» » Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна

Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна

Хуримтлалын сангаас орлого багатай иргэдийг орон сууцжуулна


Үе үеийн Засгийн газар орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлдэг ч ажил хэрэг болсон нь хуруу дарам. Харин ч орон сууцны үнэ өсөхийн хэрээр зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах боломж хумигдах болсон.
Тэгвэл Гэр бүл хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан “Хуримтлалын сангаар дамжуулж залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж мэдэгдлээ. Эл асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор өчигдөр (2024.09.05) Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцсан байна.
Энэ талаар сайд Л.Энх-Амгалан “Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагаа нэмэгдүүлэх нь бидний зорилго.
2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ.
Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг. 2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны долдугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Орон нутагт 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны долдугаар сар хүртэл 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна.
Энэ оны долдугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна.
Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, Хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцлаа” гэв.
Байгалийн баялгаас ард иргэдэд тэгш хүртээмжтэй хүртээх зорилгоор Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан. Уг сан нь Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж буй. Ингэхдээ Хуримтлалын сан нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай байхаар хуульчлан баталгаажуулсан.
Ард иргэдийн хувьд хууль хэрхэн хөрсөн дээрээ бууж, бодит ажил болох вэ гэдгийг хүлээж буй.
УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар ипотекийн зээлийн эх үүсвэр дутмаг байгаагаас иргэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүйг харгалзан үзэж, ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэсэн. Тодруулж хэлбэл, ипотекийн зээлийн эх үүсвэр жилдээ 750 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байсныг 500 тэрбум төгрөгөөр нэмснээр хүлээгдэл ихтэй байсан ипотекийн зээлийн хүсэлтээ иргэд арав хоногийн дотор шийдвэрлүүлж, орон сууцанд орсон. Мөн ипотекийн зээлд ихэвчлэн Улаанбаатар хотын иргэд хамрагдаж байсан бол орон нутгийн иргэдийг ч хамруулах бодлого эрчимжсэн.
Гол нь бага орлоготой иргэдээ хэрхэн орон сууцны ипотекийн зээлд хамруулах вэ гэдэг нь тодорхойгүй байсан асуудал Хуримтлалын санг түшиглэн хэрэгжих нь.
Бага орлоготой иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд хамруулах төдийхнөөр аргацааж ирсэн. Гэхдээ байрны үнэ өсөхийн хэрээр түрээсийн байрны төлбөр ч нэмэгдэн, өөрийн хөрөнгө болохгүй үл хөдлөх хөрөнгөд сар бүр төлбөр төлж суугаадаа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гонсгор явж ирсэн.
Нөгөө талдаа залуу гэр бүлүүд байртай болохын төлөө хэдэн зуугаараа харийг зорьж, үр хүүхдүүдтэйгээ  хамтдаа байх цаг хугацаагаа золиослон гадаадад ажиллах тохиолдол ч хавтгай болсон. Түүнийг дагаад эцэг, эхээсээ тусдаа хайр халамжийг мэдрэхгүй өсөх хүүхэд багачуудын тоо ч нэмэгдэж, сөрөг үр дагавар дагуулах болсон.
Иймээс Засгийн газар Хуримтлалын сангаар дамжуулан бага орлоготой иргэд, мөн залуу гэр бүлээ орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх нь Улаанбаатар хот дахь агаар, хөрсний бохирдлыг бууруулах том зорилтоо ч давхар шийдэхээрээ ач холбогдолтой.
Үүний тулд Хуримтлалын санг бүрдүүлэх орлого жил бүр тасалдахгүй байх, орлогыг зориулалтын дагуу ашиглах, хулгай нүүрлэхгүй байхад ард иргэд хяналтаа сайн тавих зэрэг шаардлага үүсч буй юм.
Г.ХОРОЛскачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ипотекийн зээл ба банкууд

Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийг он дуустал

Ипотекийн зээлийн хүү буурч, үргэлжлүүлэн олгох уу

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

Сэтгэгдэл бичих