Эрүүгийн хэрэг байснаа зөрчил болж “зиндаа буурсан” биеэ үнэлэлт гарч байна, Хууль зүйн сайд аа. Арга ядахдаа мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нар биеэ үнэлэхэд ногдуулах хуулийн зүйл заалтыг чангатгаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн санал гаргасныг танд уламжилсан байлгүй. Бас нэг зүйлийг нэмж дуулгахад, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэхэд улс даяар дөрөвхөн мөрдөгч ажилладаг юм билээ. Мэдээж гэмт хэрэгтэй тэмцэх нь хүн бүрийн үүрэг ч энэ хэргийг гардан, хариуцаж ажилладаг мөрдөгч улсын хэмжээнд тасгийн даргатайгаа нийлээд ердөө тав гэхээр чамлалттай сонсогдлоо. Өнгөрсөн баасан, бямба гарагт ЭЦА болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ажилтнууд хамтран хэд хэдэн газарт саун, массаж нэрийн доор биеэ үнэлэхийг зохион байгуулж байсныг таслан зогсоосон юм. Энэ талаар сурвалжилснаа хүргэе.
Бас л хэд хэдэн умгар чийгтэй, харанхуй өрөө, бохир орчинд үйлчилгээ хийж байв. Өмнөхтэй адил хариултуудыг эндээс сонслоо. Ресепшн нь цагдаагийн ажилтанд массаж хийж өгье гэх санал ч тавиад амжсан.
Хэрэг биш, зөрчил болсон, дээр нь энэ хэргийг дагнан мөрдөх хүн хүч дутагдалтайгаас Монголд эмсийн хүрээлэн энд тэндгүй бий болсныг албаныхан шогшрон хэлснийг энд онцолъё. Алба хаагчийн дээрх үгийг ЭЦА-наас гаргасан тоо, баримт батлаад өгнө. Тодруулбал, энэ оны эхний 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд заасан хүн худалдах, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 30 хувиар өссөн байна. Мөн дээрх хуулийн 12.3-т заасан бэлгийн мөлжлөгт оруулсан, биеийг нь үнэлүүлж ашиг олсон гэх хэрэг ч 16.7 хувиар нэмэгдсэнээс дээрх гэмт хэрэг өсөж, хүрээгээ тэлж байгааг харж болно.
Арваннэгдүгээр сарын 29-ний 18.00 цаг. Чингэлтэй дүүргийн IV хороонд саун, массаж нэрийн доор биеэ үнэлэх явдлыг зохион байгуулж байсныг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, ЭЦА-ныхан газар дээр нь таслан зогсоов. “Тэнгис” кинотеатрын ард байрлах тус газарт гурван эмэгтэй бусдад үйлчилж байлаа. Тэд “Өнөөдөр ажилд орсон. Юу ч мэдэхгүй” хэмээн нэг л зүйлийг хэлж байв. Энэ үгийг дараа дараагийн орсон газарт биеэ үнэлж байсан бүх эмэгтэй тоть шиг давтсан. Тэднийг ахалж буй гэх нэг эмэгтэйгээс цагдаагийн ажилтан зарим зүйлийг тодруулж асуух гэсэн ч тайлбар өгөхөөс татгалзав. Цагдаагийнхан түүнд хууль зөрчсөнийг нь тайлбарлаж, царай зүсийг нь гаргахгүй хэмээсэн ч ганц үг унагахгүй гүрийсэн. Улмаар “Нөхөр, хүүхэдтэй, буруу хараад ярьсан ч биеийн харьцаа, дууны өнгөөр минь танина” хэмээн асгартал уйлж, бүр татаж буй мэтээр жүжиглэлээ.
Тэд бүгд биеэ үнэлээгүй хэмээн мэдүүлсэн. Харамсалтай нь, сауны хаалганы арын шатаар өгссөн нарийн хонгил дахь умгар өмхий өрөөнд хууль бус, бусармаг хэргийн баримт нь олноороо байв. Тэнд байсан хогийн савыг хөлөөрөө түлхэх төдий л хэрэглэсэн бэлгэвч, нойтон салфетка зэрэг зүйл асгарч шалаар нэг хөглөрлөө. Тоолох аргагүй олон тооны бэлгэвч, бохир цаас унасан. Энд ажиллаж байсан гурван бүсгүйн нэг нь 1996 онд төрсөн. Гэсэн ч өмнө нь биеэ үнэлсэн хэмээн Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулж байжээ. Нөгөө хоёр нь 30-35 настай. Тэд нөхөр, хүүхэдтэй гэх. Гэхдээ өрхийн тэргүүн эрчүүд нь ажилгүй, амьдралдаа нэмэр болдоггүй учраас эхнэрүүд нь энд ажиллах болсон гэх. Цагдаагийн ажилтны өгсөн мэдээллээр энэ газраар нэг удаа үйлчлүүлэх буюу бэлгийн харьцаанд ороход 35 000-55 000 төгрөг төлдөг аж. Харин цагийн үйлчилгээний төлбөр 60 000-80 000 төгрөг. Таалсан бүсгүйгээ хоногоор авч явах бол 250 000 төгрөг төлнө. Тус саун, массажны газарт иллэг хийдэг гэх 2-3 умгар өрөө байлаа. Бохир заваан энэ газар үйлчлүүлэгч олонтой нь хачирхалтай.
Зочин угтагчийн байрладаг хэсгээс гар утасны 5-6 сим карт гарч ирэв. Ихэнх нь “Юнител”-ийн дугаар аж. Эдгээр сим карт дээрх дугааруудыг цаасан дээр шивж, гудамжны гэрэлтүүлэг, шон, байшингийн булан тохойд нааж үйлчлүүлэгч олдог гэнэ. Цагдаагийнхан энэ бүхнийг баримтжуулан бичлэг хийж, зураг авлаа. Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүн дуудсанаар бид тэндээс гарсан юм.
20.00 цаг. Хууль зөрчигчид үнэр авчээ. Дараа дараагийн орсон газар бүгд хаалттай байв. Зар дээр тэмдэглүүлсэн утсаа салгаад усанд хаясан чулуу мэт ор сураггүй, нам жим болж бүгжээ. Эхний орсон газар үүд хэсэгтээ камертай байсныг дурдаагүй юм байна. Тус газрын эзэн нь энэ камерыг интернэттэй холбож, гэрээсээ бүгдийг хянадаг гэсэн. Хэдэн хүн үйлчлүүлсэн, хэчнээн төгрөгийн орлого олсныг мэдэхээс гадна саун, массажны газрын доторх, гаднах хэсгийг дуу, дүрстэй нь хянана. Цагдаа ирж явна уу, үйлчлэгч хаалга тогшиж байна уу гэдгийг андахгүй аж. Тиймээс эхний орсон газрын эзэн бусад саун, массажны газарт мэдээлэл дамжуулсан бололтой.
Мэдээллийн дагуу цөөнгүй газраар очсон ч бүтэлгүйтэв. Хий хүлээж цаг баахан үрлээ. Тиймээс “Мөрийтэй тоглуулж байна” гэх мэдээллийг дагуу “Таван шар”-ыг зорив. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах “Мон гео” компанийн байранд 18-19 хүн мөрийтэй тоглож байлаа. Тэд бүгд нэг дуугаар “Өнөөдөр ирсэн” гэх танил үгийг давтав. Гэхдээ мөрийтэй тоглох нь хууль бус гэдгийг мэдэж байгаа тул тус газарт байсан автомат тоглоомуудыг “Цагаан даваа” руу аваачиж устгалд оруулахаар ирсэн гэж байлаа. Итгэе гэсэн ч үүдэндээ өнөөх л янзаараа цагдаа нарыг “хянадаг” камераа суурилуулжээ. Мөрийтэй тоглогчдын хамгийн залуу нь 1992 оных, ахимаг нь 1973 онд төрсөн. Жилийн өмнө энд хууль бус тоглоомын газар байгааг илрүүлэн торгож байж. Гэхдээ өнөөдрийг хүртэл бахь байдгаараа хууль зөрчөөд цагдаагийнхантай дахин таарлаа. Үүнээс гадна “Мон гео” компанийн удирдлага нь хууль бус тоглоомыг зохион байгуулагч Д.Буяндэлгэрт хандаж, арваннэгдүгээр сарын 1-ний дотор байраа суллахыг шаардаж, шаардлага биелүүлэхгүй бол хууль, хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм байна. Тэд шаардлагыг нь биелүүлэхгүй өдий хүрчээ.
22.00 цаг. Хэд хэдэн газраар орж, цоожтой хаалга мөргөсний эцэст Баянгол дүүрэгт нэгэн газрыг илчилж, нэвтэрч чадлаа.
Дараагийн илрүүлсэн газар бол орон сууцны хорооллын дунд байрлалтай. Баянгол дүүрэгт байрлах эл газарт өмнөх шиг 3-4 бүсгүй ажиллаж байв. Өмнөх газраа бодвол бүсгүйчүүдийг өндөр өсгийт, богино, нимгэн, торгон халаадаар ижилсүүлжээ. Цагдаагийнхныг харангуутаа ор луугаа гүйж, нүүрээ халхлаад суучихав. Тэднийг ахалж байсан н.Гэгээнзаяа гэх 1986 онд төрсөн эмэгтэй өмнө нь ийм газарт ажиллаж байж. Энэ удаа байрлалаа өөрчилсөн ч баригдлаа. Эндээс гурван хайрцаг буюу 400 гаруй бэлгэвч гаргаж ирсэн юм. Гэвч н.Гэгээнзаяа “ДОХ, БЗХӨ-өөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төгс бүсгүйчүүд” ТББ-д ажилладаг. Энэ бэлгэвчийг гадуур үнэгүй тараах гэж байсан. Өнөөдөр найзынхаа хүсэлтээр энд ирж ганц өдөр ажилласан. Чөлөөт цагаараа юу хийх нь миний эрх. Охид массаж хийхээр энд ирсэн. Биеэ үнэлээгүй. Бэлгийн мөлжлөг хийсэн зүйл байхгүй” хэмээн хашхичиж гарав. “Бэлгийн мөлжлөг гэж яахыг хэлдэг юм бэ” гэсэн асуултад “Хүчээр бэлгийн харьцаанд орох” гэж хариуллаа.
Хэн ч юу ч асуугаагүй байхад тэрбээр бэлгийн мөлжлөгийн тухай ярьж, хууль бус ажил хийж байгаагаа өөрөө илчлэх шиг болов. Массаж хийхийн тулд мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой. Тэдний алинд нь ч мэргэжлийн үнэмлэх байгаагүй. Тэдгээр бүсгүйн нэг нь хоёр настай хүүхдэдээ хоол хийж өгчихөөд, танилдаа даатгаж үлдээн энд ажиллахаар ирсэн гэнэ. Хоёр дахь эмэгтэй Барилгын политехник коллежийг хэдэн жилийн өмнө барилгын засалч мэргэжлээр төгссөн гэж хэлэв. Гэхдээ түүнд ажил олдоогүй тул энд иржээ. Гурав дахь нь 20 сая төгрөгийн өртэй. Сар бүр төлдөг 10 хувийн хүү болох хоёр сая төгрөг олохын тулд энэ замыг сонгосон гэнэ. Танил ах нь “Мөнгө хэрэгтэй бол ирээрэй” гэсний дагуу нэг хоногийн өмнө эл массажны газарт ажиллахаар ирсэн гэх. Санхүүгийн чиглэлээр их сургууль төгссөн түүнд бас ажил олдохгүй байгаа гэсэн. Мөн тэр өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр нь хаяж явсан, нэг хүүхэдтэйгээ амьдардаг хэмээн ярихдаа тэрбээр уйлж байсан. Тэд 27-30 настай. Бүсгүй нэг бүр ямар нэг шалтаг, бас шалтгаан хэлж байв. Санаатай, санаандгүй байдлаар биеэ үнэлж байсан тэд бүгд өөрийн гунигт түүхээ нулимстайгаар өгүүлэхийг сонсоод бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ хэмээх бодол өөрийн эрхгүй төрж, сэтгэл өвдөв.
Арваннэгдүгээр сарын 30-ны 00.20 цаг. Сансрын ШТС-аас холгүй Баянцээлийн хойд талд байрлах хоёр давхар барилгыг бүхэлд нь тохижуулж, саун массажны газар байгуулсан гэх мэдээлэл ирэв. Сонсох нь ээ, энд эмсийн хүрээлэн гэгчийг жинхэнэ утгаар нь ажиллуулдаг гэнэ. Үйлчилгээний төлбөр нь өндөр, багагүй мөнгө төлж эл газарт нэвтэрдэг сурагтай. Харамсалтай нь, эл газрын эзэд “үнэр” авсан бололтой. Цагдаагийнхан хаалгыг нь цаг гаруй балбаж, холбогдох утасны дугаар луу нь залгаад ч орж чадсангүй.
01.00 цаг. Нэг газраас нөгөө рүү шилжин “эзэнгүй” хаалга мөргөж явсаар цагийн зүү хэдийн 01.00 цагийг зааж, баасангаас бямба гарагт шилжжээ. Ингэж явсаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн урдхан талд 10-хан алхмын зайд “Саун массажны газар ажиллаж байна” гэх мэдээлэл ирлээ. Бид аль болох хурднаараа очив. 01.00 цагт болсон ч машинууд тухайн орчимд түгжрэх талдаа байв. Иргэдээс ирсэн мэдээллээр тус газарт цэгэн, гулгаа, түрүү булчирхайн массаж хийдэг гэнэ. Харамсалтай нь, биднийг очиход бүсгүйчүүд зугтаж амжжээ. Харин үйлчлүүлэгч эрэгтэй, зочин угтагч хоёртой таарав. Үйлчлүүлэгч, ажилтан хоёрын ам зөрж, нэг нэгнээ худал хэлж байгааг илчилсэн юм. Бас л хэд хэдэн умгар чийгтэй, харанхуй өрөө, бохир орчинд үйлчилгээ хийж байв. Өмнөхтэй адил хариултуудыг эндээс сонслоо. Ресепшн нь цагдаагийн ажилтанд массаж хийж өгье гэх санал ч тавиад амжсан.
Энэ газар алжаал тайлах, буудал ажиллуулах “Батламж” гэх зүйлийг ханандаа өлгөсөн байлаа. Хуулийн дагуу саун, массажны үйлчилгээ явуулахын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ дээрх орсон газруудын нэгэнд нь ч зөвшөөрөл гэх бичиг баримт байсангүй, массаж хийх мэргэжлийн үнэмлэхтэй хүн ч таарсангүй. Өөр хэдэн газраар орсон ч хаалгаа барьсан байв. Энэ хүрээд сурвалжилга өндөрлөлөө. Цагдаагийн ажилтны хэлж буйгаар саун, массажны газар ажиллуулахын тулд зөвхөн ЭЦА-ныхны саналыг авах ёстой аж. Он гарсаар ЭЦА-наас өргөдөл өгсөн газруудыг судалж, 12 газрын саналыг хуульд нийцэж байна гэж үзээд дүүргүүдийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст уламжилжээ. Харин дүүргүүдийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс батламж гэх зүйл өгч буй нь хууль бус аж. Мөн нийслэлд биеэ үнэлэхийг зохион байгуулж байсан 67 газрыг илрүүлж, массажист нэрийг доор биеэ үнэлж байсан 220 эмэгтэйд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан гэв. Биеэ үнэлэгч худалдаж авсан 278 иргэн торгуулсан байна. Улмаар биеэ үнэлсэн болон худалдан авсан иргэний мэдээллийг цахим санд бүртгэжээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас энэ онд саун массажны газарт гурван удаа шалгалт хийжээ. Улмаар биеэ үнэлсэн, биеэ үнэлэгч худалдан авсан 129 хүнийг долоон сая төгрөгөөр торгосон байна. Мөн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх 37 зөрчил илрүүлж, гурван сая төгрөгөөр торгосон гэнэ. Мөн шон, гудамж талбайд наасан 10 000 орчим саун, массаж гэх зарыг хуулсан гэлээ.
Цагдаагийнхний мэдээлж байгаагаар Монголд ягаан дэнлүүний гудамж олширчээ. Гэхдээ эдгээр гудамж хаана хаана байрладгийг дурдахыг хүссэнгүй. Нэгэнт цагдаагийнхан эдгээр газрыг илрүүлж, чадах чинээгээрээ арга хэмжээ авч байгаа хойно байрлалыг нь бичиж, зарим ухвар мөчид хүмүүст санаа сэдэл, мэдээлэл өгөөд хэрэггүй биз. Гэхдээ нөхцөл байдал даамжирч, биеэ үнэлэх явдал газар авсан тул салбарынх нь сайд үүнд анхаарлаа хандуулж, хуулиа дахин судалж, холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь иржээ. Хуучин Эрүүгийн хуулиар бие үнэлэгчдийг саатуулдаг, давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага тооцдог байв. Өдгөө Зөрчлийн хуулийн 6.4, 6.7, 6.18-д зааснаар садар самууныг өдөөж буй дээрх мэтийн хүмүүст торгохоос өөрөөр хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь харамсалтай.
Д.МЯГМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл бичих