Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авчээ. Ийн өнгөрсөн сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар өнгөрсөн тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь хийсэн үзлэгээр, эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг шиг хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйл хурааж авчээ.
Түүнчлэн дээрх этгээдүүдийн малтлага хийсэн газар нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд эртний барилга архитектурын, археологийн төрлөөр бүртгэгдсэн байсан аж.
Үүнээс гадна хураагдсан эд зүйлд Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэнгээс шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд, Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болох нь тогтоогджээ. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл бичих