
“Монголын төмөр зам” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын найзууд толгой дараалан удирдаж байгаа. Тодруулбал, тэрбээр “Хөвсгөлийн хүчтэн”, “Хөвсгөл хөгжил сан”, “Хөх тэнгэр” нийгэмлэг гэх гурван байгууллагад туслах, зөвлөх, найзууд, хамтран зүтгэгчид, тойрон хүрээлэгчдээ “нэгтгэдэг”. Уг төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд л ТӨХК-ийг удирдаж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, сүүлийн хэдэн жил түүний зөвлөх, найз гэх “сэтэртэй” эрхмүүд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг удирдлаа. Дээрдсэн ч үгүй, доордсон ч үгүй байна.
Эргэн сануулахад, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг П.Ганхүү гэх этгээд багагүй хугацаанд удирдсан. Тэрбээр “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллаж, Л.Мөнхбаатар гишүүнтэй багаасаа нөхөрлөж ирсэн нэгэн. Үүнээсээ өмнө “Эрдэнэс монгол”-ын захирлаар ч томилогдож байсан түүхтэй. П.Ганхүүгийн удирдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийг О.Батчулуун гэгч нь өнгөрсөн оны сүүлийн өдрөөс хариуцаж ажиллах болсон. О.Батчулуун нь 1999-2008 онд Л.Мөнхбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамт ажиллаж байсан эртний найз нь. Мөн О.Батчулуун сүүлийн арав гаруй жил Л.Мөнхбаатар гишүүний зөвлөх, “Хөвсгөлийн хөгжил” сангийнх нь Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн нэгэн. Эцэст нь, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Л.Мөнхбаатар гишүүний найзууд, зөвлөх нь толгойлон дараалан удирдаж байгаа гэх дээрх өгүүлбэр тодорхой харагдах болов уу.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийг О.Батчулуун гэх удирдаад жил болох нь. Тэгвэл бид түүний жилийн хугацаанд зарласан “асуудалтай”, анхаарлын төвд байх тендерүүдийн мэдээллийг эхний удаад хүргэж байна.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУН “ӨӨРИЙГӨӨ” СУРТАЛЧЛУУЛАХ АЛБАНЫ САЙТАА 40 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛУУЛНА
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн албаны сайтыг 40 сая төгрөгөөр засварлуулах тендерийг О.Батчулуун хамгийн сүүлд зарлажээ. Угтаа тус компанийн мэдээ, мэдээллээ хүргүүлэх олон нийтэд хүргэдэг албан ёсны веб сайт бий. Гэхдээ тус веб сайт нь “хуучирч”, хангалттай биш байгаа учраас зөвхөн шинэчилж, засвар хийлгэхэд л 40 сая төгрөг төлөвлөсөн байна. Тендерийг арванхоёрдугаар сарын 5-нд зарлаж, 15-нд санал хүлээж авахаар тусгажээ.Одоогийн байдлаар тус тендер зарлагдаж, эцсийн үр дүн нь гараагүй байна. Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн албан ёсны веб сайтыг О.Батчулууны санаанд нийцүүлж, засварлах компани тодроогүй байгаа гэсэн үг. Үүнээс гадна, О.Батчулуун энэ онд 90 гаруй тендер зарлажээ. Үүнээс онцгойлж танилцуулбал,
-17 хаалганд ухаалаг цоож суулгах- 10 сая төгрөг,
-Хархорум хотод ойн зурвас байгуулах төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, тохижуулах- 400 сая төгрөг
-Тавилга худалдаж авах- 105 сая төгрөг,
-Автомашин худалдаж авах- 824 сая төгрөг,
-Компьютер худалдаж авах-459 сая төгрөг,
-Бичиг хэргийн материал- 98 сая төгрөг,
-Гэрлэн хаягжилт хийх- 37,9 сая төгрөг,
-Ухаалаг дэлгэц худалдаж авах- 31 сая төгрөг гэх зэргээр тендер зарлажээ. Магад тэвчиж болох зардал байсан уу гэдгийг сануулах үүднээс онцоллоо.

Сэтгэгдэл бичих