» » Ипотекийн зээл ба банкууд

Ипотекийн зээл ба банкууд

сонин mn
Монголбанкнаас даваа гарагт ипотекийн зээлийн нөхцлийг шинэчилсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, Монголбанкнаас олгох зээлийн дээд хэмжээг энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод 150, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон.
 
Түүнчлэн орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн тодорхой хувийг “Зээлийн батлан даалтын сан”-гаас гаргахаар шийдвэрлэжээ. Гэвч мөнгөний хатуу бодлоготой холбоотойгоор арилжааны банкууд зээлээ хумиад олон сарын нүүр үзэж буй. Бодлогын хүүг энэ оны зургадугаар сарын 22-нд ес, өнгөрсөн сарын 20-нд 12 хувьд хүргэсэн. Үүнээс гадна цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хоёр жил буюу 2022 он дуустал  хойшлуулсан.
 
Арилжааны банкууд зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зохицуулалттай учраас өмнөх зээлдэгчид төлбөрөө хойшлуулахын хэрээр дараагийн зээлүүд гарахад хүндрэл учирдаг аж. Улмаар арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохгүй хязгаарласан талаар иргэд ярьсаар байна. Энэ талаар банкуудаас тодруулахад дараах хариултыг өглөө.
 
Худалдаа хөгжлийн банк 
-“Ипотекийн зээлийн хүсэлт тодорхойгүй хугацаанд авахгүй. Харин цалин, тэтгэвэр, автомашины зээлийг олгож байгаа” гэв.
 
Хаан банк 
-“Бүх төрлийн зээлийн хүсэлт авна. Дараалал их байгаа учир хүлээлт байна” гэв. Зээл олгохдоо хуучин нөхцлөөр буюу нийслэлд 100, орон нутагт 40-60 сая төгрөгийн зээл олгож байгаа аж. Тус банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. Тухайлбал, Монголбанкнаас 116.8, өөрийн санхүүжилтээс 76.1 тэрбум буюу нийт 192.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ оны хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар санхүүжилт буурч нэг зээлийг найман сар хүрэтлх хугацаанд судалж олгоход хүрчээ.
 
Төрийн банк 
-“Энэ сарыг дуустал тэтгэвэр, хадгаламж барьцаалснаас бусад зээл олгохгүй” гэлээ.
 
Хас банк 
-“Зөвхөн манай банкны дансаар цалингаа авдаг харилцагчдад ипотекийн зээл олгож байна. Гэхдээ багадаа гурван сар судлаад, хариу өгч байна” гэлээ.
 
Голомт банк 
-Бүх төрлийн зээлийн хүсэлт авч байгаа. Орон сууцны метр квадратын үнэ хамгийн багадаа хоёр сая төгрөг байна. Тэгэхээр зээлийн эх үүсвэр, байрны үнээс хамаарч иргэдийн хүлээлт харилцан адилгүй. Эх үүсвэрээ хүлээгээд олголт удааширдаг талтай. Иргэд хамгийн багадаа гурван сар хүлээж байна” гэсэн юм.
 
 
Б.ДарьсүрэнЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийг он дуустал

А.Ананд: Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх

Ипотекийн зээлийн хүү буурч, үргэлжлүүлэн олгох уу

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт

58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Сэтгэгдэл бичих