УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.05/ Төрийн албаны зөвлөл/ТАЗ/-д ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эцсийн байдлаар төрийн албаны 4239 байгууллагад 226,496 төрийн албан хаагч ажиллаж байсан бол энэ оны хагас жилд 229,621 болжээ. Төрийн албанд ажиллагсдын тоо өссөн нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, насан туршийн боловсролын төв, орон нутагт худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсан, төрийн албанд өөрчлөлт орсонтой холбоотой гэж тус зөвлөлөөс мэдэгдлээ.
Мөн ТАЗ нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоо, халаа сэлгээ, сахилгын шийтгэл ногдуулсан байдалд хяналт тавин ажилладаг. Энэ хүрээнд 2019-2024 онд төрийн албанд дээрх чиглэлээр шалгалт хийхэд 2000 гаруй зөрчил илрүүлж, 1623 зөрчлийг холбогдох албан тушаалтнаар нь арилгуулсан байна. Харин 209 хууль бус шийдвэрийг ТАЗ хэлэлцэн, хүчингүй болгож, шүүхэд өгөн шийдвэрлүүлж буй аж.
Төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлөх, хууль бусаар томилсон зэрэг зөрчил гаргасан албан тушаалтан нь хуульд зааснаар тухайн хугацаанд гарсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ТАЗ 2019-2024 онд 3.5 тэрбумын нэхэмжлэхийг шүүхэд гаргахад 981 сая төгрөгийн шүүхийн шийдвэр гарчээ.Үүнээс 776.4 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Харин энэ оны долоон сарын байдлаар 471 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Хууль бус томилгоо, чөлөөлөлтөөс болж яамны нэг Төрийн нарийн бичгийн даргад 130 сая төгрөгийн өр төлбөр тавигдсан тохиолдол ч гарчээ. Энэ хэмжээний төлбөрийг хувиасаа төлөхөд амаргүй боловч хууль хэрэгжүүлэх хүрээнд төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж ТАЗ-ийн дарга мэдэгдлээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголын төрийн албанд дахин инженерчлэл хийх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд эрх зүйн шинэтгэл хийх чиглэлээр УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ахлан ажиллаж байна.
Засгийн газрын яам, агентлагаас эхлүүлээд орон нутгийн төвшинд төрийн алба өөрчлөгдөхөд дарга нь солигддог, доод албан тушаалтандаа дарамт шахалт үзүүлдэг. Сүүлийн үед надад хэд хэдэн гомдол ирлээ. Яамдын хэлтсийн даргаар ажиллаж байгаа хүмүүст дарамт үзүүлдэг. Өргөдлийг нь гаргуулдаг, чөлөөлдөг, оронд нь шаардлага хангаагүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог. Ийм хууль бус томилгоо, чөлөөлөлтөд ТАЗ бодитойгоор хяналт тавьдаг, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажлын байрны дарамт үүсгэж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг болох ёстой.
Орон нутаг, сумын төвшинд дээрх зөрчил гаарсан. Нэр бүхий аймгийн Засаг дарга нар үгэнд орсонгүй нэрээр төрийн албан хаагчийг барьж авч зодсон асуудал гарсан. Эхнэрт нь шаардлага тавьсан сумын Засаг даргыг нөхөр нь амь насанд нь халдахыг завдсан тохиолдол гарсан” гэлээ.
УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Төрийн албаны нэр хүнд унаж байгаа гурван шалтгаан бий. Суурь шалтгаан нь хууль зөрчсөн улстөржсөн томилгоо.
Хоёр дахь нь ёс суртахууны доройтол. Ёс суртахууны доройтлоос хүнд суртал авлига гарч байна. Гурав дахь асуудал нь хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаггүй.
ТАЗ 216 хүнд сахилгын шийтгэл ногдуулснаас нэг л хүнийг ажлаас чөлөөлсөн.ТАЗ гэдэг бол орон нутагт ч тэр нийслэлд ч тэр нэр хүндийн асуудал нь сул байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл бичих