» » МОНГОЛ ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛСАН "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАН

МОНГОЛ ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛСАН "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАН


Мухар төмөр зам, нүүрсний оффтейк гэрээний хэргээс эхлээд нийслэлийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх болсон ч, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, хавдрын эмнэлгийн барилга барих болсон ч банкир Д.Баясгалангүй юм үгүй болжээ. Өөрөөр бол, “Голомт”-ын гэдгээрээ танигдсан Д.Баясгалан уул уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд оролцоогүй салбар, орооцолдоогүй хүнгүй болтлоо томорч, Монгол төрийн дээр сандайлж суучихаад төрөөс өөрт ашигтай дэмжлэг авч, төр ч түүнд тустай шийдвэр гаргах болсон тухай хэд хэдэн баримтыг хүргэе.

     “Голомт” банкны эзэн Данзандоржийн Баясгалан “Бодь интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанитай. Тэрбээр эхэндээ “Бодь интернэшнл” ХХК-аараа барилга барьдаг байсан бөгөөд төв талбайн хажууд байрлах “Бодь цамхаг”, барууны дөрвөн замд байрлах “Голомт” хотхон, “Шинэ төгөл” болон “Санзай” гэх хаус хотхонууд барьж, “Шангри-Ла”-гийн зүүн талд байрлах “Эмбасси резиденс” оффис, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” цогцолбор зэргийг барьсан. Гэсэн ч Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК 2019 он хүртэл алдагдалтай ажилладаг байсан бөгөөд 2020 оноос буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэгч болсноосоо гурван жил дараалан 130-150 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тодруулбал, 2018 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих тендер авч, ажиллаж байсан “Бодь интернэшнл” ХХК 2020 оноос эхлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр зам, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төсөл, “Богдхам төмөр зам”-ын төсөл зэрэгт ногоон гэрлээр шалгарч, төрөөс төсөл, тендер түүж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам монголчуудад биш, харин “Бодь интернэшнл” ХХК, “Голомт”-ын Д.Баясгаланд ашгаа өгсөн юм.

Төмөр зам, “Нүүрсний хулгай”-н хэрэг:

“Нүүрсний хулгай”-н гэх хэрэг анх идэвхтэй яригдаж байх үед Засгийн газраас Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-тай байгуулж, улсын нууцад оруулсан дөрвөн гэрээг нийтэд ил болгосон. Тодруулбал, Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг тэрбум ам.доллароор, Богдхан төмөр замыг 734.6 сая ам.доллароор барихаар “Тавантолгой төмөр зам” ХХК-тай гэрээ байгуулж, улсын нууцад оруулсан байдаг. Улмаар Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын тэрбум ам.доллар болон Богдхан төмөр замын 734.6 сая ам.долларын төлбөрөө “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр авахаар тохиролцож, оффтейк гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал, улсын нууцаас гаргасан “Голомт”-ын Д.Баясгалангийн төмөр замын болон нүүрсний гэрээнүүд нь,
  • 2019 оны аравдугаар сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын 1.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээ
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ
  • 2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан “Богдхан төмөр замын туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын 734.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ
  • 2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ зэрэг байсан юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц:

Саяхан 150 мВт-ын хүчин чадалтай эхний блокоо ашиглалтад оруулаад байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц ч “Голомт”-ын Д.Баясгалангийнх. Тодруулбал, Д.Баясгалан “Цэцэнс холдинг” гэх ХХК-ийг эзэмшдэг. “Цэцэнс холдинг” ХХК нь “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийг эзэмшдэг толгой компани нь. Тэгвэл Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-аараа дамжуулан Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг байгуулахын тулд нийслэлээс Улаанбаатар бондын 500 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан. Дээр дурдсан одоогоор ашиглалтад ороод буй эхний блокт гэхэд Улаанбаатар бондын 300 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Нөгөөтээгүүр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 3.8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монголын хамгийн том ордуудын нэг Бөөрөлжүүтийн уурхайг түшиглэн байгуулж буй. Харин Д.Баясгалангийн компаниуд Бөөрөлжүүтийн уурхайгаас жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлодог бөгөөд Д.Баясгалан өдгөө уурхайнхаа дэргэд нүүрс боловсруулах үйлдвэр барьж байгаа.

Хөгжлийн банк:

Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-аараа 2018 онд “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төслөөр Хөгжлийн банкнаас 2.1 тэрбум иен, 30 сая евро тус тус зээлж авсан байдаг. Гэсэн ч өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 2.1 тэрбум иенийн зээлийн үлдэгдэл 35 тэрбум төгрөг, 30 сая еврогийнх нь зээлийн үлдэгдэл 63.6 тэрбум төгрөг буюу Д.Баясгалан Хөгжлийн банканд 100 орчим тэрбум төгрөгийн зээлийн үйлдэгдэлтэй байв.
Түүнчлэн Д.Баясгалангийн “Грийнсити гарден” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг “Өндөр улаан травел” нэртэй компани нь Хөгжлийн банкнаас 8.2 тэрбум төгрөгийн зээл авснаас Д.Баясгалан 2.5 тэрбумыг нь хадгаламждаа хийж зориулалтын бусаар зарцуулсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдоод байсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын сан:

“Мөнгөн гүүр” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд 4.2 тэрбум төгрөг, 2022 онд 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Харин “Мөнгөн гүүр” эмнэлгийг “Бодь-интернэйшнл” ХХК буюу Д.Баясгалан эзэмшдэг. Тодруулбал, Д.Баясгалан “Мөнгөн гүүр” эмнэлгийг 2015 онд “Голомт” банкаар шууд санхүүжүүлж байгуулсан бөгөөд өдгөө “Мөнгөн гүүр” эмнэлгийг “Бодь интернэшнл” ХХК-аараа дамжуулан эзэмшиж байгаа. Түүнчлэн Д.Баясгалан 2015 онд “Мөнгөн гүүр” эмнэлгийг нээхдээ тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүлийг тусгайлан урьж, түүнтэй хамт тууз хайчилж байсан юм.

Нийслэлийн газар:

Одоогоос гурван жилийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн газрыг устган сүйтгэж байгаа тухай зураг, бичлэг цахим сүлжээнд цацагдаж амтай болгон нь паркийн газрын асуудлыг онцлон ярьж байлаа. Тэгвэл нураах, нураахгүйн дунд байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 35.8 га газрын ердөө 26 хувийг хотын захиргаа эзэмшдэг бол үлдсэн 74 хувийг Д.Баясгалангийн “Бодь-интернэшнл” ХХК эзэмшдэг.

Хавдрын эмнэлэг:

Саяхны жишээ дурдахад, Хавдрын шинэ эмнэлэг буюу “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийн ажлыг урагшлуулж, зураг төслийг нь гарган төсөвт суулгахаар болсон. Тэгвэл шинэ хавдрын эмнэлгийн зураг төслийн тендерт мөн л Д.Баясгалангийн “Бодь” групп шалгарсан бөгөөд эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр хийхээр болоод байгаа юм.

Энэ мэтчилэн “Голомт”-ын Д.Баясгалан өндөр үнээр мухар төмөр зам тавьж, оффтейк гэрээгээр БНХАУ руу нүүрс гаргаж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ч барьж, банк, телевиз, кино студи гээд 10 гаруй компани захирч, Монголд оролцоогүй салбар, орооцолдоогүй хүн байхгүй болтлоо төрд сандайлжээ. Нэгэн үе монголчууд Худалдаа хөгжлийн банкны “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэцгээдэг байлаа. Харин одоо Монгол Улс, Монгол төр “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг “эзэн”тэй болжээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

“Digital SME-2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЁРДУГААР БАЙРНЫ

​ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД

ГОЛОМТ БАНК ''АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ'' ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА

ТӨЛБӨР ТООЦООГОО ЗАЙНААС АЮУЛГҮЙ ХИЙЖ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ

Голомт банк ОХУ-ын Сбербанктай Мэдээллийн Технологи,

Сэтгэгдэл бичих