оны хооронд 42 тоглолт ялагдал амсаагүй юм. "Ливерпүүл" 25 дугаар тойрогт талбайдаа "Саутгэмптон"-тай, 26 дугаар тойрогт "Норвич"-ийн талбайд зочилно. Энэ хоёр тоглолтод хожигдохгүй байхад "Ноттингем Форест" -ын амжилтыг эвдэх юм.
Тэгвэл энэ жагсаалтыг "Арсенал" клуб 49 тоглолт ялагдаагүй амжилтаар тэргүүлдэг. 2003-2004 оны хооронд "Их буучид" ийм амжилт үзүүлж байсан билээ. Энэхүү агуу амжилттай зэрэгцэхэд "Ливерпүүл"-д 8 тоглолт хожигдохгүй байх даалгавар үлдээд байна.
Zaluu.mn
Сэтгэгдэл бичих