Өчигдөр Бээжинд Хятадын Худалдааны яамны сайдын туслах Рэнь Хунбинь 2020 он гэхэд Хятад, Монголын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллана гэж мэдэгджээ.
Хятад улс олон жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн аж. Хятадын талын бүртгэлээр, 2018 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ 8 тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос 24.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны 1-4-р сард хоёр талын худалдааны хэмжээ 2.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар өсөн нэмэгджээ.
Рэнь Хунбинь “Өдгөө Хятад, Монголын хоёр тал Эрээн- Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Хятад, Монголын чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааны ажлыг идэвхтэй ахиулж байна. Даяаршлын эсрэг, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл өндийж буй нөхцөлд Хятад, Монгол хоёр орон Зүүн Хойд Азид чөлөөт худалдааны бүсийн боломжийн тухай нэгдсэн судалгаа хийж буй нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах төдийгүй чөлөөт худалдааг хөгжүүлнэ” гэжээ.
2019 онд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хятад, Монголын худалдааны хөгжлийг дэмжих чухал арга хэмжээ болсон Хятад, Монголын III экспо яармаг энэ оны 9-р сард Өвөр Монголд болно. Экспо яармагийн үзэсгэлэнгийн нийт талбай 80 мянган ам дөрвөлжин метр, тухайн үед худалдаа, хөрөнгө оруулалтыг танилцуулах, форум уулзалт зэрэг 10 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.
ӨМӨЗО-ы дэд дарга Ай Лихуа “Экспо яармаг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, Бүс ба замын бүтээн байгуулалт, Цайны зам дагуу орнуудын хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааны төслийг танилцуулж, монгол анагаах ухааны эм бэлдмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг Хятад, Монголын давуу талтай үйлдвэрлэлийн хөгжлийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Монгол, мөн олон улсын хоорондох солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны давуу талтай үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин ба олон улсын зах зээлийн гол өрсөлдөх хүчийг улам дээшлүүлнэ” гэжээ.
Сэтгэгдэл бичих